Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.06.17-22/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.06.17-22/
1. Ойрын туслах нь хээл хахуулийн хэрэгт холбогдсоны дараагаар Чехийн Ерөнхий сайд огцрохоо мэдэгдлээ. Чехийн Засгийн газрын ажилтан Jana Nagyova хээл хахуулийн хэрэгт холбогдсоны дараагаар өнгөрөгч ням гарагт Ерөнхий сайд Petr Necas албан тушаалаасаа огцрохоо мэдээллээ. Тэрээр мөн даваа гарагт Чехийн Иргэний ардчилсан намын даргын албан тушаалаас огцрохоо мэдэгджээ.
Өнгөрсөн 7 хоногт тус улсын цагдаагийн байгууллага төрийн албан хаагчдыг хамарсан нэгжлэг, шалгалт хийж найман хүнийг баривчилсны дотор Засгийн газрын танхимын тэргүүн бөгөөд Ерөнхий сайдын туслах Jana Nagyova багтсан нь түүнийг ийнхүү огцроход хүргэсэн байна.
Ерөнхий сайдын энэхүү шийдвэр нь 2010 онд парламентын сонгуулийн дараагаар 3 нам хамтран байгуулсан эвслийн Засгийн газрыг тараахад хүргэж болох юм. Гэхдээ Ерөнхий сайд Petr Necas–ийн үзэж байгаагаар дараа жил болох парламентын сонгууль хүртэл энэ удаагийн Засгийн газрыг өөрчлөхгүй байж магадгүй юм. Тэрээр хэлэхдээ “одоогийн нөхцөлд энэ бол хамгийн сайн шийдвэр” гэжээ. “TOP 09” нам болон “Либерал Ардчилсан нам”-ууд уг төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. “TOP 09” намын дэд дарга, сангийн сайд Miroslav Kalousek хэлэхдээ “энэ Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулахад бид бүхий л боломжит арга хэмжээг авах үүрэгтэй” гэжээ.
Энэхүү нөхцөл байдлыг шийдвэрлэхэд хэдий хэмжээний хугацаа хэрэгтэй нь тодорхойгүй байгаа бөгөөд намууд хэлэлцээрээ яаралтай хийх хэрэгтэй байгаа юм.
Эх сурвалж: http://www.washingtonpost.com/world/europe/czech-prime-minister-announces-he-will-resign-after-top-aid-is-charged-with-bribery/2013/06/16/07222460-d6ce-11e2-ab72-3f0d51ec1628_story.html

2. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум нууц компаниудын ард байгаа эздийг илчлэх оффшор бүсийн мэдээллийн санг дэлгэв. Түүхэнд анх удаа Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ЭССОУК) нийт 10 оффшор бүсийн нууцаас дэлгэхэд туслах зорилгоор “Оффшор нууц мэдээллийн сан”-г олон нийтэд дэлгэж байна.
Оффшор нууц мэдээллийн сан руу дараах линкээр орж, оффшор бүсийн олон мянган нууц компани, сан болон итгэмжлэсэн компаниудын мэдээллээс хайлт хийж, оффшор компаниуд, тэдний жинхэнэ эзэн, сүлжээний талаар мэдээлэл олж авах боломжтой юм (http://thecenterforpublicintegrity.cmail5.com/t/t-l-ztkkjt-pdkkiklk-g/).
Энэхүү мэдээллийн сан нь ЭССОУК, 58 улс орны 112 сэтгүүлчидтэй хамтран шинжилгээ хийсэн оффшор бүсийн 2.5 сая нууц файлын нэг хэсэг юм.
Өнгөрсөн 4 дүгээр сараас хойш ЭССОУК-ийн оффшор бүсийн нууцын талаар олж авсан энэхүү материалд үндэслэн дэлхий дахинд 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага /Guardian, Le Monde, Süddeutsche Zeitung, Norddeutscher Rundfunk, Washington Post, Canadian Broadcasting Corporation зэрэг/-ууд мэдээ, нийтлэл гаргасан юм.
Эх сурвалж: http://offshoreleaks.icij.org/?utm_source=email&utm_campaign=app-announcement&utm_medium=publici-email

