Либери улсын сангийн сайд асанг баривчлах шүүхийн шийдвэр гарчээ

A- A A+
Либери улсын сангийн сайд асанг баривчлах шүүхийн шийдвэр гарчээ

Либери улсын сангийн сайд асан Самуэл Тве 500 сая долларын (389 сая фунт) авилгын хэрэгт холбогдож, түүнийг баривчлах шүүхийн шийдвэр гарчээ.

Самуэл Тве болон Ерөнхийлөгч асан Жорж Веагийн засгийн газарт ажилладаг байсан гэх дөрвөн албан тушаалтнууд нь ажиллаж байх хугацаандаа засгийн газраас хулгай хийсэн хэргээр буруутгагдаж байна.

Өмнө нь авлигын хэргээр АНУ-аас шийтгэл хүлээж байсан ноён Тве тус яллах дүгнэлтийг өөрт нь болон бусад албан тушаалтнуудын эсрэг явуулж буй "улс төрийн зорилготой ан" хэмээжээ.

Зургаан жилийн эрх мэдэл нь нэгдүгээр сард дуусгавар болсон Веагийн засгийн газар нь авлига болон санхүүгийн буруу менежменттэй холбоотой хэргүүдээс болж ихээхэн зовинолтой байдаг байв.

Ерөнхийлөгч Жосеф Боакай ажлаа хүлээж авахдаа авлигатай хатуу тэмцэнэ хэмээн амлаж байсан.

Өнгөрсөн даваа гарагт дээрх таван албан тушаалтнуудыг эдийн засгийг сүйтгэсэн, төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, гэмт хэргийн хуйвалдаан зохион байгуулсан болон бусад хэрэгт буруутгажээ. Үүний дараагаар Монровиа хотын шүүхээс тэднийг баривчлах шийдвэр гарав.

Тэдгээр хүмүүсийн гурав нь болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жефферсон Кармох, Улсын яллагч Ньенати Туан, Санхүүгийн тагнуулын газрын (“FIA”) нягтлан бодох бүртгэлийн дарга Мозес Купер нар батлан даалтад гарах боломжгүй байсан тул Либерийн төв шоронд саатуулагдаж байна.

Одоогоор тэдгээр албан тушаалтнууд болон тэдний хуулийн төлөөлөгчид уг хэргийн талаар одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Харин Ноён Тве болон “FIA”-гийн дарга асан Стэнли Форд нар одоог хүртэл баривчлагдаагүй ба цагдаа нар тэдний яг хаана байгааг мэдэхгүй байна.

Энэ хэрэг нь Экс сангийн сайдын авлигын хэрэгт буруутгагдаж байгаа анхны тохиолдол биш бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-аас түүнийг болон хоёр сенаторыг "хээл хахууль авах, санал болгох зэргээр албан тушаалаа урвуулан ашигласан" хэргээр шийтгэж байсан.

Ноён Тве энэ мэдээллийг тухайн үед үгүйсгэсэн бөгөөд даваа гаригт гарсан ялын дүгнэлтийн хариуд өөрийн Фейсбүүк хуудсандаа “Өнөөдөр миний эсрэг улс төрийн зорилготой ангуучлал эхэллээ, Сүүлийн зургаан жилийн хугацаанд би улс төрийн гол бай болж, худал хуурмаг буруутгалуудтай их тулгарсан.” хэмээжээ.

Ерөнхийлөгч Боакай өнгөрсөн нэгдүгээр сард сонгуульд ялалт байгуулсны дараа албан тушаалдаа томилогдож авлигатай тэмцэхийн тулд хөрөнгөө мэдүүлж, ерөнхийлөгчийн тамгын газарт аудит хийхийг тушаажээ. Үүний үр дүн нь хараахан гараагүй байгаа ба тэрээр Аудитын ерөнхий хороо болон Авлигатай тэмцэх хороог чадавхижуулан ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/crg4vkek740o