Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.05.20-26/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.05.20-26/
1. НҮБ: Энэтхэг Улсад шүгэл үлээгч, хохирогч, шинжээч, гэрчийг хамгаалах ямар ч хамгаалалт байхгүй байна. Хувийн салбарын авлигын гэмт хэргийг мэдээлэх, түүний эсрэг тэмцэх шүгэл үлээгч, хохирогч, шинжээч, гэрчийн эрхийг Энэтхэг Улс хуулиар хамгаалаагүй байгааг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн үнэлгээгээр тогтоожээ. Энэхүү үнэлгээг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны баг явуулсан юм. Энэтхэг Улс нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг 2011 оны 5 дугаар сард соёрхон баталсан.
Үнэлгээгээр Энэтхэг Улсад одоо мөрдөж буй, мөрдөхөөр зорьж буй хуульд үнэлгээ хийсэн бөгөөд аж ахуйн нэгж, хувийн салбар дахь авлига, хээл хахуулийн эсрэг шүгэл үлээгч, хохирогч, шинжээч, гэрчийг хамгаалах 7 заалтаас 4-ийг нь мөрдөхгүй байгааг тогтоосон байна.
“Тус улсад нийтийн ашиг сонирхлын болон авлигын хэргийг мэдээлэхтэй холбоотой нэг хууль байгаа ч энэ хуулийн үйлчлэх хүрээнд хувийн салбар багтаагүй байгаа юм” хэмээн НҮБ-ын үнэлгээний тайланд дурджээ.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба Энэтхэг Улсыг шүгэл үлээгч, хохирогч, шинжээч, гэрч нарыг хамгаалахын тулд “хууль тогтоомжоо тодорхой болгох, үр дүнтэй институцийн тогтолцоог бүрдүүлэх”-ийг зөвлөмж болгосон байна.
Эх сурвалж: http://articles.economictimes.indiatimes.com/2013-05-16/news/39310684_1_india-inc-private-sector-uncac

2. Сингапур Улс татварын мэдээллийг солилцох олон улсын гэрээнд нэгдэнэ. Дэлхийн 4 дэх том офшор санхүүгийн төв Сингапур Улс татвараас зайлсхийгчдийн мэдээллийг бусад улс орнуудтай солилцдог болохын тулд шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ зарлалаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Зүүн өмнөд Азийн хот улс Сингапур нь Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын татварын мэдээлэл солилцох олон талт гэрээнд нэгдэх юм. Уг гэрээнд одоогоор 45 орчим улс орон нэгдсэн байгаа бөгөөд офшор санхүүгийн томоохон төвийн нэг болон Швейцарь, Хонг Конг улсууд нэгдээгүй байгаа юм.
Мөн энэ хүрээнд холбогдох хуульд өөрчлөлт оруулж татварын байгууллага банкнаас мэдээлэл авахдаа шүүхэд ханддаг байдлыг арилгах болно хэмээн тус улсын Төв банк, Сангийн яам, Татварын байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
"Энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр мэдээлэл солилцох олон улсын стандартуудыг бэхжүүлэхэд томоохон алхам болно” хэмээн Сингапурын шадар сайд Tharman Shanmugaratnam хэлжээ.
Эх сурвалж: www.trust.org/item/20130514072931-j06a3/?source=hptop

3. Энэтхэг Улс дахь авлигын хэрэгтэй холбоотой гомдол 2012 онд 66 хувиар өсчээ. Энэтхэг Улсын Засгийн газрын авлигатай тэмцэх комисс болох Төв сэргийлэх комисс (ТСК)-д авлигын хэрэгтэй холбоотой ирсэн гомдлын тоо 2012 онд 66 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2012 онд ТСК-д нийт 29559 гомдол ирсэн бөгөөд өдөрт дунджаар 94 гомдол иржээ. ТСК-д ирсэн гомдлын тоо 2011 онд 17830 байсан юм. Энэтхэг Улс нь 1.7 сая төрийн албан хаагчтай (Энэтхэгийн төмөр замын ажилчдыг оруулахгүйгээр). Төрийн албан хаагчидтай холбоотой гомдлыг ТСК хянан үзэж, холбогдох асуудал хариуцсан яаманд шилжүүлдэг юм.
Эх сурвалж: http://rtn.asia/1604_cvcs-corruption-files-jumped-66-2012

