Шилдэг илтгэлийн уралдаан зохион байгуулав

A- A A+
Шилдэг илтгэлийн уралдаан зохион байгуулав

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан залуу эрдэмтэн, судлаач, багш, оюутан, иргэд, төрийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинэ технологи, шинэлэг санааг нэвтрүүлэх, авлигын эсрэг санаачилгыг өрнүүлэх зорилгоор “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэвшилтэт аргыг нэвтрүүлэх нь” илтгэлийн уралдааныг 2019 оны 11-12 дугаар сард зохион байгуулав.

Уг уралдаанд нийт 44 илтгэл ирсэн ба илтгэл тус бүрийг шалгуур үзүүлэлтийн дагуу 5 шүүгч үнэлж, дүгнэсэн. Шүүгч бүр илтгэлүүдтэй танилцахаас өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс, урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу "Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл"-ийг бөглөж хувийн ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байхаа илэрхийлэн ажилласан.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх, төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх санаа дэвшүүлсэн байх, дэвшүүлсэн санаа нь хэрэгжих боломжтой, онол, арга зүйн үндэслэлтэй байх, дүгнэлт, шийдлийг тодорхой гаргасан байх, олон улсын туршлага судалсан байх, бичгийн шаардлага хангасан байх зэрэг шаардлага, уралдаан зорилгыг бүрэн хангасан бүтээл хараахан ирээгүй тул уг уралдаанд тэргүүн байрын шагнал олгохгүйгээр хоёр, гуравдугаар байрын шагнал олгохоор шийдвэрлэсэн.

Ингээд уралдааны хоёрдугаар байрт 85 оноогоор Сити их сургуулийн дэд профессор П.Мөнхтогтын "Хэрэглэгч төвтэй төр" илтгэл, гуравдугаар байрт иргэн С.Солонгын "Эрүүл мэндийн салбарын авлига, хээл хахууль" илтгэл шалгарлаа. Уралдааны шүүгчээр Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар, ажилтан комиссар Б.Тэрбиш, С.Галбадрах, А.Цэдэн-Иш, Тамгын хэлтсийн Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар ажилласан.