Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.06.24-30/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.06.24-30/
1. Ази, Африкийн улс орнуудын төрийн албан хаагчдад авлигын эсрэг сургалт зохион байгуулж байна. Солонгос Улсын Авлигатай тэмцэх байгууллага өнгөрөгч даваа гарагт Ази, Африкийн улс орнуудын төрийн албан хаагчдыг хамруулсан 14 хоногийн сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь дээрх улс орнуудад ил тод байдлыг нэмэгдүүлэх, хээл хахуулийг хязгаарлахад туслах зорилготой юм.
Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооноос мэдээлснээр “энэхүү сургалтад Хятад, Сингапур, Тайланд, Зимбаби зэрэг өөр өөр улс орноос 13 төрийн албан хаагч хамрагдаж байгаа” аж.
Энэхүү сургалтын нээлтэд дарга Lee Sungbo авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон улсын хамтын ажиллагааны чухлыг онцлон тэмдэглээд “Авлига бол зөвхөн ганц улсын хязгаарлан тогтоох асуудал биш энэ бол үндэстэн хоорондын асуудал. Олон улсын хамтын ажиллагаа болон ололт, амжилтаа бусадтай хуваалцана гэдэг бол авлигаас урьдчилан сэргийлэх хамгийн хүчирхэг хэрэгсэл юм” гэжээ.
Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хороо 2007 оноос хойш хөгжиж буй улс орнуудад сургалтын болон зөвлөх үйлчилгээ санал болгон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн хөтөлбөр нь оролцогч талууд авлигын талаарх судалгаа болон урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах үйл ажиллагаа, мөн түүнчлэн шүгэл үлээгчийг хамгаалах зэрэг өргөн хүрээний асуудлуудаар оролцогчдын мэдлэг, ур чадвараас хуваалцах, улмаар тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооны дарга Lee Sungbo олон улсын түвшинд авлигын эсрэг сургалт явуулах шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байгааг мөн онцолсон байна.
Эх сурвалж: http://www.koreaherald.com/view.php?ud=20130617000652

2. Вьетнам Улс дунд сургуулиудад авлигын эсрэг хичээл орно. Вьетнам Улсын Засгийн газрын албан ёсны вэб сайтад мэдээлснээр тус улс ирэх хичээлийн жилээс эхлэн дунд сургуулиудын сурагчдад авлигаас урьдчилан сэргийлэх хичээл зааж эхлэх юм байна.
Засгийн газрын шийдвэрээр 2009 оны сүүлээс 3 жилийн туршилтын хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд энэ оны 9 дүгээр сар буюу 2013-14 оны хичээлийн жилээс хөтөлбөрийг жинхэлж, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт авлигын эсрэг хичээл орохоор болсон байна.
Ерөнхий сайд Nguyen Tan Dung-ийн тогтоолын дагуу энэхүү хичээлийг заахтай холбоотойгоор багш нарыг сургах үйл ажиллагааг Улсын хянан шалгах байгууллага хариуцаж байгаа аж.
Улсын хянан шалгах байгууллагын мэдэгдсэнээр Вьетнам Улсад авлига нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн жил авлигын 49 хэргийг шалгасан бөгөөд эдгээрийн улмаас 132.7 тэрбум вьетнам донг (6.3 сая ам. доллар) –ийн хохирол учирсан байна.
Эх сурвалж: http://tuoitrenews.vn/education/10855/vietnam-to-teach-anticorruption-courses-in-high-school