4. Олон Улсын Валютын сангийн тэргүүн Lagarde луйврын хэргээр шүүхэд байцаагдлаа. Энэ пүрэв гарагт Олон Улсын Валютын сангийн тэргүүн Christine Lagarde-ийг Францын Сангийн сайд байх үедээ бизнесмен Bernard Tapie холбоотой 400 сая евро ($520 сая ам.доллар)-гийн нөхөн төлбөр олгох хууль бус шийдвэр гаргасан хэрэгт холбогдуулан Парисын шүүхэд байцаалаа. Энэ хэргийг тус улсын иргэд Франц дахь эрх мэдэл, их мөнгөний хоорондох байдлын тод жишээ гэж үзэж байгаа юм.
Пүрэв гарагт шүүхэд 12 цагийн турш байцаагдсан Lagarde ямар нэгэн буруу зүйл хийгээгүй болохоо илэрхийлсээр байгаа юм.
Вашингтон хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр ОУВС-ийн хэвлэлийн төлөөлөгч Gerry Rice хэлэхдээ “Lagarde-ийн хэрэгтэй холбоотойгоор ОУВС-ийн захирлуудын зөвлөл Францын шүүхэд мэдүүлэг өгүүлэхийн тулд түүний дипломат халдашгүй байдлыг нь түдгэлзүүлсэн” гэжээ.
Тэрээр нэмж хэлэхдээ “Захирлуудын зөвлөлөөс ойрын үед энэ хэрэгтэй холбоотойгоор түүнийг албан үүргээ гүйцэтгэх боломжтой эсэх талаар авч хэлэлцэнэ” гэжээ.
Мөрдөн байцаалтыг 2011 онд эхлүүлсэн бөгөөд Lagarde-ийг буруутайг нь тогтоовол түүнд 10 хүрэл жилийн ял ногдуулах ажээ.
Эх сурвалж: http://news.yahoo.com/imf-chief-lagarde-court-fraud-probe-194822394.html

5. Франц, Англи улсууд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-д нэгдэнэ. Франц, Англи улсууд ОҮИТБС-д нэгдэхээр болсныг Францын ерөнхийлөгч François Hollande, Британийн ерөнхий сайд David Cameron нар Парист болсон хүндэтгэлийн зоогийн үеэр зарлалаа.
Энэхүү санаачилгад одоогийн байдлаар 40 орчим улс орон нэгдэн ороод байгаа юм. ОҮИТБС дагуу тухайн улс дахь газрын тос, уул уурхайн компаниуд татвар, хураамжид хэдийг төлсөн, тухай улсын Засгийн газар хэдэн төгрөгийн татвар, хураамжийг хүлээн авсан талаар жил бүр тайлан гаргадаг юм.
Манай улс энэхүү санаачилгад 2006 онд нэгдсэн орсон бөгөөд 2010 онд шаардлага хангасан орноор хүлээн зөвшөөрөгдсөн.
Эх сурвалж: http://www.guardian.co.uk/business/2013/may/22/uk-france-global-corruption-initiative

6. Мексикт авлигын хэргээр 5 хайрцаг бэлэн мөнгө илрүүллээ. Лхагва гарагт Мексикийн өмнөд Tabasco мужийн хуучин захирагчийг төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдуулан шалгах үеэр Мексикийн холбогдох байгууллагынхан 5 хайрцаг бэлэн мөнгө нууж байсныг илрүүлсэн байна. Tabasco мужийн прокурор Fernando Valenzuela хэлэхдээ мужийн захирагч асан, “Institutional Revolutionary Party (PRI)” намын Andres Granier-ийн санхүүгийн нарийн бичгийн дарга байсан Jose Saiz-ийн албан өрөөнөөс 500, 1000-ын дэвсгэрт бүхий олон боодол пессо илрүүлсэн гэжээ.
Мөрдөн байцаагчид уг мөнгийг тоолж байгаа бөгөөд нэгэн гэрчийн мэдүүлснээр 90-100 сая орчим пессо (7-8 сая ам. доллар) байгаа аж.
Тус мужийн одоогийн захирагч, сөрөг хүчний намын Arturo Nunez өмнөх захирагч Andres Granier-ийг хээл хахууль авсан, мөн мужийг олон сая долларын өртэй үлдээсэнд буруутгаад байгаа юм. Түүнчлэн тус улсын орон нутгийн мэдээллийн хэрэгслээр Granier нь “Beverly Hills”-ийн хамгийн том дэлгүүрүүдэд олон зуун гутал, хувцасны худалдаа эрхэлдэг хэмээн мэдэгдэж байсан юм. Энэхүү мэдэгдлийнхээ дараагаар тэрээр тэр үед согтуу байсан, надад тийм зүйлс байхгүй гэж мэдэгдсэн юм.
PRI нам нь Мексик Улсыг 71 жил удирдсан бөгөөд энэ хугацаанд авлига, хүнд суртлыг нэмэгдүүлсэн гэж үздэг.
Сүүлийн жишээгээр тус намын гишүүн, багш нарын холбооны тэргүүн асан Elba Esther Gordillo-г багш нарт хамаатай олон сая долларын сангийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутган баривчилсан юм.
Эх сурвалж: http://abcnews.go.com/International/wireStory/boxes-cash-seized-mexico-corruption-probe-19238482#.UaMBN0qezct