Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.03.30-04.07/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.03.30-04.07/
1. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн мониторинг сэдвээр Вашингтоны Хуулийн коллеж зуны сургалт зарлаж байна. АНУ-ын Вашингтон хотын Хуулийн коллеж “НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн үнэлгээ, шинэчлэл” сэдвээр зуны сургалтыг 2013 оны 6 дугаар сарын 24-28-ны хооронд зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд нэгдүгээрт, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн үндсэн онцлогийн талаар хоёрдугаарт, сургалтад оролцогчдыг Конвенцийн үнэлгээг хийхэд бэлтгэх зорилготой юм. Сургалтад сонирхсон хүн бүр оролцох боломжтой бөгөөд нэмэлт мэдээлэл (анкет, зардал г.м.)-ийн талаар Nancy (boswell@american.edu)–тай холбогдоно уу.

2. Солонгосын өндөр албан тушаалтнуудын хөрөнгө өссөн байна. Солонгосын албан ёсны мэдээгээр, тус улсын парламентын гишүүд болон Засгийн газрын өндөр албан тушаалтай 10 хүн тутмын 7-гийн хөрөнгө өнгөрсөн оныхоос өсчээ. Солонгос Улсын өндөр албан тушаалтан болон хууль тогтоогчдын мэдүүлгээр тэдний 72 орчим хувийнх нь хөрөнгө 2012 онд өмнөх оныхоос өссөн байна. Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн албаны ахлах түвшний албан хаагчид, Үндэсний ассамблейн гишүүд зэрэг 2387 хүн өнгөрсөн оны хөрөнгөө мэдүүлэх ёстой байдаг. Ассамблейн 296 гишүүний 212 нь хөрөнгөө мэдүүлсэн бөгөөд тэдний баялаг өмнөх оныхоос өссөн байна. Жагсаалтын тэргүүнд эрх барих Saenuri намын гишүүн Chung Mong-joon 1.92 их наяд вон (US$1.72 тэрбум)-той бичигдэж байгаа ч түүний хөрөнгө 2011 оныхоос 97.9 тэрбум воноор буурсан байна.

Мөн 158 ахлах түвшний шүүгчдийн дундаж хөрөнгө 2.19 тэрбум вон байсан бөгөөд тэдгээрийн гуравны хоёр нь 1 тэрбум воноос илүү хөрөнгө эзэмшиж байна гэж тус тайланд дурджээ. Шүүгчдийн ёс зүйн хорооноос “Үндсэн хуулийн шүүхийн 9 шүүгчээс 8 шүүгч нь 1.6 тэрбум вонын дундаж хөрөнгөтэй байна” гэж мэдээллээ.
Эх сурвалж: http://www.asiaone.com/News/AsiaOne%2BNews/Asia/Story/A1Story20130331-412501.html

3. Папуа Шинэ Гвиней Улсын сайд Arore авлига, хээл хахуулийн хэргээр баривчлагдлаа. Папуа Шинэ Гвиней Улсын Дээд боловсрол, судалгаа, шинжлэх ухаан, технологийн сайд David Arore өнгөрсөн оны сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой авлига, хээл хахуулийн хэргээр буруутгагдан баривчлагдав. Цагдаагийн дарга Victor Isouve хэлэхдээ “Хойд бүсийн Ijivitari болон Sohe-ны сонгуулийн тойрогт албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр түүний буруутган баривчилсан” гэжээ.
Эх сурвалж: http://www.islandsbusiness.com/news/papua-new-guinea/663/png-mp-arore-arrested-for-bribery-and-corruption/

4. Афганистаны худалдаачдын хэлж буйгаар хөрөнгө оруулалтын үндсэн саад бол авлига юм. Афган худалдаачид Афганистан Улс гол хөрөнгө оруулагчдаа цаашид алдсаар байх болно гэжээ. Учир нь тус улсад өргөн тархсан авлига болон өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх талаар Засгийн газрын үйл ажиллагаа дутмаг байгаа юм.
Афган худалдаачин Mahmood Karzai хэлэхдээ өргөн тархсан авлига, төрийн байгууллага дахь хүнд суртал, түүний эсрэг явуулж буй Засгийн газрын үйл ажиллагаа дутмаг байдалтай холбоотойгоор Афганистаны Засгийн газар сүүлийн 11 жилийн хугацаанд томоохон хөрөнгө оруулагчдаа аль хэдийн алдсан гэжээ.

