Улсын ТӨСӨВ 10 их наяд, авлигачдын учруулсан ХОХИРОЛ 11.9 их наяд

A- A A+
Улсын ТӨСӨВ 10 их наяд, авлигачдын учруулсан ХОХИРОЛ 11.9 их наяд

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ оны нэгдүгээр сарын 14-ий өдөр Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөг давсан талаар мэдээлэл хийж, хэн хүнгүй л баярласан. Бүр төсөв 1.2 тэрбумын ашигтай гарч, гялайсан даа. Тэгвэл 2019 оны эхний хагаст Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Гэмт хэргийг улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан талаар АТГ-аас мэдээллээ. Энэ мөнгөөр юу хийж болох байсан талаар ч АТГ-ынхан постер хийж харуулсан. Тэгвэл 11.9 их наяд төгрөгийн хохирол учруулчихаад байгаа 834 хэргийн 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх, 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6.1 хувийг харяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж. Ерөнхийдөө мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байгаа аж.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 10.2 хувийг төрийн улс төрийн, 16.3 хувийг төрийн захиргааны, 24 хувийг төрийн тусгай, 9.9 хувийг төрийн үйлчилгээний, 12.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлжээ. Үндсэндээ авлигын хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 72.8 хувийг төрийн албан тушаалтан эзэлж байна. Тэгвэл энэ оны эхний хагас авлигын гэмт хэргийн улмаас учирсан 11.9 их наяд төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 саяыг нь нөхөн төлүүлсэн байна. Харин 129.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, автомашин, тоног төхөөрөмж болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. 11.9 их наядын хохирлоос ердөө 130 тэрбум буюу 1.3 ч хүрэхгүй хувийг нь эргэн төлүүлсэн гэсэн үг. Битүүмжилсэн хөрөнгийг яг төлсөн гэж тооцохгүй бол энэ хувь шууд 0.1 хувьд ч хүрэхгүй гэсэн үг.

11 жилд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөг байсан аж

Одоо нэг сонирхолтой тоо хэлье. 2007 онд АТГ байгуулагдсан. Түүнээс хойш өнгөрсөн жилийг хүртэл 11 жилд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөг байсан аж. Нэг их наяд хүрэхгүй төгрөг гэсэн үг. Гэтэл 2019 оны эхний хагаст 11.9 их наяд хүрлээ. Дахиад нэг сонирхолтой тоо байна. 2018 онд авлигын улмаас улсад учирсан хохирол 663.2 тэрбум төгрөг. 2017 онд болохоор 69.5 тэрбум төгрөгийн хохирлыг авлигын гэмт хэрэгтнүүд учруулж байж. Тэгэхээр 2018 онд авлигачдын учруулсан хохирол 2017 оныхоос 10 дахин өссөн. Түүнээс гадна, 11 жилийн хугацаанд авлигын улмаас улсад улсад 800 гаруй тэрбумын хохирлын 75 хувийг ердөө 2018 оны хохирол эзэлж байна. Үндсэндээ 2018, 2019 онд авлигын гэмт хэргээс учирсан хохирол 12.5 их наядад хүрчихэж.

АТГ-ын тайлангаас харахад л авлигын гэмт хэрэг, учирч байгаа хохирол 2018 онд өмнөх жилээс 10 дахин. 2019 онд өмнөх жилээс 20 дахин өссөн байна. Гэхдээ энэ жилийн 11.9 их наядын хохирлын талаар хэдэн тайлбар хийе. Энэ бол зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед л гарч ирсэн тоо юм. Тухайлбал, нэг гэмт хэргийн улмаас 100 тэрбумын хохирол учирсан гэсэн гомдол ирсэн гэж бодъё. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бол 100 тэрбумын хохиролтой хэрэг л гэж үзэж, шалгана. Эцсийн дүндээ шүүхийн шийдвэр гарахад 100 тэрбум биш 100 саяын хохирол учирчээ гэдэг нь тогтоогдож болно. Тэгэхээр хэргүүд шийдвэрлэгдэхэд 11.9 их наяд хэд ч болж буурах боломжтой.

Нөгөө талаар иргэд АТГ энэ хохирлыг төлүүлэх ёстой. Яагаад ердөө 130-хан тэрбумын хохирол барагдуулав гэж бухимдаж магадгүй. АТГ-ынхан эрх үүргийнхээ хэмжээнд л ажлаа хийж, барагдуулах боломжтойг нь барагдуулаад явж байгаа. Ихэнхий хэргийг шүүхээр шийдвэрлэж, эцсийн байдлаар хэн нэгнийг гэм буруутайг тогтоосны дараа учруулсан хохирлыг нь төлүүлэх, үйлдсэн хэргийнх нь төлөө шийтгэл оноох арга хэмжээ. Түүнээс өмнө хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж, чи улсад хохирол учруулсан нь ойлгомжтой, төл гэх эрх байхгүй.

Гол нь АТГ-ынхан ажлаа хийж байна. Үнэн бодит мэдээллийг гаргаж тавьж, албан тушаалтнууд энэ улсад ямар их хохирол учруулж байгааг ч ойлгууллаа. Гол нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд, төрийн албаныхан хэзээ ч авлига авснаа хүлээн зөвшөөрдөггүй. Албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэг маш удаан шийдэгддэг, гурван шатны шүүхээр ордог. Дээд шүүх шийдвэрээ гаргаад, авлига авсныг нь тогтоочихоод байхад. Бүр АТГ дүрсээр баталгаажуулаад, оймсондоо мөнгө нуусныг нь. Тавилгынхаа, паарныхаа араар мөнгөө хаясныг нь илрүүлчихээд байхад л “Би авлига аваагүй. Миний ард хэн нэгэн эрх мэдэлтэн байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад, би ажлаа өгөөд, зохих шийтгэлээ хүлээсэн байхад намайг цахимаар муулж, давхар яллаад байна” гэж яриад сууж байна.

Гишүүд нь бөөн бөөнөөр ЖДҮ авдаг. АТГ-аас шалгаад, прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгах хүсэлт тавихад хүртэл УИХ зөвшөөрдөггүй. Санал хураалт явуулаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гээд аваад үлддэг. 2018 онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 663 тэрбумд хүрэв. Энэ оны эхний хагасын байдлаар мөрдөн шалгах явцад яагаад 11.9 их наядын хохирол учирсан гэж гарав. “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд тавьсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан үйл явц, ЖДҮ, концесс гээд юу эсийг дурьдаж болох билээ.

2019 он дуусахад 11.9 их наядын хохирол хэд болж нэмэгдэхийг мэдэхгүй. Энэ эрчээрээ явбал хоёр дахин нэмэгдэж ч магадгүй. Үгүй бол нэг ч төгрөг нэмэгдэхгүй байж болно. Хэргүүдийг шийдвэрлээд, хохирол багасч бүр 1, 2 их наяд боллоо гэж бодъё. Тэгвэл ирэх жил Монгол Улс бүтээн байгуулалтад зориулж 2-3 их наяд төгрөг зарцуулна гэсэн шүү. Харьцуулаад бодоод үзэхгүй юу.

Эх сурвалж