Иргэд авлигын тухай мэдээлэл өгөхөөс айж байна

A- A A+
Иргэд авлигын тухай мэдээлэл өгөхөөс айж байна

Авлига бол агаарын бохирдолтой адил бидэнд тулгамдсан асуудал. Авлигатай тэмцэхийн тулд нэн тэргүүнд мэдээлэгч буюу шүгэл үлээгчийг хамгаалах эрхзүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байгаа талаар өчигдөр Авлигатай тэмцэх газарт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд шүгэл үлээгчийг хамгаалах эрхзүйн орчинг бүрдүүлэх ямар хэрэгцээ шаардлага байгаа талаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ажилтан Б.Баярсайхан илтгэл тавьсан юм.

Б.Баярсайхан: Шүгэл үлээсэн хүн хохирогч болоод үлддэг эрхзүйн орчин байна

Тэрбээр, "Авлигатай бид яаж тэмцэх вэ гэвэл хамгийн түрүүнд мэдээлэл өгөх ёстой. Иргэд мэдээлэл өгөх ёстой гэдгийг мэддэг ч үүнээс гарах үр дагавраас айж байна. Дараа нь авахгүй, өгөхгүй байх сэтгэлгээг нийгэмд хэвшүүлэх хэрэгтэй" гэсэн юм. Мөн цаашлаад "Ардчилсан орнуудад амиа бодох хандлага их бий. Ийм амиа хичээсэн хүмүүсийн эсрэг нийтийн сайн сайхны төлөө дуугарах шаардлага бий болоод байна. Ийм хүмүүсийг шүгэл үлээгч, мэдээлэгч гэж нэрлэсэн. Улмаар нийтийн эрх ашгийн төлөө өөрийгөө золиослодог ийм хүмүүсийг хамгаалах хэрэгцээ, шаардлага байна. Өнөөдөр манай оронд ямар нэг албан тушаалтны тухай, авлигын тухай хэн нэгэн иргэн мэдээлэл тарааснаасаа болж албан тушаал буурдаг, ажлаасаа халагддаг жишиг бий. Цаашлаад тэдгээр хүмүүсийн амь нас, ар гэрт аюул заналхийлэх тохиолдол ч гардаг. Шүгэл үлээсэн хүн өөрөө хохирогч болоод дуусдаг эрхзүйн орчин байна гэсэн үг. Тэгэхээр эхний ээлжинд тэдний аюулгүй байдлыг бий болгох хэрэгтэй байна. Үүнээс гадна Олон улсын шинжээч нар манайд ирж, үнэлгээ дүгнэлт өгөхдөө шүгэл үлээгчийг хамгаалах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийг зөвлөдөг. Хамгийн сүүлд гэхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үнэлгээний багийн гишүүд ирээд гурван зөвлөмж өгсөн. Тухайлбал, нэгдүгээрт шүгэл үлээгчийг хамгаалах хууль эрхзүйн орчныг бүрдүүлье. Хоёрт, шүгэл үлээгчдийг хэрхэн хамгаалж байгаа талаар суурь бүртгэл, статистик бий болгоё. Иргэдийн дунд шүгэл үлээгчийг сурталчлах ажиллагааг хийх хэрэгтэй" гэсэн.

Монголчууд шүгэл үлээгч, мэдээлэгч гэхээр бууны нохой, матаач, адгийн шаар гэж ойлгох хандлага бий. Энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Цагаан захтнуудын гэмт хэргийг илрүүлэхээр өөрийгөө золиослоод явж байгаа ачтай буянтай хүмүүс байж болох юм гэдэг өнцгөөс хармаар байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт мэдээлэгч, шүгэл үлээгчийг хамгаалах эрхзүйн орчныг бий болгох тухай нэмэлт заалт орсон байгаа. Үүнийг хэрэгжүүлэх байгууллага нь хуульзүйн яам, АТГ, төрийн бус байгууллагууд байх юм" гэдгийг онцолж байлаа.

З.Баасанням: Бид мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх үүрэг хүлээсэн

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж, Улсын их хурлаар соёрхон баталсан. Тус конвенцийн 33 дугаар зүйлд “Мэдээлэгч улс бүр энэхүү конвенцид тодорхойлсон гэмт үйлдлийн талаарх аливаа баримт нотолгоог шударга ёсны үүднээс эрх бүхий байгууллагад үндэслэлтэй мэдээлэл өгсөн этгээдийг шударга бус хандлагаас хамгаалах зохих арга хэмжээг дотоодын эрх зүйн тогтолцоондоо нэвтрүүлэх асуудлыг авч үзнэ” гэж тунхагласан байдаг. Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх үүргийг мөн хүлээж байгаа юм. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Мэдээлэл өгч байгаа иргэн, сэтгүүлчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх”-ээр тусгасан бөгөөд энэ хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна" гэлээ.

