Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.02.09-15/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.02.09-15/
  1. Монгол: Хувийн салбар дахь авлигын төсөөллийн судалгаа. Азийн сангийн захиалгаар “Хувийн салбарын авлигын төсөөллийн судалгаа”-г “Сант марал сан” ТББ зохион байгуулж явууллаа. Уг судалгаагаар Монгол улс дахь авлигыг хязгаарлахад томоохон алхам хийх шаардлагатай байгаа нь тогтоогджээ. Судалгааны үр дүнгээр томоохон бизнес эрхлэгчдийн 17 гаруй хувь нь үйл ажиллагаа явуулах нийт цагийнхаа 50 гаруй хувийг лицензээ шинэчлэх, шинээр авах, байгаль орчны тогтворгүй эрх зүйн зохицуулалттай холбоотой үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Мөн түүнчлэн бизнес эрхлэгчдийн 11 хувь нь дээрх саадыг даван туулахын тулд өөрийн компанийн нөөцийн 25 хувийг ашигладаг байна. Нийт бизнес эрхлэгчдийн 75 хувь нь төрийн байгууллагын худалдан авах үйл ажиллагаа болон тэдгээртэй гэрээ хийхэд “байнга”, “ихэнхдээ” авлига өгдөг гэж хариулжээ. Эдгээрээс барилгын салбар нь авлига хамгийн их тархсан салбар болжээ.
  2. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны тайлан: Бүх афганчуудын хагас нь 2012 онд хээл хахууль өгчээ . НҮБ-ын судалгаагаар Афганистан улс дахь авлигын зардал огцом өсчээ. Нийт иргэдийн тал хувь нь 2012 онд төрийн албан хаагчдад хээл хахууль өгчээ. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Афганистаны Авлигын эсрэг байгууллагын хамтарч явуулсан энэ судалгаагаар авлигын зардал 2009 оныхтой харьцуулахад 40 хувь өсч, 2012 онд 3,9 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ 2012 онд афган иргэдийн төлсөн хээл хахуулийн хэмжээ нь Афганистаны дотоодын орлогыг хоёр дахин нэмсэнтэй, эсвэл Токиогийн амлалт “Өнгөрсөн жил Япон улсад болсон хандивлагчдын зөвлөгөөнөөр 16 тэрбум ам.доллар хандивлагчдаас амласан”-ы дөрөвний нэгтэй тэнцүү байжээ.
  3. Авлигын эсрэг номын нээлт Вашингтон хотод боллоо. Дэлхийн санхүүгийн шударга байдлын байгууллага /Global Financial Integrity/-аас 2 дугаар сарын 13-ны өдөр, “авлига, хөгжил болон ардчилал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, номын нээлт хийлээ. Энэ арга хэмжээ нь Вашингтон хотноо олон нийтэд нээлттэй /бүртгүүлснээр/ зохион байгуулагдсан болно. Дэлхийн авлига /Global Corruption/ номын зохиогч Laurence Cockcroft нь сүүлийн 20 гаруй жил авлигын эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугаманд ажиллаж байсан бөгөөд “TI” байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг Англи дахь салбарын захирал, удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүн юм. Авлига нь хөгжиж буй олон улс оронд /ялангуяа суурь үйлчилгээ буюу боловсрол, эрүүл мэндийн салбарт/ ядуурлын өндөр түвшинд байгаагийн түлхүүр хүчин зүйл юм. Мөн түүнчлэн авлига нь Африк, Өмнөд Азид бий болж буй эдийн засгийн өсөлт тэдгээр улсын хүн амын ихэнх хэсгийн амжиргаанд яагаад нөлөөлөхгүй байгаагийн үндсэн шалтгаан юм. Энэ номонд хүйтэн дайны 50 жилийн дараах авлига дахь олон улсын сонирхол, олон улсын бодлого боловсруулагчдын авч хэрэгжүүлж байсан авлигыг хязгаарлах оролдлого зэргийг харуулсан. Cockcroft энэ номондоо 1990-ээд оноос хойших авлигатай тэмцэх үйл ажиллагааны хандлага, хүрсэн амжилтын талаар бичсэн бөгөөд мөн түүнчлэн дэлхий нийтийн авлигын эсрэг арга хэмжээ болон өнөөгийн оролдлого ба орчин үед дэх мөнгө, эрх мэдэл, ёс зүй нь хүрээнд үүсч буй авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд учирч буй бэрхшээлийн талаар авч үзсэн байна.
  4. НҮБ авлигыг зогсоох үйл ажиллагаанд хувийн салбартай хамт. Цахим боловсролын хамтарсан хуудсыг НҮБ-ын Дэлхийн гэрээ болон НҮБ-ын Хар тамхи, гэмт хэргийн байгууллагын хамтран ажиллуулж байгаа билээ. Энэ хуудаснаа НҮБ-ын Авлигын эсрэг конвенц болон НҮБ-ын Дэлхийн Гэрээний /Global Compact/ 10 дахь зарчмыг ойлгуулах, түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор хувийн салбарт зориулсан 6 интерактив модуль боловсруулсан юм. Эдгээр модуль нь хувийн салбарт ажиллаж байгаа хүн бүрт зориулсан болно. Хурдан, үр бүтээлтэй суралцахад зориулан модуль бүр нь зөвхөн 5 минутын хугацаатай юм. Уг цахим боловсролын хуудсанд 2012 оны 2 дугаар сараас хойш 24 мянган хүн элсэж орсон байна. Сургалтын Франц хувилбар саяхан бэлэн болсон бөгөөд НҮБ-ын бусад хэл болон Португал, Герман, Солонгос хэл дээрх хувилбар нь удахгүй гарна. Цахим боловсролын хуудас: http://thefightagainstcorruption.unodc.org