Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.04.29-05.05/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.04.29-05.05/
1. Шинэ ном: “Иргэд авлигын эсрэг-тэргүүн шугамын тайлан”. Сүүлийн арав гаруй жил “The Partnership for Transparency Fund (PTF)”-аас авлигыг бууруулахын тулд хөгжиж буй улс орнуудад 200 гаруй төсөлд санхүүгийн болон зөвлөхийн үйлчилгээ үзүүлж ажилласан байна.
Энэ удаа, PTF-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд сангийн анхны ерөнхийлөгч Pierre Landell-Mills-ийн шинэ ном гарсан байна. Тэрбээр уг номноо олон мянган ядуу хүмүүсийн суурь болон иргэний эрхийг хамгаалахын төлөө ажиллаж буй иргэний нийгмийн байгууллага; Ази, Африк, Латин Америк болон Төв, зүүн Европын улс орнуудад хэрэгжиж буй төслүүдийн талаар; мөн түүнчлэн эдгээр бүс нутаг дахь авлигатай тэмцэх үйл ажиллагаандаа өөрсдийн давуу талаа хэрхэн ашиглах тухай түлхүүр сургамжийг тодорхойлсон байна. Номын өмнөх үгийг Транспэрэнси Интернэшнл байгууллагын үүсгэн байгуулагч Peter Eigen бичсэн бөгөөд номыг www.amazon.com болон www.amazon.co.uk–оос авах боломжтой юм. Номын тухай дэлгэрэнгүйг http://ptfund.org/2013/04/new-book-citizens-against-corruption-report-from-the-frontline/ -аас үзнэ үү.

2. Шударга байдлыг илүүд үзжээ. Судалгаагаар, Индонез залуучуудын 78 хувь нь шударга байдал бол баялгаас илүү чухал гэж үзжээ. Транспэрэнси Интернэшнл Индонез (ТИИ) байгууллагаас энэ пүрэв гарагт “Залуучуудын шударга байдал 2012” судалгааны үр дүнг танилцууллаа. Уг судалгаанд 16-30 насны 2000 залуучуудыг хамруулан, өнгөрсөн жилийн 7-12 дугаар сарын хооронд зохион байгуулж явуулсан юм.
“Судалгааны дүнгээр авлигын эсрэг үйл ажиллагаанд залуучуудын оролцоо чухал байна. Судалгаанд оролцогчдын 78 хувь нь баян болохоос илүүтэйгээр шударга байхыг эрхэмлэн үзжээ мөн түүнчлэн 68 хувь нь шударгаар ажилласан хүн амжилтад хүрнэ гэдэгт итгэж байлаа” гэж судалгааны зохион байгуулагч Lia Toriana хэлжээ.
Судалгаанд оролцогчдын 62 хувь нь авлигын эсрэг үйл ажиллагаанд залуучуудын оролцоо чухал гэж үзсэн байна.
Lia хэлэхдээ судалгаанд оролцсон зарим залуучууд авлигын нөхцөл байдалтай нүүр тулахдаа ёс суртахууны буруу эсвэл эргэлзэх шинжтэй хариултыг сонгосон байсан. Судалгаанд оролцогчдын 30 орчим хувь нь найз болон гэр бүлийнхээ шаардлагаар нийтийн эрх ашгийг зөрчих үйлдлийг байж болох зүйл гэж үзсэн байна.
Судалгаагаар авлигын гэмт хэрэгтэй санамсаргүй нүүр тулсан тохиолдолд залуучуудын 47 хувь нь “миний асуудал биш” хэмээн мэдэгдэхгүй гэж хариулсан байна.
ТИИ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Dadang Trisasongko хэлэхдээ “Индонезийн залуучуудад үлгэр жишээ байдал дутагдалтай байна. Бодит амьдралд олон залуу улс төрчид авлигын хэрэгт хутгалдаж байна. Энэ судалгаа Индонез улсын авлигын системд шударга байх ямар хэцүү болохын дүр төрхийг харууллаа” гэжээ.
Өнөөгийн байдлаар, 33 настай татварын ажилтан байсан Gayus Tambunan бол авлигын хэрэгт хутгалдсан олон залуу ажилчдын нэг юм. Тэрбээр баривчлагдахаасаа өмнө сард 9 сая Индонез рупигийн цалинтай атал дунд шатны татварын байцаагч хүний хувьд 100 тэрбум гаруй индонез рупи (11.2 сая доллар) цуглуулсан байсан юм. Тэрбээр 28 жилийг шоронд өнгөрөхөөр хоригдож байгаа юм. Залуучуудын тухай өөр нэгэн жишээ гэвэл, хууль тогтоогч 34 настай Muhammad Nazaruddin хээл хахуулийн хэргээр 8 жил шоронд хоригдож байгаа бол түүний эхнэр 31 настай Neneng Sri Wahyuni нь мөн өөр хээл хахуулийн хэргээр 8 жилийн ял авсан зэргийг дурдаж болох юм.
Эх сурвалж: http://www.thejakartaglobe.com/news/integrity-over-corruption/