3. Индонез Улсын төрийн болон хувийн хэвшлийнхэн авлигын эсрэг амлалтын бичигт гарын үсэг зурлаа. Индонез Улсын төрийн өмчийн болон хувийн компаниуд, иргэний нийгмийн байгууллагын 30 гаруй төлөөлөгчид төрийн болон хувийн хэвшил дэх авлига, хээл хахуулийг устгахад туслах зорилгоор хамтарсан амлалтын тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү амлалтад Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Kadin, Төрийн өмчийн эрчим хүчний компани PLN, Төрийн цахилгаан эрчим хүчний компани Pertamina, “Unilever” Индонез, “British Petroleum” Индонез, Төрийн ойн компани Perum Perhutani, PT Elnusa, мөнгөн тэмдэгт хэвлэгч компани PT Perum Peruri, төрийн материал техник хангамжийн компани Perum Bulog, PT Merpati Nusantara, PT Petrokimia Gresik, PT Pupuk Kaltim, PT ASDP Indonesia Ferry, PT Hutama Karya зэрэг компанийн төлөөлөл гарын үсэг зурсан байна.
Энэхүү тунхаг бичгийг Индонезийн Авлигыг устгах хороо, Трансперэнси Интернэшнл Индонез байгууллагууд өнгөрсөн даваа гарагт Хойд Суматрад эхэлсэн Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC)-ны нэгэн семинар -ын үеэр санаачилсан юм.
Индонезийн Авлигыг устгах хорооны дарга Abraham Samad хэлэхдээ энэхүү тунхаг бол тус улс дахь авлигыг устгахад, ялангуяа авлигатай тэмцэх энэ үйл хэрэгт хувийн хэвшил, төрийн компани, иргэний нийгмийнхэн хамтарсан нь чухал алхам боллоо. Бизнесийн орчин дахь илт тод, хариуцлагатай, шударга байдлыг бий болгох нь чухал байна. Авлига, хээл хахууль нь бизнесийн өрсөлдөөнд шударга бус байдлыг бий болгож, улмаар Индонезийн эдийн засагт муугаар нөлөөлж байгаа юм” гэжээ.
Эх сурвалж: http://www.asiaone.com/News/AsiaOne%2BNews/Asia/Story/A1Story20130625-432140.html

4. Бразил Улс авлигын хэрэгт оногдуулах ялыг чангатгав. Бразилийн Сенатын танхим авлигын гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг нэмэх нэгэн хуулийг баталлаа. Энэхүү шинэ хуулиар авлигыг “бузар хэрэг” хэмээн үзэж, авлигын хэрэгт буруутай нь тогтоогдсон этгээдэд өршөөл үзүүлэх, хугацаанаас нь өмнө суллах боломжгүй болж байгаа юм.
Гэхдээ энэ хуульд тус улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хэрэгжиж эхлэх юм.
Анх 2011 онд батлахаар төлөвлөж байсан энэ хуулиар авлигын гэмт хэрэгт оногдуулан хорих ялын хамгийн бага хугацааг 2 жил байсныг 4 жил болгон нэмэгдүүлжээ. Мөн тус хуулиар авлигын гэмт хэргээр шоронд хорих хамгийн дээд хугацаа нь 12 жил байгаа юм.
Энэхүү хуулийг төрийн сангаас шамшигдуулсан, албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал олж авсан төрийн албан хаагчдад мөн албан тушаалтнуудад хээл хахууль өгөхөөр санал болгосон хувь хүн байгууллагад хэрэглэх аж.
Сүүлийн жилүүдэд Бразилийн хэд хэдэн өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсоны дотор эрх барих “Workers Party” намын хэд хэдэн улс төрчид багтаад байсан юм.
Энэ хуулийг батлах үйл ажиллагаа нь Засгийн газраа боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү анхаарал хандуулах, авлига, хээл хахуулийг бууруулахыг шаардан жагссан эсэргүүцлийн жагсаалын үеэр болж байгаагаараа онцлог юм. Тус улсад эсэргүүцлээ илэрхийлж буй жагсагчид 2014 онд Бразил Улсад зохион байгуулагдах хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний зардал өндөр байгаад дургүйцлээ илэрхийлж байгаа юм.