3. “Их-8”-ын удирдагчид татвараас зайлсхийх явдлын эсрэг хатуу арга хэмжээ авахаар боллоо. Тэргүүлэгч эдийн засагтай улсууд буюу “Их 8”-ын удирдагчид мөнгө угаах, хууль бусаар татвараас зайлсхийгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авахаар боллоо.
Эдгээр улсууд иргэдийнхээ татварын мэдээллийг автоматаар солилцохоор болоод байна. Энэхүү солилцох мэдээлэлд оффшор бүсийн нууц компаниудын тухай мэдээлэл ч багтах аж.
Мэдээлэл солилцох энэхүү арга хэмжээ нь хуулийн цоорхой болон татвараас зайлсхийх бүсүүдийг ашиглан татвараас зайлсхийж буй томоохон компаниуд болон хууль бусаар татвараас зайлсхийхтэй тэмцэхэд чиглэгдэж буй томоохон алхам болж байна хэмээн талууд үзэж байгаа болно.
Хойд Ирландад болж буй энэ удаагийн “Их-8”-ын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж буй өөр нэгэн асуудал бол Европын холбоо болон АНУ-ын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэхээр зорьж байгаа юм. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй Их Британийн Ерөнхий сайд David Cameron “түүхэн дэх хоёр талын худалдааны хамгийн том хэлэлцээр” гэж тодотгосон байна.
Татвар, худалдаа, ил тод байдлын хүрээнд болж буй энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Их Британи, АНУ, Герман, Франц, Итали, Орос, Канад, Японы удирдагчид оролцож байна. Гэхдээ энэхүү уулзалт Сирийн мөргөлдөөний уур амьсгалын дор болж байгаагаараа онцлог юм.
Уулзалтаас “хил дамнуулан ашгаа өөрчилдөг, татвараас зайлсхийдэг компаниудын эсрэг улс орнууд холбогдох хууль, дүрмээ өөрчлөх хэрэгтэй “ гэж үзсэн байна.
Энэ нь Google, Apple, Starbucks, Amazon зэрэг томоохон компаниуд хил дамнуулан татвараас зайлсхийснийг тогтоосны дараа болж байгаа юм.
Татварын мэдээллийг автоматаар бусад улс орнуудтай солилцдог болсноор татвараас зайлсхийх, мөнгө угаах зэрэг хууль бус үйл ажиллагаа буурна хэмээн үзэж байгаа юм.
Эх сурвалж: http://www.bbc.co.uk/news/business-22956374

4. Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын шалгаж буй зарим хэрэг. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (АТГ) 2013 оныг Авлигын эсрэг жил болгон зарласан бөгөөд мөрдөн шалгаж буй зарим хэргүүдээс нь дурдвал:
  • Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяаны хэрэг. АТГ-аас сайд Э.Эрдэнэжамьяаныг авлигын мөрдөн шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгаад байсан бөгөөд хэргийг Нийслэлийн Прокурорт шилжүүлсэн байна.
  • ”Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбишийг АТГ шалгаж байна. Түүнийг 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутгаад байгаа юм. 
  • Улаанбаатар хотын Засаг дарга асан Т.Билэгтийн хэрэг. АТГ-аас АНУ-д цагаачлах хүсэлт гаргаад байгаа Т.Билэгтийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. 
Эх сурвалж: http://www.infomongolia.com/ct/ci/6137

