Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.05.27-06.02/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.05.27-06.02/
1. НҮБ-ын Дээд түвшний баг ил тод, хариуцлагатай засаглалыг уриалж байна. НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжиж дуусах хугацаа буюу 2015 оноос хойш дэлхийн хөгжлийн хүрээг тодорхойлох, сайжруулах зөвлөмж өгөх зорилгын хүрээнд 27 өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн дээд түвшний багийг жилийн өмнө байгуулсан бөгөөд энэхүү баг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үндсэн тайлангаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ban Ki-moon-д гардууллаа.
Энэхүү тайланд 2030 он гэхэд ядуурлыг устгах, тогтвортой хөгжлийн амлалтыг биелүүлэх хүрээнд дэлхий дахины зорилтуудыг тодорхойлсон байна. Ерөнхий нарийн бичгийн даргын байгуулсан энэхүү багийг Индонезийн Ерөнхийлөгч Susilo Bambang Yudhoyono, Либерийн Ерөнхийлөгч Ellen Johnson Sirleaf, Английн Ерөнхий сайд David Cameron нар хамтран даргалсан юм.
Тайланд 2030 он хүртэл дэлхий дахинд хэрэгжүүлэх үндсэн 12 зорилт дэвшүүлсний тэгш бус байдлыг бууруулах, дэлхийн ядуурлыг устгахад чиглэсэн 5 тулгуур зорилт байгаа бөгөөд эдгээрийн нэг нь засаглалын илт тод, хариуцлагатай байдлын талаар зорилт орсон байна. Тайланд “Дэлхийн хүн бүр өөрсдийн засгийн газруудаа шударга, хариуцлагатай байхыг шаарддаг. Бид сайн сайхан байхын үндсэн бүрэлдэхүүний нэг болох энх тайван байдал, сайн засаглалыг бий болгохын тулд суурь өөрчлөлт хийхийг уриалж байгаа юм” гэжээ.
Эх сурвалж: http://www.un.org/sg/management/beyond2015.shtml

2. Хуучин ахмад авлигын хэргээр яллагдав. Тайван Улсын Дээд шүүх тэнгисийн цэргийн тэтгэвэрт гарсан ахмад Kuo Li-heng-ийг 1991 онд Франц Улсаас 6 ширхэг “Lafayette” зэрэглэлийн харуулын хөлөг онгоц худалдан авах үйл ажиллагаатай холбоотой авлигын хэрэгт буруутган 15 жилийн хугацаанд шоронд хорих, иргэний эрхийг 10 жилийн хугацаанд хасах ялыг өнгөрөгч баасан гарагт ногдууллаа. Гэхдээ энэхүү шийдвэрийг давж заалдаж болох юм.
Энэ үеэр, мөн ахмад Kuo Li-heng –ийн ах Kuo Wen-tien–д Швейцарийн банкинд данс нээж, Kuo Li-heng-ийг хууль бусаар мөнгө олоход дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутган 2 жилийн хорих ял ногдуулсан байна.
Kuo Li-heng нь “Lafayette” зэрэглэлийн хөлөг онгоц худалдан авах гэрээний нууцалсан мэдээллийг задруулсан, хээл хахууль авсан гэсэн өөр зүйл, гэмт хэрэгт буруутгагдан 1994 онд бүх насаараа хоригдох ял авсан байсан юм.
Энэ удаа түүнийг худалдан авах гэрээг зөрчиж армийн бүтээгдэхүүн борлуулагч агент Andrew Wang –аас 17 сая ам. долларын хээл хахууль авсан хэрэгт ялласан байна.
Andrew Wang нь Францын армийн тоног төхөөрөмж нийлүүлэгч “Thompson-CSF” дэх Тайваны агент байсан аж. Тэрээр 1993 оны сүүлээр тодорхойгүй шалтгаанаар армийн генерал Yin Ching-feng-ийг нас барсны дараагаар Тайван улс руу буцсан юм. Прокурорууд армийн генерал Yin Ching-feng “Lafayette”-ийн гэрээнээс хээл хахууль авсан хамтрагчдынхаа талаар мэдээлэх гэж байсан гэж үздэг бөгөөд 2000 оны 9 дүгээр сараас хойш Andrew Wang –ийг Тайваны прокуророос хүн амины хэрэгт буруутган эрэн сурвалжилж байна.
2007 оны 6 дугаар сард Швейцарийн холбогдох байгууллагууд тус улсын банкны дансанд байсан “Lafayette”-ийн худалдан авалтын гэрээний хээл хахуультай холбоотой гэж үздэг 34 сая ам. долларыг Тайваны талд шилжүүлсэн бөгөөд Тайваны тал шилжүүлсэн энэхүү мөнгийг Швейцарын банкны данснууд дахь Andrew Wang, Kuo Li-heng, Kuo Wen-tien нарын оролцсон гэмт гэмт хэрэгт хамаарах мөнгөний зарим хэсэг нь хэмээн үзэж байгаа юм.
Эх сурвалж: http://www.taipeitimes.com/News/taiwan/archives/2013/05/18/2003562569