3. Шоронд хоригдож байгаа Дельта мужийн захирагч асан Британид давж заалдаад ялагдав. Британи дахь хамгийн том мөнгө угаасан хэргийн нэг болох 50 сая фунт (78 сая доллар)-ийг шамшигдуулсан хэргээр 13 жил шоронд өнгөрөөх ял авч хоригдож байсан Нигер Улсын Дельта мужийн хуучин захирагч James Ibori шүүхэд давж заалдаад ялагдал хүлээлээ.
Нигерийн удирдах намыг үүсгэн байгуулагчдын нэг, Дельта мужийг 8 жил захирсан Ibori ногдсон ялын хэмжээг бууруулахыг шаардаж байсан юм. Түүний өмгөөлөгчид шүүхээс ногдуулсан хугацааг богино байх ёстой гэж үзэж байсан юм.
Шүүгч Antony Edwards давж заалдах шатны шүүхэд уг нотолгоог няцаасан бөгөөд мөнгө угаах гэмт хэрэгт хамгийн ихдээ 14 жилийн хорих ял ногдуулах ёстой гэжээ.
Нигер Улсыг цэргийн дэглэмээс иргэний нийгэмд шилжих үед буюу 1999 онд Ibori Дельта мужийн захирагчаар сонгогдсон юм. Хоригдох хугацааныхаа хагасыг шоронд өнгөрөөвөл түүнийг хугацаанаас нь өмнө суллах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, 3,5 жилийг шоронд өнгөрөөвөл шоронгоос суллагдах боломжтой ажээ. Учир нь өнгөрсөн оны 2 дугаар сард болсон шүүх хурлаас хойш нэг жил, мөн Лондонгийн шүүхэд шилжин ирэхээсээ өмнө Дубайд нэг жилийг өнгөрөөсөн бөгөөд Дубайгаас түүнийг Британид шилжүүлсэн юм.
Эх сурвалж: http://m.news24.com/nigeria/National/News/Jailed-former-Delta-governor-loses-appeal-in-Britain-20130503

4. Британийн хилийн чанд дахь арлууд татвараас зайлсхийх явдлыг хязгаарлах гэрээнд гарын үсэг зурлаа. Лондон, 5 дугаар сарын 2 (Ройтерс): “Татвараас зайлсхийх газар болох Bermuda, Cayman, British Virgin арлууд Британи болон европын бусад улс орнуудтай татвараас зайлсхийх явдлыг бууруулахын тулд илүү нягт хамтарч ажиллахаар боллоо” хэмээн Британийн сангийн сайд George Osborne пүрэв гарагт мэдээллээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Британийн хилийн чанд дахь газар нутаг болох дээрх арлын банкиуд данс эзэмшигчдийнхээ дэлгэрэнгүй мэдээлэл болон данс эзэмшигч хөрөнгөө хэрхэн зарцуулж байгаа талаарх мэдээллийг албан ёсоор Засгийн газарт өгч байхаар боллоо. Энэ үйл явц бол хууль бус санхүүгийн зах зээлийг зогсоох, татвараас зайлсхийх явдалтай тэмцэх томоохон алхам боллоо” гэжээ.
Өнгөрсөн жилийн 6 дугаар сард татвараас зайлсхийх асуудалтай хамтран тэмцэх тохиролцоонд хүрсэн Британи, Герман, Франц, Итали, Испани улсууд энэхүү мэдээллээр мөн хангагдах юм.
Энэхүү гэрээнд мөн “Isle of Man” арал нэгдэхээр ажиллаж байгаа юм. Харин оффшор томоохон бүсүүд болох Jersey болон Guernsey арлууд нь Британиас бусад улсад энэхүү мэдээллээ хуваалцах талаар тохиролцоонд хүрээгүй байгаа ажээ.
Эх сурвалж: http://www.trust.org/item/20130502071729-ztyr4

5. Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны хүндэт ерөнхийлөгч Joao Havelange авлигын хэргийн улмаас ажлаасаа огцорлоо. ОУХБХ-ны ерөнхийлөгчөөр 1974-1988 онд ажилласан Joao Havelange болон бусад 2 ажилтныг 1990-ээд оны үед Дэлхийн аваргын тэмцээнийг дамжуулах эрх худалдах үйл ажиллагаанаас хээл хахууль авсан хэрэгт холбоотой хэмээн ОУХБХ-ны Ёс зүйн хороо үзсэн бөгөөд үүний дараагаар ОУХБХ-ны ерөнхийлөгч асан 96 настай Joao Havelange хүндэт ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорлоо.
ОУХБХ-ноос “International Sport and Leisure(ISL)” компанид дэлхийн цомын тэмцээний зах зээлд онцгой эрх олгосон юм. ISL компани нь дэлхийн цомын тэмцээнийг телевизээр дамжуулах эрхийг худалдах худалдаанаас олон саяыг олсон юм. Гэвч уг компани нь 2001 онд их хэмжээний өрийн улмаас дампуурсан бөгөөд түүнээс хойш ОУХБХ-той байгуулсан гэрээг Швейцарийн холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн ажээ.
Эх сурвалж: http://www.bbc.co.uk/sport/0/football/22351630

6. Тайваны Засгийн газрын хуучин тэргүүн авлигын хэргээр шоронд хоригдов. TAIPEI — 2 сая гаруй долларын хээл хахууль авсан хэргээр Тайваны Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Lin Yi-shih-ийг 7 жил 4 сар шоронд хорихоор яллав.
Lin Yi-shih нь удирдах Kuomintang намын дэд дарга бөгөөд Ерөнхийлөгч Ma Ying-jeou-ийн итгэмжит хүн байсан юм. Түүнийг 60 орчим сая тайван долларын (2.03 сая доллар) хээл хахууль авсны дараагаар авлигын хэрэгт буруутай нь тогтоогдсон бөгөөд шүүхээс түүнд хорих ял ногдуулахын зэрэгцээ 15.8 сая тайван доллараар торгосон байна.
Taipei дүүргийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Huang Chun-ming сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд “Lin-ийг 4 заалтаар буруутгаж байсан бөгөөд хээл хахууль авахын тулд эрх мэдлээ ашигласан болон тодорхойгүй эх үүсвэрээс хөрөнгөжсөн гэсэн 2 хэрэгт гэм буруутайг нь тогтоож ялласан” гэжээ. Түүний хэлснээр Lin-ийн эхнэр, ээж болон хоёр авга нь уг мөнгө угаах гэмт хэрэгт холбоотой болох нь мөн тогтоогдсон гэжээ.
2010 онд түүнийг хууль тогтоогч байхдаа төрийн хэд хэдэн гэрээ байгуулахад хээл хахууль авсан хэмээн нэгэн бизнесмен буруутгасны дараа өнгөрсөн жилийн 6 дугаар сард Засгийн газраасаа огцорсон юм. Тэрхүү бизнесмен нь орон нутгийн хэвлэлийнхний олж авсан Lin-гийн хээл хахууль авахтай холбоотой аудио бичлэгийг хийсэн юм.
Эх сурвалж: http://www.google.com/hostednews/afp/article/ALeqM5iuOsqmh9QRUTH3TyQazBWtY169Hw?docId=CNG.6046ca1fda9108ebaab354226e87426b.881

