Д.Дуламсүрэн: Хүүхдэд шударга ёсны үзлийг төлөвшүүлэхэд томчуудын оролцоо чухал

A- A A+
Д.Дуламсүрэн: Хүүхдэд шударга ёсны үзлийг төлөвшүүлэхэд томчуудын оролцоо чухал

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтыг зааж өгсөн байдаг. Энэхүү зорилтын хүрээнд хийгдэж буй ажлын тухай тодруулахаар АТГ-ын Үндэсний хөтөлбөрийн Ажлын албаны дарга эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Нийгмийг авлигын тухай ойлголтоос ангид байлгах, тэдэнд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэхэд хэн хэн оролцох ёстой вэ?

-Авлигын эсрэг хуульд төрийн байгууллага болон иргэн, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага гэх мэт бүх байгууллага тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Ялангуяа олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр тодорхой ажлыг үр дүнтэй зохион байгуулах үүргийг хуульчилсан байдаг. Гэхдээ АТГ-аас байгууллага бүрд үүрэг хүлээлгэсэн гээд хаях бус хамтран ажиллах, уялдаа холбоо бий болгох, олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулдаг. Тодруулбал төрийн албан хаагчдад зориулсан тодорхой ажлууд тогтмол хийгддэг. Харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд энэ чиглэлийн арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулагдах,мэдлэг мэдээллээр хангах тухайд дутагдалтай байдаг.

-Хүүхэд багачуудыг авлигаас урьдчилан сэргийлэх тухайд хэрхэн ажиллаж байна вэ?

-Хүүхэд багачууд, залуучууд, өсвөр үеийг авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёсны үзлийг бий болгох, төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Энэ ажлын хүрээнд Монголын Залуучуудын холбоо, Сурагчдын холбоо, Оюутны холбоо гэх мэт байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Улмаар тухайн бүлэгт чиглэсэн ямар хэлбэрийн ажил хийх тухай тус бүр төлөвлөн ажиллах боломж бүрдсэн.

-Энэ онд “Найзын яриа” гэсэн номтой болсон. Номын агуулга, чиглэл юу вэ?

-Бага насны хүүхдэд шударга ёсны үзэл хандлагыг бий болгох зорилго бүхий “Найзын яриа” гэсэн 10 контент бүхий ном гаргасан. Энэхүү ном нь хоёр хүүхдийн харилцан яриагаар бие биенийгээ сайн үйлдэл, зөв дадалд уриалах, үлгэрлэх, өөрийн хийж буй сайн үйлдээ татан оролцуулдаг байх ийм үзлийг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдол өгнө гэж дүгнэж байгаа. Хүүхэд хэдийгээр томчуудыг хараад “Шударга байх ёстой юм байна, үнэнээ хэлдэг байх ёстой юм байна” гэж бодох боловч үүнийг шууд тусгаж аваад амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг нь учир дутагдалтай. Иймд өөрийн үе тэнгийн хүүхдийн хэлж ярьж буй зүйлийг хүүхэд тусган авах нь хурдан, түүнээс үлгэрлэх нь их байдаг тул эдгээр номыг бэлтгэн гаргасан.

-Яагаад хүүхэд АТГ-ын анхаарах цэг мөн байх ёстой юм бэ?

-Гэмт хэргийг хийсэн, ашиг сонирхолын зөрчил гарсны дараа үндсэн шалтгааныг олж илрүүдэг. Гэхдээ ийм байдал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх нь чухал юм. Иймд ирээдүйн Монгол Улсын иргэн хүн авлигаас ангид байх үндэс суурийг өнөөдрөөс эхлэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл хүүхдийг багаас нь хуулийг сахин мөрддөг, шударга байх ёстой, ингэхийн тулд тодорхой зарчмуудыг баримталдаг, найзтайгаа харилцахдаа ийм алдаа гаргаж болохгүй зэрэг төлөвшилтийг суулгаж өгөх нь чухал юм.

-Тэгэхээр соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил нь хамт явагдаж байдаг гэж ойлгож болох уу?

-Тийм. Мэдлэг мэдээллийг түгээх, түүгээр дамжуулан соён гэгээрүүлэх ажил хийгдэж байгаа тохиолдолд үүний цаана урьдчилан сэргийлэх ажил мөн л хийгдэж байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн АТГ-аас энэ чиглэлийн бүх ажлыг хийж гүйцэтгэнэ гэж ойлгож болохгүй юм. Салбар салбарын бүх шатны байгууллага, нэгжүүд хамтран оролцдог байх нь чухал. Үүнийг тусгасан Монгол улсын төрийн бодлогын баримт бичиг бий. Үүнд шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, мөн авлигыг үл тэвчих үзлийн хүрээг тэлэхэд чиглэсэн олон ажлын зорилтыг дэвшүүлсэн байдаг. Гэр бүлийн гишүүн бүр хамааралтай гэж ойлгож болно.

-Бусад улс орны энэ чиглэлд хийсэн туршлагуудаас нэвтрүүлдэг үү?

-Авлигатай тэмцэх, үүнээс ангид байх тухай ойлголтыг бага насны хүүхдүүдэд төлөвшүүлэх хүүхэлдэйн кино, зурагт ном зэрэг нь түлхүү байдаг. Иймд бид энэ туршлагыг нэвтрүүлж хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа.

Хүүхдийн шударга байдлын түвшинг тогтоохдоо тусгайлсан 12 асуултад тухайн хүүхэд санал нийлж байгаа эсэхийг нь асууж, хариулт бүрийг 1-5 хүртэлх оноогоор үнэлж, үнэлгээний арифметик дунджаар гаргав. Хүүхдийн шударга байдлын түвшин нь хүүхдийн ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилт, хууль сахих, авлигыг үл тэвчих үзэл гэсэн дэд үзүүлэлтээс бүрддэг. Хүүхдийн шударга байдлын түвшин 1-д ойртох тусам шударга бус, харин 5-д ойртох тусам шударга гэж үзнэ.

-Хүүхдийн шударга байдлын тухай судалгаа хийгддэг. Анги ахих тусам хүүхдүүдийн шударга байдал буурч байгаа гэсэн дүн байсан. Энэ тухайд?

-Авлигатай тэмцэх газар жил бүр “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г хийдэг. Энэхүү судалгаагаар жил ирэх тусам Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурч буй үзүүлэлт гарч байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 0.06-аар буурсан байгаа. Уг судалгааны дүнд үндэслэн эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдтэйгээ шударга байх талаар ярилцах, шударга хандсаны төлөө сайшаан урамшуулах, шударга ёсны талаар зааж сургах, хүүхдэдээ анхаарал, халамжтай байх нь тэдний шударга байдалд эерэгээр нөлөөлдөг талаар социологичид дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүдийн оролцоо чухал гэдгийг онцолмоор байна.

Хүүхдийн шударга байдлын түвшинг аймаг, нийслэлээр тооцдог ба 2018 оны судалгааны үр дүнгээр 13 аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин буурсан байна. Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин 2015 оноос хойш эерэг хандлагатай байгаа бол Орхон, Ховд, Улаанбаатарын хүүхдийн шударга байдлын түвшин сүүлийн 4 удаагийн судалгааны үр дүнгээр буурч байна Судалгааны дүнгээс харахад хүүхдийн шударга байдлын түвшин нас ахин анги дэвших тутам буурч байгаагаас гадна эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдийнхээс доогуур байна. Мөн нийслэлийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин орон нутгийн хүүхдүүдийнхээс доогуур байдаг хандлага мөн энэ удаагийн судалгаанд илэрсэн байна.

-Танд баярлалаа.

 

Эх сурвалж