АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙН 2020 ОНЫ ҮР ДҮН

A- A A+
АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСИЙН 2020 ОНЫ ҮР ДҮН

ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон боловсруулдаг улс орны төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийн 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарлалаа.

Авлигын төсөөллийн индекс нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин дэлхийн 180 гаруй орныг хамруулан АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгод байрлан үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалаар индексийг тооцон 0-100 онооны хооронд тодорхойлдог ба 0 оноо нь өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр юм. Судалгаанд оролцсон улс орнуудын гуравны хоёр нь 50-иас бага оноо авсан бөгөөд дунджаар 43 оноо авчээ. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой ижил оноотой боловч 5 байраар ухарсан үзүүлэлт болж байна.

Монгол Улсын индексийг тооцоход нийт 9 эх сурвалжийг ашигласан байна[1] Үүнээс АНУ-ын “Пи Ар Эс” группээс гаргадаг Эрсдэлийн үнэлгээ 6 оноогоор, Швейцарын “Ай Эм Ди” байгууллагын өрсөлдөх чадварын эмхтгэлийн үзэл бодлын судалгаа 4 оноогоор, Ардчиллын олон талт байдлын төслийн үнэлгээ 3 оноогоор тус тус өссөн бол Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс 3 оноогоор, “Глобал инсайт” байгууллагын Улс орнуудын эрсдэлийн түвшин 12 оноогоор тус тус буурчээ. Харин Дэлхийн эдийн засгийн форумын үзэл бодлын судалгаа, “Бертелсман сан” Шилжилтийн индекс, Дэлхийн банкны Улс орны бодлого, институцийн үнэлгээ, Эдийн засгийн мэдээллийн нэгжийн Улс орнуудын эрсдэлийн үнэлгээний оноо өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна. 

Дэлхийн улс орнуудын авсан онооны дундаж 43 байгаа нь өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна. Энэ оны судалгаагаар Дани 88, Шинэ Зеланд 88, Финлянд 85, Сингапур 85, Швед 85, Швейцар 85 оноотойгоор тус тус жагсаалтыг тэргүүлсэн бол Венесуел 15, Йемен 15, Сири 14, Сомали 12, Өмнөд Судан 12 оноотойгоор сүүлийн байрт орсон байна. Бүс нутгаар нь авч үзвэл Баруун Европ болон Европын холбооны улс орнууд хамгийн өндөр үзүүлэлттэй буюу дунджаар 66 оноотой, харин Африкийн Суб-Сахарын бүсийн орнууд дунджаар 32 оноо авсан нь бусад бүсээс хамгийн бага байна. 2012 оноос хойш Грек 14, Мьянмар 13 оноогоор тус тус өссөн үзүүлэлт нь хамгийн өндөр өсөлттэй бол, мөн хугацаанд Ливан 5, Малави 7, Босни ба Херцеговина Улсын үзүүлэлт 7 оноогоор тус тус буурсан нь хамгийн өндөр уналт байна.

Харин манай хойд хөрш ОХУ-ын хувьд 30 оноо авч 129-р байрт бичигдсэн нь өмнөх оныхоос 2 оноогоор нэмэгдэж, 8 байр урагшилсан, БНХАУ-ын хувьд 42 оноо авч 78-р байрт эрэмбэлэгдсэн нь өмнөх оныхоос 1 оноогоор нэмэгдэж, 2 байр урагшилсан үзүүлэлт болж байна.

Нэг. Үнэлгээ буурсан үзүүлэлт 

Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индексийн хувьд үнэлгээг олон нийтийн асуулга болон бүс нутгийн хувийн эрх зүй, эрүүгийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй болон эрүүл мэндийн салбарын өргөн мэдлэгтэй шинжээчдээс авсан асуумжийг үндэслэн боловсруулжээ. Асуулгад оролцогчдоос 53 асуулт асуух ба гүйцэтгэх засаглал, шүүх засаглал, хууль тогтоох засаглал, цэрэг цагдаа нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа хувийн сонирхлын үүднээс ашигладаг эсэх гэсэн 4 үндсэн бүлэгт хувааж боловсруулжээ.

Монгол Улс боломжит 100 оноо авахаас 33 авсан нь өмнөх оныхоос 3 оноогоор буурсан ба үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарсан.

