Галт тэрэгний тасалбарт 110 дугаарын утасны сурталчилгаа байршуулав

A- A A+
Галт тэрэгний тасалбарт 110 дугаарын утасны сурталчилгаа байршуулав

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасан “Төрийн бус байгууллага, иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа, гаргасан санал, санаачилгыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах” чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийг татан оролцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвх санаачилгыг дэмжих зорилгоор “DM SKY” ХХК-тай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тус уулзалтаар Авлигатай тэмцэх газраас гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг иргэд, олон нийтэд танилцуулж сурталчлах. Энэ утсаар авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгадаг талаар иргэдэд түргэн шуурхай мэдээллийг хүргэх зорилгоор “DM SKY” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран  орон нутгийн дөчин найман чиглэлд зорчигчийн галт тэргээр зорчих иргэдэд очих галт тэрэгний тасалбарын гадна хавтас дээр 110 дугаарын утасны сурталчилгаа бүхий мэдээллийг байршуулан хамтран ажиллав.

Цаашид авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов.

Аливаа бизнес авлигаас ангид байх, нийгмийн баримжаатай үйл ажиллагаа явуулахад компанийн нийгмийн хариуцлагыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх нь чухал бөгөөд энэхүү цогц үйл ажиллагааны нэг бүрдэл хэсэг нь шударга үйл ажиллагаа, ил тод байдлыг хангах болон авлига, хээл хахуулиас ангид байх явдал юм хэмээн чухалчлан ярилцав. Нийгэмд шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулж байгаа “DM SKY” ХХК- ийн хамт олонд талархал илэрхийлье.