5. Хятадын Коммунист намын хуучин ажилтан хээл хахуулийн хэргээр 13 жилийн ял авлаа. Хятадын Засгийн газрын Xinhua агентлагаас баасан гарагт мэдээлснээр тус улсын сексийн гэмт хэрэгт холбогдон ажлаасаа халагдаад байсан Коммунист намын орон нутаг дахь нарийн бичгийн дарга асан Lei Zhengfu-г хээл хахуулийн хэрэгт буруутган шүүхээс 13 жилийн ял ногдуулсан байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятадын интернэтийн орчинд тус улсын баруун өмнөд Chongqing бүс дэх коммунист намын нарийн бичгийн дарга Lei Zhengfu нь 18 настай нууц амрагтайгаа секс хийж байгаа бичлэг олон нийтэд тархсан юм.
Энэхүү бичлэг гарсны дараагаар түүнийг ажлаас нь халж шалгаж эхэлсэн бөгөөд шалгалтын үеэр түүнийг 3.16 сая юань-тай тэнцэх хэмжээний хээл хахууль авсныг тогтоосон байна. Учир нь Хятадын Коммунист намын ажилтнууд нууц амрагтай байхыг хориглосон байдаг.
Ажлаасаа халагдсан, мөн хээл хахуулийн хэрэгт холбогдсон Lei Zhengfu-д шүүхээс мөн 300000 юанийн торгууль ногдуулсан байна. Xinhua агентлагийн мэдээлснээр тэрхүү бичлэгийг нэгэн бизнесмэн хийсэн бөгөөд 55 настай Lei Zhengfu-г сүрдүүлэн худалдааны шийдвэр гаргуулахаар энэхүү бичлэгийг нууцаар хийсэн байсан аж.
Мөн өнгөрсөн сар Chongqing бүсийн шүүхээс Засгийн газрын ажилтнуудыг секс хийж байгаа бичлэгийг нууцаар хийж сүрдүүлэг үзүүлдэг гэх 6 хүнийг шийтгэсэн аж. Xinhua агентлагийн мэдээлснээр “өнгөрөгч 1 дүгээр сард нууц амрагтайгаа секс хийж байгаад бичлэг нь нийтэд ил болсны улмаас Засгийн газрын болон төрийн өмчийн компаниудын 10 ажилтан ажлаасаа халагдсан” байна.
Эх сурвалж: http://www.reuters.com/article/2013/06/28/us-china-corruption-sex-video-idUSBRE95R06O20130628

6. Asia Society: Бирм улс уул уурхайн томоохон гэрээнүүдээ эргэн харна. Газрын тос, цагаан тугалга, ой, үнэт чулуу зэрэг байгалийн олон төрлийн арвин их нөөцтэй Бирмийн Засгийн газар байгаль орчны стандартыг мөрдөх болон авлигын эсрэг хатуу арга хэмжээ авах ажлын хүрээнд байгалийн нөөцийн ашиглалтын олон тэрбум долларын гэрээнүүдийг дахин авч үзэхээр төлөвлөж байгаа аж.
Тус улсын өмнөх болон одоогийн шинэ засгийн газартай нягт хамтран ажиллаж байгаа нэгэн эх сурвалжийн мэдээлснээр “мэдээж Бирмийн засгийн газар өмнө нь хийгдсэн бүх гэрээнүүдээ дахин авч үзэхээр бэлтгэж байгаа бөгөөд уул уурхайн төслүүд дэх нийгэм, байгаль орчны хяналт нэмэгдэнэ” гэжээ.
Бирм Улсад буй ихэнх хөрөнгө оруулагч гадаадын компаниуд нь Хятадынх байдаг юм.
“Өмнөх Засгийн газартай хийгдсэн гэрээнүүдийг шинэ Засгийн газраас шинэ бодлого, олон улсын шинэ стандартуудаар баталгаажуулахын тулд дахин авч үзэх, үнэлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс энэхүү ажилд ямар нэг оролцогчыг үлдээнэ гэж ойлгохгүй байна” хэмээн даваа гарагт “Asia Society”-ийн дэд ерөнхийлөгч Suzanne DiMaggio AFP агентлагт мэдээлжээ.
Өнгөрсөн жил хойд Бирмийн Monywa-гийн ойролцоо зэсийн уурхайд олборлолт явуулж буй Хятадын нэгэн компанийн хамгаалалтын албаны ажилчид болон орон нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн болсноор шинэ Засгийн газар уул уурхайн компаниудтай холбоотой асуудалтай тулгарсан юм.
Suzanne DiMaggio хэлэхдээ “Бирмийн Засгийн газартай байгуулсан эдгээр гэрээний өртөг магадгүй олон тэрбум доллар болох байх” гэжээ.
Одоогийн байдлаар Бирм Улс нь хөрөнгө оруулалтын шинэ хуулиудыг батлаад байгаа бөгөөд байгалийн нөөцөөс ихээхэн хэмжээний орлого олдог улс орнуудад цогц стандартыг мөрдүүлэхээр зорьж буй санаачилга буюу Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгад нэгдэхээр нэрээ дэвшүүлээд байгаа юм.
Эх сурвалж: http://www.dvb.no/news/burma-to-reassess-massive-resource-deals-asia-society/28961