СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГАД ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖ

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГАД ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.ТӨМӨРБААТАР ТАНАА

Зөвлөмж хүргүүлэх тухай

Авлигатай тэмцэх газрын иргэд, байгууллагаас гомдол, мэдээлэл хүлээн авах “110” тусгай дугаарын утсаар “Сонгинохайрхан дүүргийн хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар төрийн үйлчилгээ үзүүлэхдээ иргэдтэй зөв зохистой харьцдаггүй, шаардлагагүй бичиг баримт нэхдэг, өргөдөл, хүсэлтийг олон удаа бичүүлдэг, шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай өгдөггүй, ажлын цаг баримталдаггүй” гэх мэдээлэл удаа дараа ирсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тэдгээр мэдээллийн мөрөөр газар дээр нь ажиллахад дээрх нөхцөл байдал тогтоогдсон болно.  

Ёс зүйн зөрчил болон хүнд суртал үүсэх шалтгаан, нөхцөл нь  албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналтын механизм бүрдээгүй, иргэдтэй харьцах байгууллагын соёлыг мөрдөж хэвшээгүй, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд ажиллаж байгаа “Ёс зүйн зөвлөл” нь ёс зүйн дүрмийн зөрчил гаргаcан албан хаагчдын талаар гомдол мэдээлэл хүлээн авах механизм бүрдүүлээгүй, ёс зүйн зөрчилд хариуцлагын арга хэмжээг  авдаггүй, ёс зүйн дүрмийн талаар сургалт сурталчилгааны ажил зохион байгуулаагүй байна.

Иймд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнд сурталтай төрийн үйлчилгээ, ёс зүйн зөрчлийг таслан зогсоох, “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг чанд мөрдөж ажиллуулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн дагуу мэдээллийг олон нийтэд ил тод байршуулах, үйлчлүүлж буй иргэдээс үйлчилгээний чанар, хүртээмж, албан хаагчдын ёс зүйн хандлагын талаар санал асуулга тогтмол авч,  үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна.  

Зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6-д заасны дагуу хариуг 2020 оны 10 дугаар  сарын 23-ны өдөр ирүүлнэ үү.

ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА,
ЭРХЭЛСЭН КОМИССАР                                          З.БААСАННЯМ