АНУ-ын сенатор Боб Менендез авлигын хэргийн шүүх хурлын үеэр эхнэрийгээ хөхний хорт хавдартай гэдгийг илчилжээ

A- A A+
АНУ-ын сенатор Боб Менендез авлигын хэргийн шүүх хурлын үеэр эхнэрийгээ хөхний хорт хавдартай гэдгийг илчилжээ

АНУ-ын сенатор Боб Менендезийг авлигын хэргээр шүүж байх явцад түүний өмгөөлөгч нар түүний эхнэрийг тус хэрэгт буруутгахыг оролдсон ба шүүх хурал болсон өдрийн маргааш Боб Менендез эхнэрийгээ хөхний хорт хавдартай болохыг илчилсэн байна.

Боб Менендезийг Египет, Катарын засгийн газарт болон Нью Жерсигийн бизнесменүүдэд тусалсныхаа төлөө хахууль авсан, тэр дундаа алтан гулдмай авсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Боб Менендезийн эхнэр Надине Менендез нь уг хэргийн хамсаатан боловч түүнийг тусад нь шүүнэ гэв. Шүүгдэгч талын хоёр хоёулаа Боб Менендезийн карьерт нөлөөлж байгаа уг хэргийг үгүйсгэж байгаа.

Ноён Менендез пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ түүний 57 настай эхнэр нь хөхний хорт хавдрын 3-р зэрэгтэй гэсэн оноштойгоор мастэктомын мэс засалд орно гэж хэлжээ.

Тэрээр хэлэхдээ хатагтай Менендез нь түүнээс өөрийнх нь эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар нийтэд илчлэхийг хүссэн гэв. Учир нь хатагтай Менендезийг хэвлэлийнхэн байнга дагаж, сэтгүүлчид асуултаар булдаг тул тэрээр эрүүл мэндийн байдлаа нийтэд дэлгэхийг хүсчээ.

“Мэдээж бид өвчний байдал хүндрэх асуудалд санаа зовж байна” гэж сенатор нэмж хэлжээ.

Түүний авлигын хэргийг тангарагтны шүүгчид хэлэлцэж байх үед Холбооны мөрдөх товчооны ажилтан хэлэхдээ Нью-Жерси мужийн Энглвуд Клиффс дэх Менендезийн гэрт хийсэн ажиллагаагаар олдсон бүх бэлэн мөнгийг тоолохын тулд нэмэлт хүч дуудах шаардлагатай болсон гэв.

Холбооны мөрдөх товчооны ажилтан Аристотелис Кугемитросын хэлснээр тэд нийтдээ 486,000 долларыг (383,000 фунт) бэлэн мөнгөөр хураан авсан ба эдгээр бэлэн мөнгөнүүдийг байшингийн эргэн тойрон, булан тохой бүрд янз бүрийн зүйлд чихэж хийсэн байжээ. Жишээлбэл Burberry цүнх, бор цаасан уут, шар гялгар уут, хүрэм, жижиг хар цүнх, Тимберландын гутал зэрэг.

Ноён Кугемитрос шүүхэд хэлэхдээ “Та бүгдийн гэрэл зургаас харж байгаачлан олдсон мөнгөн дэвсгэртүүдийг гараар тоолоход хэтэрхий их байсан” гэв.

Мөн 0.02 кг (1 oz) жинтэй 11 ширхэг “мини” алтан гулдмай, тус бүр 1 кг жинтэй хоёр ширхэг алтан гулдмайг хураан авсан ба тэдгээрийг шүүгчдийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Прокурорууд шүүх хурлын нээлтийн мэдэгдэлдээ 2006 оноос хойш сенатчаар ажиллаж байгаа ноён Менендезийг "хахууль авахын тулд ард түмнээсээ урвасан" гэж мэдэгджээ.

Түүний гэрээс олдсон бэлэн мөнгө болон алтан гулдмайг Египетийн албан тушаалтнууд Вашингтон дах улс төрийн ашиг сонирхлын зорилгоор бэлэглэсэн гэж тэд мэдэгджээ.

Прокурор Лара Померанц нь ноён Менендезийг энэ хэргийн хамсаатан Египет гаралтай Америк бизнесмен Ваэль Ханатай холбоотой эрүүгийн хэрэгт хөндлөнгөөс оролцож нөлөөснийхөө хариуд Мерседес Бенз машин авсан гэж буруутгасан.

Мөн хатагтай Менендезийг эдгээр хээл хахуулийн хэргүүдийн зуучлагч гэж буруутгаж байгаа юм.

Харин ноён Менендезийн өмгөөлөгч Ави Вайцман үйлчлүүлэгчээ авлига аваагүй, хууль зөрчөөгүй гэж мэдэгджээ. Тэрээр зарим алтан гулдмай нь хатагтай Менендезийнх байсан гэж нэмж хэлэв.

Шүүх хурлын үеэр ноён Вайцман бурууг сенаторын эхнэрт шилжүүлэхийг хичээж, түүний эхнэр нь түүнийг санхүүгийн нээлттэй бус байдалд байлгадаг байсан гэж хэлсэн ба хосууд тусдаа банкны данстай байсан гэв.

Ноён Менендезд бэлэн мөнгө, алтан гулдмай өгсөн хэрэгт буруутгагдаж буй хэргийн хамсаатнууд болох Ноён Хана болон Нью Жерсигийн үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч Фред Дайбес нар нь хатагтай Менендезийн олон жилийн дотны найзууд, мөн тэд дандаа хоорондоо бэлэг солилцдог байсан гэж тэдний өмгөөлөгч нар хэлжээ.

Ноён Ханагийн өмгөөлөгч Лоуренс Лустберг хэлэхдээ "Бэлэг болгоныг хахууль гэж битгий хэлээрэй" гэв.

Ноён Менендез Сенатын Гадаад харилцааны хороонд таван жил гаруй хугацаанд даргаар ажиллаж байх үедээ АНУ-ын гадаад бодлогод давамгай нөлөөлж байсан. Түүнийг яллагдагчаар татсаны дараа албан тушаалаас нь чөлөөлсөн.

Түүнийг хээл хахууль авсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг 16 гэмт хэрэгт буруутгаж байгаа бөгөөд хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хорих ялаар шийтгэгдэх юм.

Хатагтай Менендезийг хахууль, авлигын хэргээр долоодугаар сард шүүнэ.

 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada-69024893