3. Франц: гадаадын зээл, тусламжийг хязгаарлахаар 17 улсыг хар жагсаалтдаа орууллаа. “Гадаадын зээл, тусламжийн холбоотой луйврын хэргийг мөрдөн шалгахад туслалцаа үзүүлдэггүй, ил тод бус Швейцарь зэрэг 17 улсыг Франц хар жагсаалтдаа орууллаа. Энэхүү хориг арга хэмжээ нь эдгээр улсуудын банкны системээр дамжуулан Францын банкууд хөгжлийн сангийн үйл ажиллагаа явуулахыг хориглож байгаа юм” хэмээн албаныхан даваа гарагт мэдээллээ.
“Хар жагсаалтад орсон улсуудын банкны системээр Францын хөгжлийн туслалцааны сангуудыг хэдий хэмжээний мөнгө одоогоор дамжуулсныг хэлэх боломжгүй” хэмээн тус улсын Хөгжлийн сайд Pascal Canfin мэдээллээ.
Энэхүү жагсаалтад Ботсвана, Бруней, Наури, Гватемал, Филиппин зэрэг найман улс дахин орсон бол шинээр Швейцарь, Лебон, Панам, Коста Рика, Арабын нэгдсэн Эмират, Доминикан, Либерм, Тринидад Тобаго, Вануату улсууд нэмэгдсэн байна.
Албаныхан “энэхүү жагсаалтад орсон улсууд ил тод биш болохыг мэдэгдэн. Энэ жагсаалтыг зорилго нь эдгээр улс орнууд илүү ил тод байдлыг бий болгох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой” гэжээ.
Эх сурвалж: http://au.news.yahoo.com/latest/a/-/article/17350567/france-blacklists-17-countries-for-handling-of-foreign-aid/

4. Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв хорооны ажилчид VIP карт хэрэглэхгүй. Xinhua мэдээний агентлаг мэдээлснээр “саяхан болсон нэгэн хурлын үеэр Хятадын Коммунист намын авлигын эсрэг товчоо буюу Сахилгын хяналтын төв хорооны дарга Wang Qishan ажилтнуудаа VIP картаа хэрэглэхээ болихыг шаардсан” байна. Учир нь Хятад Улсад VIP карт ашиглан их дэлгүүрүүдээс урамшуулалтай үйлчилгээ авах, үнэтэй ресторануудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг боломжтой байдаг бөгөөд энэ нь авлигатай тэмцэж буй ажилтнуудад албан тушаалаа урвуулан ашиглах боломж олгож болох талтай аж. Xinhua мэдээний агентлагийн мэдээлснээр “тус байгууллагын сахилгын болон хяналтын газар ажилладаг ажилтнууд 6 дугаар сарын 20 гэхэд бүгд VIP картаа хэрэглэхгүй болсон байх ёстой” юм.
Эх сурвалж: http://au.news.yahoo.com/thewest/a/-/world/17347553/china-graft-buster-orders-staff-to-ditch-their-vip-cards/

5. Пакистаны Авлигатай тэмцэх байгууллагын дарга ажлаасаа халагдлаа. Reuters агентлагийн мэдээлснээр, Пакистаны Дээд шүүхээс тус улсын авлигатай тэмцэх байгууллага буюу Үндэсний Хариуцлагын Товчоо (ҮХТ)-ны дарга адмирал Fasih Bokhari-ийг 2011 оны 10 дугаар сард томилсон нь хууль бус байсан хэмээн үзэж ажлаас нь халсан байна. Сөрөг хүчний зүгээс ҮХТ-ны даргад Fasih Bokhari томилсон нь холбогдох хуулийн дагуу зөвшилцөөгүй гэсэн гомдлыг гаргаад байсан бөгөөд Дээд шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэхүү ажлаас нь халж буй арга хэмжээ тус улсын хариуцлага тооцох процессыг удаашруулж болох юм. Учир нь хуулийн дагуу шалгасан хэрэгт ҮХТ-ны дарга гарын үсэг зурж баталгаажуулах ёстой байдаг аж. Одоогоор ҮХТ нь Ерөнхий сайд асан Raja Pervez Ashraf-ын эрчим хүчний төслүүдээс хээл хахууль авсан хэргийг мөн одоогийн буюу 5 дугаар сарын 11-нд сонгогдсон Ерөнхий сайд Nawaz Sharif-ийн эсрэг хээл хахуулийн гурван хэргийг шалгаж байгаа юм.
Эх сурвалж: http://articles.timesofindia.indiatimes.com/2013-05-28/pakistan/39579149_1_fasih-bokhari-national-accountability-bureau-nab-official