7. Jon S.T. Quah –ны “Азийн орнууд дахь авлигын хязгаарлалт: Боломжгүй мөрөөдөл” гэсэн ном гарлаа. Энэхүү номд Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Монгол, Филиппин, Сингапур, Өмнөд Солонгос, Тайван, Тайланд Улсуудын авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг шинжилж, дүгнэсэн байна. Эдгээр улсуудыг сонгох болсон шалтгаан нь дээрх улсууд авлигын эсрэг хяналт тогтоох гурван өөр арга замыг сонгон хэрэгжүүлж байгаа юм. Нэгдүгээр зам буюу авлигын эсрэгт хуультай, авлигын эсрэг ямар нэгэн агентлаггүй хувилбарыг Япон Улс, хоёрдугаар зам буюу авлигын эсрэг хуультай, авлигын эсрэг олон төрлийн байгууллагатай замыг Энэтхэг, Филиппин, Тайвань, гуравдугаар замыг буюу авлигын эсрэг хуультай, авлигын эсрэг нэг байгууллагатай хувилбарыг Сингапур, Хонконг, Тайланд, Өмнөд Солонгос, Индонез болон Монгол Улс тус тус сонгон хэрэгжүүлж байгаа юм.
Гэхдээ эдгээр 10 улсын зөвхөн Сингапур, Хонконг Улс л авлигыг бууруулах үйл ажиллагаандаа амжилт олоод байна. Учир нь авлигыг хязгаарлах үйл явцад энэ хоёр улсын улс төрчид тууштай байж, өөрсдийн бодлогын хүрээнд тусгаж, авлигын эсрэг үр дүнтэй арга хэрэгслүүдийг хэрэгжүүлж ирсэн юм. Нөгөө талаас Азийн бусад 8 улс авлигыг хязгаарлах үйл ажиллагаандаа хараахан амжилт олоогүй байна. Учир нь эдгээр улсуудад улс төрийн хүчин чармайлт болон улс төрчдийн бодлогын хүрээ мөн түүнчлэн авлигын эсрэг явуулж буй үр дүнтэй арга хэрэгсэл дутмаг байгаа талаар уг номд дурджээ.
Номын зохиогч Jon S.T. Quah, Ph.D., нь 2007 онд тэтгэвэрт гарах хүртлээ Сингапурын Үндэсний их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессороор ажиллаж байсан бөгөөд сүүлийн 30 гаруй жил авлигын сэдвээр судалгааны ажил хийж байгаа хүн юм. Тэрбээр одоогоор Азийн улс орнуудад авлига, засаглалын сэдвээр илтгэл унших, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг хийж байгаа юм. Түүний илтгэл, бүтээл, зөвлөх үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл түүний вэб хуудсанд http://www.jonstquah.com хандана уу.
Уг номыг захиалахдаа pubsunit@iseas.edu.sg-аар хандана уу.

8. СУРГАЛТ: Сингапурын Авлигын эсрэг стратеги. Сингапурын Хамтын ажиллагааны хөтөлбөрөөс “Сингапурын Авлигын эсрэг стратеги” сэдвийн хүрээнд 2013 оны 9 дүгээр сарын 11-18-ны хооронд нэгэн сургалтыг зарлаж байна. Сургалт нь Сингапурын техникийн туслалцааны хөтөлбөр хэрэгжиж буй дараах улсуудад нээлттэй. Үүнд:
Сургалтын зорилго
Сингапурын авлигын эсрэг стратегийн зарчмыг танилцуулж, оролцогчдод авлигын эсрэг үр дүнтэй бодлогын сайн туршлагын талаар сургах болно.

Сургалтын сэдэв
• Авлигатай тэмцэж буй Сингапурын Засгийн газрын үйл ажиллагааны тухай
• Сингапурын туршлага, стратеги
• Авлигын шалтгаан, давтамж
• Авлигад нөлөөлөх дотоод болон гадаад орчны хүчин зүйлсийн тухай
• Авлигатай тэмцэх өргөн хүрээтэй арга хэрэгслүүд
• Авлигыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаарх стратеги болон стратегийн төлөвлөлтийн бүтэц ба хэрэгжүүлэлт

Сургалтад оролцохоор хүсэлт ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.
• Тухайн улсынхаа авлигын эсрэг бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа эсхүл авлигын эсрэг тухай засгийн газрынхаа санаачлагад орж ажиллаж байгаа дундаас ахлах түвшний ажилтан байна
•Тухайн улсын засгийн газраас нэрийг нь дэвшүүлсэн байх
•Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай
•Эрүүл мэндийн байдал сайн
Нэмэлт мэдээллийг доорх вэбсайтаас үзнэ үү.
http://www.scp.gov.sg/content/scp/courses_offered_applicationprocedure/courses/2013/201309/course_201309_02.html

9. Татварын системийн шинэчлэл нь Вьетнам дахь авлигыг бууруулахад тусална. Вьетнамын Татварын ерөнхий газар 2015 он гэхэд “Татварын систем шинэчлэх” үндэсний төслийг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Татварын системийг шинэчлэх уг төсөл нь бүх түвшинд татварын менежментийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн төсөл юм. Төслийг Японы Засгийн газрын зээл, Дэлхийн банкны 97.5 сая ам.долларын санхүүжилтээр 2008 онд эхэлсэн бөгөөд мөн төслөөр татвар төлөгчдөд зориулсан э-татварын үйлчилгээг сайжруулах, авлигыг бууруулахад туслах зорилготой юм.
Эх сурвалж: http://tuoitrenews.vn/business/9119/vn-speeds-up-tax-administration-modernization-scheme