О.Батбаяр: Монголчуудын 50 хувь нь авлигын талаар мэдээлэхэд бэлэн

Түүнчлэн энэ сэдвээр "Транспэрэнси интернэшнл" байгууллагаас иргэдийн дунд судалгаа явуулсан байна. Энэ талаар тус байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр ярихдаа “Манай улсын нийт иргэдийн 50 гаруй хувь нь авлигын талаар мэдээлэхэд бэлэн байна гэсэн. Энэ бол нэг талаар эерэг үзүүлэлт. Нөгөө талаар үлдсэн 50 хувь нь мэдээлэх боломжгүй байна гэдэг бол эрхзүйн орчин бүрдээгүй болохыг харуулж байгаа юм. Үүнийг төр, засаг бодлогоор, хууль тогтоомжоор зохицуулж өгөх шаардлагатай байна" гэв.

Б.Мөнхжаргал: Шүгэл үлээж байгаа хүн өс хонзонгийн сэдэл агуулаагүй байх ёстой

Харин шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Л.Болдын зөвлөх Б.Мөнхжаргал ингэж ярилаа. "Шүгэл үлээж байгаа хүн нэгдүгээрт, өс хонзонгийн сэдэл агуулаагүй байх ёстой. Хоёрдугаарт, ямар нэг төлбөр харамжгүйгээр мэдээлж байгаа хүнийг хэлнэ. Өнөөдрийн нөхцөлд шүгэл үлээж байгаа хүмүүсийг хамгаалах эрхзүйн зохицуулалт байхгүй учраас шууд хэвлэл мэдээллийн байгууллагад ханддаг. Гэтэл энэ нь эргээд бусдын нууц задалсан, бусдын нэр хүндэд халдсан гэх зэрэг эсрэгээр ашиглагдах тохиолдол их гарч байна. Энэ хуулийн төслийг бид 2014 онд санаачилж, УИХ-д өргөн барьсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй, УИХ хав дарсан байгаа юм. Харин өнөөдөр энэ хуулийг батлах шаардлага бий болоод байна. Хуулийн төсөл арван бүлэгтэй бөгөөд зургаан бүлэгт нь тухайн мэдээлэгчийг эрхзүйн бүрэн хэмжээний хамгаалалтад авах тухай тусгаж өгсөн байгаа. Мөн шүгэл үлээгчийг урамшуулдаг барууны жишгээс хуульд тусгаж өгөх хэрэгтэй байна. Гэхдээ өнөөдөр шүгэл үлээгч урамшуулал авах нь байтугай эрхээ хамгаалуулж чадахгүй байна. Тийм учраас энэ хуулийг цогцоор нь харж, засаж сайжруулж, Их хуралд ахин өргөн барих хэрэгтэй байна" гэсэн юм.

Мэдээлэгч, шүгэл үлээгчийг хамгаалахаас гадна урамшуулах хэрэгтэй гэв

Хэлэлцүүлгийн эцэст мэдээлэгч, шүгэл үлээгчийг хамгаалах асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгээс гарсан саналыг УИХ дахь Авлигын эсрэг бүлэг зэрэг эрх бүхий субъектэд хүргүүлэхээр тогтсон юм. Энэ талаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Нийтийн ашиг сонирхлын төлөө зүй бус үйлдлийг мэдээлж, шүгэл үлээхийг ардчилсан нийгэмд иргэний хүлээх ёстой үүрэг  гэж үздэг. Гэтэл Монгол Улсад зүй бус үйлдлийн талаар шүгэл үлээсэн иргэнийг хамгаалах механизм бүрдээгүйн улмаас үйлдэл, эс үйлдэхүйг мэдээлсний дараа гарах эрсдэлээс болгоомжлон иргэд мэдээлэл өгдөггүй, өгөхийг хүсдэг байдал ажиглагдаж байна.  Хэлэлцүүлгийн оролцогчид мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчин, зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Мөн зөвхөн мэдээлэгчийг хамгаалахаас гадна мэдээлэгчийг урамшуулах асуудлыг хамтад нь авч үзэж, шийдэх хэрэгтэй талаар санал гаргасан" гэв.

Б.Наранчимэг