5. Бээжингийн Олимпийн наадмын хээл хахуулийн хэргийг шалгахад шаардлагатай холбогдох баримтыг BHP гаргаж өгсөн байна. Дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох BHP Billiton Ltd. (BHP) Бээжингийн Олимпийн наадамтай холбоотой авлигын эсрэг хуулийг зөрчсөн эсэхийг тогтоох байгууллагуудад холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Австралийн Мельбурн хотод байрлах энэхүү компаниас э-мэйлээр ирүүлсэн мэдэгдэлдээ “засгийн газрын ажилтнуудтай холбоотой авлигын эсрэг хуулиудыг зөрчсөн гэх нууц мэдээллүүдийг холбогдох байгууллагад гаргаж өгсөн” гэжээ.
“BHP нь гадаад улс орны ажилтнууд, ялангуяа 2008 оны Олимпийн арга хэмжээний ивээн тэтгэх үйл ажиллагааны хүрээнд Хятадын өндөр албан тушаалтнуудтай холбоотой хээл хахуулийн хэрэгт холбоотой хэмээн АНУ болон Австралийн засгийн газрын холбогдох байгууллагууд сэжиглээд байгаа юм” хэмээн Австралийн “The Age” сонинд мэдээлжээ. Австралийн Холбооны цагдаагийн газар 2011 онд хаагдсан байсан энэхүү хэргийг дахин шалгахаар 2 дугаар сард баримтыг задалсан юм.
Тус компаниас мэдэгдэхдээ “2009 онд энэ хэрэгт АНУ-ын Үнэт цаас, арилжааны хорооноос тавьсан асуултуудад хариулах үеэс л энэ хэрэгтэй холбоотой дотоод мөрдөн байцаалтын ажил явагдсаар байна. Дотоод мөрдөн байцаалт явагдаж байгаа энэ үед холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, мөрдөн байцаалттай холбоотой баримтуудад тайлбар өгч ажиллаж байна” хэмээв. Энэ үед ямар үйл явдал болохыг урьдчилан тааварлах боломжгүй юм.
Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хорооны хэвлэлийн төлөөлөгч Troy Danial энэ хэрэгтэй холбоотой мэдэгдэл хийхээс татгалзсан юм. Мөн тус улсын Холбооны цагдаагийн байгууллага ч ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: http://www.bloomberg.com/news/2013-06-17/bhp-gives-evidence-on-bribery-charges-linked-to-beijing-olympics.html

6. Дэлхийн авлигын хэмжүүр судалгааны үр дүн удахгүй зарлагдана. Трансперэнси Интернэшнл олон улсын байгууллага 8 дахь удаагийн Дэлхийн авлигын хэмжүүр /Global Corruption Barometer/ судалгааны тайлангийн үр дүнг 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр зарлахаар болоод байна. Энэ жилийн судалгаа нь урьд өмнө явагдаж байсан судалгаанаас өргөн хүрээг хамарсан буюу 107 улсын 114000 иргэдийг хамруулан явуулсан байна.
Дэлхийн авлигын хэмжүүр судалгаагаар тухайн улс дахь авлигын түвшин өссөн эсэх болон ямар институцэд авлига хамгийн их байгаа талаар иргэдийн төсөөллийг судалдаг юм. Мөн түүнчлэн сүүлийн 12 сарын хугацаанд хээл хахууль өгсөн бол хэнд өгснийг нь судалдаг юм.
Судалгааны тайланг Англи, Франц, Араб, Орос, Испани хэлээр гаргана.
Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/report_launch_biggest_ever_public_opinion_survey_on_corruption

7. Шинэ Зеланд Улс зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг хуульд өөрчлөлт оруулна. Пүрэв гарагт Шинэ Зеландын Засгийн газар олон улсын болон дотоодын зохион байгуулалттай гэмт хэрэг болон авлигатай тэмцэхэд гэмт хэрэг, авлигатай тэмцэх хуулиудаа олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх зорилт тавьж байгаагаа мэдэгдлээ.
Энэхүү зорилтын үндсэн хэсэг нь 1000 шинэ зеланд доллар ($799)-оос дээш хэмжээний олон улс хоорондын шилжүүлэг, иргэдийн 10000 шинэ зеланд доллароос дээш хэмжээний бүх шилжүүлгийг банкууд Шинэ Зеландын Цагдаагийн Санхүүгийн тагнуулын албанд мэдээлдэг болох юм.
Мөн “Шинэ Зеландын Засгийн газар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх, улмаар төр, хувийн салбарын авлигатай тэмцэх авлигын эсрэг нэгдсэн стратеги боловсруулж байгаа” гэж Хууль зүйн сайд Judith Collins мэдэгдлээ.
Энэхүү зорилтын өөр нэгэн хэсэг бол НҮБ-ын Олон улс хоорондын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцийн дагуу мөнгө угаахтай тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.
Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс “Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын эсрэг хууль”-ийг тус улсын парламент энэ жил нэгтгэн батлахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: http://www.globaltimes.cn/content/789642.shtml#.UcezNpx8M69