"Глобал инсайт" байгууллага -Улс орнуудын эрсдэлийн түвшний үнэлгээгээр Монгол Улсын оноо хамгийн ихээр буюу 12 оноогоор буурч боломжит 100 онооноос 35 оноо авсан байна. Энэхүү байгууллага нь улс төр, эдийн засаг, хууль, татвар, аюулгүй байдал зэрэг 6 шалгуур үзүүлэлтээр үнэлдэг.

Шинжээчид салбар тус бүрт гар цайлгахаас эхлээд улс төрийн өндөр түвшний авлигын асуудлыг хүртэл хамруулан судалдаг. Уг үнэлгээг гаргахдаа аж ахуйн нэгжүүд бизнесээ үргэлжлүүлэх, гэрээ байгуулах зэрэгт хээл хахууль болон бусад авлигын асуудалтай тулгарах эрсдэлийг шинжээчдээр үнэлүүлдэг байна.

Бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулах ажиллагаанд авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна.

Хоёр. Эерэг өөрчлөлттэй үзүүлэлт

Монгол Улсын үнэлгээ нэмэгдсэн гурван эх сурвалж байна.

"Пи Ар Эс" групп - Эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улс боломжит 100 оноо авахаас 41 оноо авч өмнөх оныхоос 6 оноогоор нэмэгдсэн эерэг дүнтэй байна. Энэхүү байгууллага нь улс төрийн авлигын төсөөллийн индексийг үнэлдэг бөгөөд бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн түгээмэл авлигын хэлбэр нь экспорт, импортын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан төрийн албан хаагчид хахууль өгөхийг шаардах, татварын тооцоолол, цагдаагийн байгууллагын хамгаалалт болон зээл хэмээн зарлажээ. Үнэлгээг хийхэд тус улсын төрийн албаны ураг төрлийн холбоо, ажлын байрны захиалга, харилцан давуу байдал олгох, намын нууц санхүүжилт болон улс төр, бизнесийн сэжиг бүхий харилцаа холбооны мэдээллийг ашиглаж тус индексийг боловсруулсан байна.

Эрсдэлийн үнэлгээгээр манай улсын төрийн албан дахь садан төрлийн холбоо сүлбээ ашиглах байдал, хууль бус томилгоо, намын хууль бус санхүүжилт, аж ахуй нэгжид давуу байдал олгох зэрэг хууль бус үйл ажиллагаа буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Швейцарын “Ай Эм Ди” Бизнесийн сургуулийн Дэлхийн өрсөлдөх чадварын эмхэтгэлийн Үзэл бодлын судалгааны дүнгээр Монгол Улс боломжит 100 оноо авахаас 32 оноо авч өмнөх оныхоос 4 оноогоор өссөн байна. Тус байгууллага нь улс орны өрсөлдөх чадварыг 333 шалгуурыг шинжлэн судалсны үндсэнд боловсруулдаг бөгөөд 2020 онд 6000 гаруй бизнес эрхлэгчдийг судалгаанд хамруулж “Авлига болон хээл хахууль байдаг эсэх?” гэх асуумж авч 1-6 оноогоор үнэлсэн байна. Судалгааны дүнг өөрийн түнш 56 институцтэй хамтран боловсруулжээ.

Монгол Улсын бизнес эрхлэгчдээс авсан “Авлига болон хээл хахууль байдаг эсэх?” гэх асуумжийн хариу өмнөх оноос эерэг гарч, бизнес эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарах авлигын эрсдэл буурсан үзүүлэлттэй байна.

Ардчиллын олон талт байдлын төслийн 2020 оны судалгаагаар Монгол Улс боломжит 100 оноо авахаас 34 оноо авч өмнөх оныхоос 3 оноогоор өссөн байна. Тус байгууллагаас үнэлгээг боловсруулахад төрийн албаны авлигын индекс, гүйцэтгэх засаглалын авлигын индекс, хууль тогтоох засаглалын авлигын индекс болон шүүх засаглалын авлигын индексийн дунджаар тодорхойлсон байна. “Улс төрийн авлига хэр түгээмэл вэ?” гэсэн асуултад өгсөн хариултаар үнэлгээг боловсруулсан бөгөөд шинжээчид Монгол Улсын улс төрийн авлигын хэмжээ буурсан гэсэн эерэг үнэлгээ өгсөн.