Мөн Хяналт, Авлигын эсрэг дээд байгууллагын мэдээлснээр тус улсын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын өмнө тулгарч буй хамгийн том саад бол авлига гэж тодорхойлжээ. Тус байгууллагын дарга Azizullah Lodin хэлэхдээ “Афганистан Улсад авлигын түвшин өндөр байгаа цагт хэн хөрөнгө оруулахыг сонирхох вэ? Хэн ч хөрөнгөө алдахгүй хүсэхгүй. Хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөө Афганистанаас гаргах болно” гэжээ.
Эх сурвалж: http://tolonews.com/en/business/9720-corruption-poses-major-challenge-for-investment-traders

5. Транспэрэнси Интернэшнл Мальдив байгууллагаас “өмнө нь хийгдэж байгаагүй” сонгуулийн өмнөх үнэлгээ хийлээ. Транспэрэнси Интернэшнл Мальдив (ТМ) байгууллагаас улс төрийн орчин, сонгуулийн зохион байгуулалт, нийгэм-эдийн засгийн асуудлуудын Мальдивын сонгуульд үзүүлэх нөлөөллийн талаарх сонгуулийн өмнөх үнэлгээг хийгээд байна.
Энэхүү үнэлгээ нь өргөн хүрээг хамарсан бөгөөд энэ төрлийн үнэлгээг Мальдивт өмнө нь хийж байгаагүй юм.
Үнэлгээний зорилго нь:
  • Сонгуулийн асуудал, ялангуяа, улс төрийн санхүүжилтийн ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, сонгуулийн зохион байгуулалтын ил тод байдлын хэлэлцүүлгийг нэмэгдүүлэх
  • Судалгааны үр дүнгээс зөвлөмж боловсруулах
  • Ардчиллыг дэмжих хүрээнд засаглалын болон ил тод байдлын талаарх суурь мэдлэгийг олгоход чиглэгдэж байлаа.
Судалгааны дүгнэлтээр энэ оны сүүлээр тус улсад болох ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулахын тулд өнөөгийн улс төрийн системийн ил тод байдал, мөн түүнчлэн холбогдох байгууллага, тэдгээрийн үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Энэхүү үнэлгээг сонгуульд оролцогч талуудыг хамруулсан ярилцлага, фокус бүлгийн хэлэлцүүлэгт тулгуурлан хийсэн юм. Үнэлгээний тайлантай вэб сайт /http://transparency.mv /-аас танилцана уу.
Эх сурвалж: http://transparency.mv/immediate-steps-needed-to-increase-trust-in-institutions-political-system-ahead-of-presidential-elections-tms-pre-election-assessment-concludes/

6. Кувейтийн парламентийн гишүүд мөнгө угаах болон террорист бүлэглэлийн санхүүжилтийн эсрэг хууль баталлаа. Өнгөрөгч Мягмар гарагт Кувейтийн парламентаас хууль зөрчсөн этгээдийг 20 жил хүртэлх хугацаагаар шоронд хорих санкцитай мөнгө угаах болон террорист бүлэглэлийн санхүүжилтийн эсрэг хуулийг баталлаа. Тус хуулийн төслийг батлахыг 45 гишүүн дэмжиж, 5 гишүүн татгалзав. Газрын тосны булангийн энэ улсын төрийн тэргүүн хуульд гарын үсэг зурснаар мөрдөгдөж эхэллээ.
Террорист байгууллагыг санхүүжүүлсэн этгээдийг 15 хүртэлх жилийн шоронд хорих, нэмэлтээр санхүүжүүлсэн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгохоор уг хуульд заажээ.

Мөн энэ хуульд заахдаа хууль зөрчигч нь зохион байгуулалттай эсвэл террорист бүлэг эсвэл төрийн бус байгууллагаас оролцсон мөнгө угаах гэмт хэрэгт 20 жил хүртэлх хугацаагаар шоронд хорихоор заасан байна.
Мөнгө угаахын эсрэг 12 жилийн өмнө батлагдсан хуулийг шинэчлэн гаргаж байгаа энэ удаагийн хуульд дээрх гэмт хэрэгтэй холбоотой бүх сангуудыг улсын мэдэлд шилжүүлэх талаарх заалтыг мөн тусгасан байна.
Эх сурвалж: http://www.globalpost.com/dispatch/news/afp/130402/kuwait-mps-pass-anti-money-laundering-terror-funding-law

