НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2000 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 55/61 тоот тогтоолд “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын Конвенциос тусдаа авлигын эсрэг олон улсын бие даасан эрх зүйн баримт бичиг боловсруулах нь чухал байгаа”-г дурдаж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэргэд авлигын эсрэг олон улсын баримт бичгийн төсөл боловсруулах түр хороог байгуулсан байна. Тус түр хороо нь 2002 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 7 удаа хэлэлцэж, зөвшилцөн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн төслийн эцсийн найруулгыг боловсруулсан. Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор Конвенцийг баталсан юм.
Конвенцид гарын үсэг зурах тухай олон улсын бага хурлыг 2003 оны 12 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Мексикийн Мерида хотноо зохион байгуулсан. Тус конвенцид 2018 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар дэлхийн 186 орон нэгдэн орж, 140 улс гарын үсэг зурсан байна.
Конвенц нь авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд чиглэсэн хэм хэмжээг тогтоосон 8 бүлэг, 71 зүйлтэй олон улсын эрх зүйн томоохон баримт бичиг юм. Үндсэн хэсгүүд нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрүүгийн эрх зүйн зохицуулалт /материаллаг болон хэрэгжүүлэх зохицуулалт/, иргэний эрх зүйн зохицуулалт, олон улсын хамтын ажиллагаа болон техникийн тусламж зэрэг юм.
Конвенцийн зорилго нь авлигаас илүү үр ашигтай бөгөөд үр дүнтэйгээр урьдчилан сэргийлж, тэмцэх арга хэмжээг дэмжиж, бэхжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлж, тэмцэх, тухайлбал хөрөнгө буцааж олгох талаар олон улсын хамтын ажиллагаа, техникийн туслалцааг хөгжүүлэх, хөнгөвчлөх, дэмжих болон төрийн хэрэг, төрийн эд хөрөнгийн шударга, хариуцлагатай, зохистой удирдлагыг дэмжихэд оршино.
Монгол Улс тус конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж (UN Doc.NoC.N.323.2005.TREATIES-11), 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан. (UN DocNoC.N.9.2006.TREATIES-1) Конвенцийг соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг 2006 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүргүүлж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Ингэснээр манай улс тухайн олон улсын гэрээг даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө албан ёсоор хүлээсэн билээ.
Улмаар 2011 онд Монгол Улс дахь тус конвенцийн 3, 4 дүгээр бүлгийн хэрэгжилтийн явцын талаар үнэлгээний тайлан гарч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ирүүлсэн. Тэгвэл 2020 онд Монгол Улс нь тус конвенцийн 2, 5 дугаар бүлгийн хэрэгжилтийг олон улсын шинжээчдээр үнэлүүлэх ажилд бэлтгэж байна.