Гурав. Өмнөх оноос өөрчлөгдөөгүй үзүүлэлт

Дэлхийн эдийн засгийн форумын Үзэл бодлын судалгааны 2020 оны дүнгээр Монгол Улс аливаа өөрчлөлтгүйгээр боломжит 100 оноо авахаас 28 оноо авсан байна. “Дэлхийн эдийн засгийн форум”-ын судалгааг тухайн улс орны бизнесийн салбарын өргөн мэдээлэлтэй түнш институцээрээ дамжуулан зохион байгуулсан байна. Шинжээчдээс дараах 2 асуулт асууж хариултыг үнэлэн дүнг гаргажээ. Үүнд:

(1-7 оноогоор үнэлнэ үү. 1 оноо нь маш их, 7 оноо нь хэзээ ч үгүй)

А. Танай улсад хувийн аж ахуйн нэгж нь дараах үйл ажиллагаанд холбогдуулан албан бус нэмэлт төлбөр эсхүл хахууль өгөх явдал хэр түгээмэл вэ?

  • Импорт, экспорт
  • Нийтийн аж ахуй
  • Татвар төлөлт
  • Худалдан авах ажиллагааны гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл авах
  • Шүүхийн шийдвэрийг өөрт ашигтай гаргуулах

Б. Танай улсад төсвийн хөрөнгийг авлигаас шалтгаалан компани, хувь хүнд шилжүүлэх явдал хэр түгээмэл вэ?

Бертелсман сангийн Шилжилтийн индексийн 2020 оны үнэлгээгээр Монгол Улс боломжит 100 оноо авахаас 37 оноо авч өмнөх оныхоос мөн өөрчлөлтгүй байна. Үнэлгээг хоёр шинжээч (тухайн улсын болон хоёрдогч улсын) өгсөн бөгөөд шинжээчид тухайн улсын статус болон менежментийн үзүүлэлтийг бичмэл болон тоон хэлбэрээр боловсруулдаг байна. Шинжээчдээс дараах 2 асуултын дагуу хариулт авч гарсан дүнг Авлигын төсөөллийн индекс гаргахад ашиглажээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан төрийн албан хаагчид ямар хэмжээгээр хариуцлага хүлээдэг вэ?

(1 оноо, хамгийн бага) Хууль зөрчиж авлигын гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагч ял шийтгэл хүлээдэггүй, олон нийт жигшдэггүй.

(10 оноо, хамгийн их) Хууль зөрчиж авлигын гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагч хатуу ял шийтгэл хүлээж, олон нийтийн анхааралд өртдөг.

Засгийн газар авлигатай ямар хэмжээнд тэмцэж байна вэ?

(1 оноо, хамгийн бага) Засгийн газар авлигыг хянах чадваргүй, шударга байдлын механизм байхгүй.

(10 оноо, хамгийн их) Засгийн газар авлигыг хянаж чаддаг, шударга байдлын үр дүнтэй механизм бүрдсэн.

Дэлхийн банкны Улс орны бодлого, институцийн үнэлгээгээр Монгол Улс 2020 онд боломжит 100 оноо авахаас 35 оноо авч, өмнөх оныхоос өөрчлөлтгүй гарсан байна.

Тус байгууллагаас улс орнуудын индексийг 16 шалгуур үзүүлэлтээр үнэлэх ба а. эдийн засгийн менежмент, б. төрийн албаны бүтэц зохион байгуулалтын бодлого, в. нийгмийн бүх нийтийн оролцоог хангасан, тэгш эрхийн бодлого, г. төрийн албаны менежмент, институт гэсэн 4 үндсэн бүлэгт хуваан шинжилдэг.

Уг үнэлгээг гаргахдаа шинжээчид (Дэлхийн банкны ажилтнуудаас) тухайн улсын ил тод байдал, хариуцлага, төрийн албан дахь авлига гэсэн 3 шалгуураар үнэлэх бөгөөд тус бүрт нь а. удирдах албан хаагчид байгууллагын үйл ажиллагаанд хариуцлага хүлээх байдал, төрийн албан хаагчид өөрсдийн үйл ажиллагаанд хариуцлага хүлээх байдал, б. иргэний нийгэм төрийн үйл ажиллагааны мэдээлэл авах боломжтой эсэх, в. төрийн бодлого боловсруулах ажиллагаанд хувийн ашиг нөлөөлдөг эсэх гэсэн шалгуураар хэмждэг байна.