7. Оффшор дансанд мөнгөө нуусан баячуудын нууц мэдээллийн задруулав. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Олон улсын консорциумоос “Guardian” агентлаг болон бусад олон улсын хэвлэлийн байгууллагуудтай хамтран Дэлхийн өнцөг булан бүрд нэрээ нууцлан “British Virgin Islands”-д бүртгүүлэн хөрөнгө эзэмшиж буй хүмүүсийн мэдээллийг олон нийтэд илчилснээр Британийн оффшор санхүүгийн салбарын нууц задарч, дэлхий дахиныг донсолгож байна. Тухайлбал, Францын ерөнхийлөгч Franзois Hollande–ийн 2012 оны сонгуулийн компанит ажлыг хариуцаж байсан Jean-Jacques Augier-ийн нууц данс, Монголын Сангийн сайдын "Legend Plus Capital" компанийн нууц данс, Азербайжаны ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн гишүүдийн компанийн данс, Оросын шадар сайд Igor Shuvalov –ийн эхнэрийн нууц хөрөнгө, Канадын сенатын нөхөр, хуульч Tony Merchant хадгаламж, Филиппиний дарангуйлагч Ferdinand Marcos-ийн охины данс, Испанийн баян, урлагийн бүтээл цуглуулагч Baroness Carmen Thyssen-Bornemisza-ийн нууц компани зэрэг олон хүний мэдээллийг нийтэд дэлгэсэн байна.

Мөн 2012 онд “WikiLeaks” сайт АНУ-ын цэргийн үйл ажиллагаа болон дипломат материал агуулсан 2 гигабайт материалыг дэлгэснээр шуугиан дэгдээж байсан юм.

Guardian сайтад мэдээлснээр Монголын тэргүүлэх улс төрч С.Баярцогт нь Оффшор компани болон Швейцарын банк дахь 1 сая долларын хэргийнхээ дараа Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд мэдээлэхдээ “Би тэр дансыг нээх ёсгүй байсан юм. Мэдүүлэгтээ энэ компанийнхаа нэрийг оруулах ёстой байсан юм” гэжээ. Мөн нэмж хэлэхдээ “Би өөрийнхөө нэр хүнддээ санаа зовохгүй байна. Харин гэр бүлийнхэндээ санаа зовж байна. Албан тушаалаасаа огцрох хэрэгтэй байх” гэжээ.
Эх сурвалж: http://www.guardian.co.uk/uk/2013/apr/03/offshore-secrets-offshore-tax-haven

8. Солонгос, Вьетнам улсууд авлигатай тэмцэх гэрээнд гарын үсэг зурав. Вьетнамын Засгийн газрын хянан шалгах байгууллага болон Солонгосын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хороо авлигатай тэмцэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Сөүл хотод харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Харилцан ойлголцлолын санамж бичигт Солонгосын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооны ерөнхийлөгч Lee Sung-ho гарын үсэг зурсан бөгөөд Вьетнамын Хянан шалгах байгууллагын дарга Huynh Phong Tranh 3 дугаар сарын 25-29-ний хооронд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийх үеэр боллоо.

Талууд авлигатай тэмцэх бодлого, боловсон хүчний чадавх, иргэний гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх, судалгаа шинжилгээ зэрэг ажилд харилцан туршлага солилцох нь чухал гэдэгт санал нэгдсэн байна.
Эх сурвалж: http://english.vov.vn/Politics/RoK-Vietnam-sign-anticorruption-pact/256774.vov

9. Бразил Улс экс ерөнхийлөгч Lula-г шалгаж байна. Анх удаагаа Бразилийн прокурорын байгууллага ерөнхийлөгч асан Luiz Inacio Lula da Silva-г авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Түүнийг хамтрагч намуудад улс төрийн дэмжлэг үзүүлэх зорилгоор олон нийтийн сангаас хууль бусаар санхүүжилт олгох “хууль бус схем”-ийн хэрэгт оролцсон гэж буруутгаж байгаа юм.

Энэхүү авлигын хэрэгт холбогдон 40 жилийн ял сонсоод буй бизнесмен Marcos Valerio өнгөрөгч 9 дүгээр сард прокурорт хэлэхдээ экс ерөнхийлөгч тэрхүү схем болон үүнээс олж байгаа мөнгөний талаар мэдэж байсан гэж хэлсэн юм. Ноён Marcos Valerio нь Lula-гийн “Ажилчдын нам”-тай хамтарч ажилладаг байсан бөгөөд тэрээр авлигын хэрэгт холбоотой түүнд ногдуулсан 40 жилийн ялыг бууруулахын тулд энэхүү мэдүүлгийг өгсөн юм.
Эх сурвалж: http://www.bbc.co.uk/news/world-latin-america-22055361