6. Испани Улс авлигад холбогдсон албан тушаалтнуудын эрхийг хязгаарлах шаардлагатай. Удирдах албан тушаалтнууд, хуульчид, их сургуулийн багш зэрэг 100 хүнтэй Испани Улсын нэгэн бүлэг тус улсын улс төрийн хүрээнд авлигын гэмт хэрэгт холбогдсон улс төрчдийн эрхийг хязгаарлахаар ажиллаж эхэллээ.
Их Британид элчин сайдаар сууж байсан Carles Casajuana, Merrill Lynch-ийн Европын салбарын захирал асан Cesar Molinas, Лондонгийн эдийн засгийн сургуулийн профессор Luis Garicano нараар удирдуулсан энэхүү бүлэг намуудын гадаад зохицуулалтын асуудлаар нэгэн шинэ хууль батлахыг уриалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ бүлгээс улс төрийн намуудыг аудитаар хянагдсан тайлангаа тогтмол тайлагнаж байх, намын сангийн эрхлэгч зэрэг албан тушаалтнуудын зарим нэг эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахыг уриалж байгаа аж.
Мадридад болсон хэвлэлийн бага хурлын үеэр Luis Garicano “Авлига бол газар бүр л байна. Гэхдээ Испани Улсын систем авлигыг дахин үүсгэхгүй, устгаж болох юм. Учир нь Испани Улс газрын тос, байгалийн баялаг ихтэй улс орнуудтай адилгүй ч хатуу институцийн тогтолцоотой” гэжээ.
Испани Улс нь 6 сая ажилгүйчүүд бүхий эдийн засгийн хямралтай байгаа ч улс төрийн үндсэн хоёр намын албан тушаалтнууд эрх мэдлээ ашигласан авлигын хэрэг гарсаар байгаа юм.
Энэхүү бүлэг 500000 гарын үсэг цуглуулж, улс төрийн намуудын нэгэн шинэ хууль батлахыг парламентаасаа шаардах аж.
Эх сурвалж: http://www.bloomberg.com/news/2013-05-28/spanish-parties-urged-to-curb-officials-power-amid-graft.html

7. Канадын Хатан Хааны Морьт Цагдаагийн Газар (КХМЦГ) холбооны засгийн газар дахь авлигын хэргийг шалгах шинэ хэлтэс байгуулна. КХМЦГ хилийн чанд болон холбооны засгийн газар дахь авлигатай тэмцэх мэргэшсэн шинэ хэлтсийг байгуулж байна. Уг хэлтсийн үйл ажиллагааг ирэх даваа гарагт Ottawa-д албан ёсоор эхлүүлэх бөгөөд сенаторын их хэмжээний мөнгө зарцуулалтын гэмт хэрэг болон “SNC-Lavalin” группийн оролцсон олон улсын хээл хахуулийн томоохон хэргүүдийг шалгах юм.
КХМЦГ-ын комиссар Bob Paulson хэлэхдээ “энэ өөрчлөлт бол үндэсний цагдааг цагдаагийн үйл ажиллагаанд чиглүүлэх стратегийн нэг хэсэг юм” гэжээ.
Эх сурвалж:  http://www.theglobeandmail.com/news/politics/rcmp-launches-new-unit-to-investigate-corruption-in-federal-government/article12274364/

8. Оросын сөрөг хүчний удирдагчид: 2014 оны өвлийн олимпийн төсвөөс 30 тэрбум доллар хүртэлх хөрөнгө хулгайлагдсан гэжээ. Пүрэв гарагт Оросын шадар сайд асан, сөрөг хүчний намын Boris Nemtsov “Sochi хотод 2014 онд болох өвлийн олимпийн бэлтгэл ажлын хүрээнд 30 тэрбум долларыг Оросын улс төрчид, бизнесменүүд хулгайлсан” хэмээн мэдэгдлээ.
2007 онд Орос Улс анх олимпийн төлөвлөсөн зардлыг зарлахдаа 2014 оны олимпийн зардал 12 тэрбум орчим доллар байна гэж мэдэгдэж байсан ч энэ 6 жилийн хугацаанд зардал 51 тэрбум ам. доллар болсон бөгөөд энэ нь зун, өвлийн олимпийн түүхэн дэх хамгийн үнэтэй олимп болж байгаа юм. 2012 онд болсон Лондонгийн зуны олимпийн зардал 14.3 тэрбум ам. доллар болсон аж.
Nemtsov-ийн хэлснээр сүүлийн 14 жилийн хугацаанд болсон олимпийн зардал анх төлөвлөж байснаасаа ихэвчлэн 2 дахин нэмэгддэг ч Sochi-гийн Олимпийн зардал 4 дахин нэмэгдээд байгаа бөгөөд энэ нь авлига, хээл хахуулийн хэрэгтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм.
Үүний хариуд Оросын олимпийн хорооны ерөнхийлөгч Alexander Zhukov хэлэхдээ “Nemtsov-ийн мэдэгдлийг үнэн эсэхийг тогтооход бидэнд хугацаа хэрэгтэй гэхдээ Оросын прокурор, Аудитын танхим олимпийн зардлыг хянаж байгаа” гэжээ.
Эх сурвалж: http://www.foxnews.com/sports/2013/05/30/russian-opposition-figure-says-up-to-30b-stolen-during-preparations-for-2014/#ixzz2Umh3KBbY