Эдийн засгийн мэдээллийн нэгжийн Улс орнуудын эрсдэлийн үнэлгээгээр манай улс сүүлийн 4 жил дараалан боломжит 100 оноо авахаас 37 оноотой байгаа бөгөөд улс орнуудыг үнэлэхдээ Нью-Йорк, Хонконг, Бээжин, Шанхайд байрлах шинжээчид үнэлгээ гаргадаг байна. Тус байгууллагын шинжээчид дараах асуумжийн дагуу улс орны авлигын төсөөллийн индексийг боловсруулсан байна. Үүнд:

  • Төсвийн хуваарилалт, захиран зарцуулалтад тодорхой процесс, хариуцлагын тогтолцоо байгаа эсэх;
  • Төсвийн хөрөнгийг сайд, албан тушаалтнууд хувийн эсхүл улс намын улс төрийн зориулалтаар зарцуулдаг эсэх
  • Хариуцлага, хяналтгүй зарцуулах боломжтой тусгай сан байдаг эсэх
  • Төрийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах явдал байдаг эсэх
  • Мэргэжлийн төрийн албан хаагчид байдаг эсэх эсхүл ихэнх төрийн албан хаагчдыг засгийн газраас шууд томилдог эсэх
  • Төсвийн хөрөнгийн захиран зарцуулалтыг аудит хийх бие даасан байгууллага байдаг эсэх
  • Сайд, төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд хариуцлага хүлээлгэх хараат бус шүүх байдаг эсэх
  • Гэрээ байгуулах, давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх заншил байдаг эсэх болно.

Дөрөв. Бүс нутгийн үнэлгээ

Ази, номхон далайн бүс нутгийн улс орнуудын дундаж оноо боломжит 100 оноо авахаас 45 байна. Үүнээс Шинэ Зеланд 88, Сингапур 85, Австрали 77, Хонгконг 77 оноотойгоор жагсаалтыг тэргүүлсэн бол, Камбож 21, Афганистан 19, Хойд Солонгос 18 оноотойгоор жагсаалтын сүүлийн байрт орсон болно.

2012 оноос хойш Афганистан 11, Хятад 6, Балба 6, Мьянмар 13, Өмнөд Солонгос 6, Зүүн Тимор Улс нь 10 оноогоор тус тус өссөн үзүүлэлт нь хамгийн өндөр өсөлттэй байна. Харин Австрали улс 2012 оноос хойш 8 оноогоор, Монгол Улс 2015 оноос хойш 4 оноогоор буурсан үзүүлэлт нь бүс нутгийн хувьд хамгийн өндөр уналт болжээ.

Тав. Зөвлөмж

Өнгөрсөн жил Авлигын төсөөллийн индексэд хамгийн өндөр оноо авсан улс орнууд ч ялгаагүй шударга байдлын сорилттой нүүр тулгарч, ямар ч улс орон авлигаас ангид биш гэдгийг дахин баталлаа. Авлигыг бууруулж, ирээдүйд тулгарах хямралтай нүүр тулахад “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас дараах зөвлөмжийг улс орнуудад хүргүүлж байна2 Үүнд:

  • Нөөцийг нэн шаардлагатай хүмүүст хүргэх хүрээнд хяналт тавих эрх бүхий байгууллагыг бэхжүүлэх. Авлигатай тэмцэх байгууллага болон хяналт тавих эрх бүхий байгууллагыг хангалттай санхүүгийн нөөц бололцоогоор хангаж, бие даасан, хараат бус байдлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоог хангах.
  • Гэрээ байгуулах ажиллагааг нээлттэй, ил тод болгох. Ингэснээр хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцэж, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлж, зах зээлийн ханшаар худалдан авах ажиллагааг явуулах.
  • Ардчиллыг хамгаалж, харилцаа холбооны чөлөөт байдлыг хангах. Ингэснээр Засгийн газрыг буруутай үйл ажиллагаанд нь холбогдуулан хариуцлага тооцох бололцоог бий болгох.
  • Холбогдох мэдээллийг нийтэлж, мэдээлэл авах боломжийг баталгаажуулах. Ингэснээр олон нийт хялбар, хүртээмжтэй, шуурхай байдлаар шаардлагатай мэдээлэл авах боломжоор хангагдах болно.

[1] https://www.transparency.org/en/cpi/2020/results

[2] https://www.transparency.org/en/press/2020-corruption-perceptions-index-reveals-widespread-corruption-is-weakening-covid-19-response-threatening-global-recovery