Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.08.15-16/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.08.15-16/
1. Индонезийн авлигын хяналт байгууллага: Индонез Улс авлигын гэмт хэрэгтэнд хэт зөөлөн ял ногдуулж байна. Индонез Улс дахь “Индонезийн авлигын хяналт” төрийн бус байгууллагаас мэдээлж байгаагаар тус улсад сүүлийн гурван жилд авлигын гэмт хэрэг үйлдсэн 756 хүний ихэнхэд нь хэт богино хугацааны буюу 18 сараас 2 жилийн хугацаанд шоронд хорих ял ногдуулсан байгаа аж.
Тус байгууллагын судлаач Tama Satya Langkun хэлэхдээ “Индонез Улс авлигын гэмт хэргийн улмаас 620.8 сая ам. доллартой тэнцэх хэмжээний алдагдалд орсон байгаа бөгөөд эдгээр шийтгэл нь шударга биш юм” гэжээ. Түүний хэлж байгаагаар эдгээр шийтгэлийг ногдуулснаар авлигын гэмт хэргийг хязгаарлах боломжгүй, үүнээс гадна зарим хэрэгтнүүд нь өршөөлд хамрагдаж байгаа аж.
Жишээлбэл, томоохон хэмжээний авлигын хэрэгт холбогдоод байсан Angelina Sondakh-д 4 жил 6 сар, Hartati Murdaya-д 2 жил 8 сарын хугацаанд шоронд хорих ял ногдуулсан байсан гэжээ.
Tama Satya Langkun-ийн хэлж байгаагаар дээрх 756 гэмт хэрэгтнүүдийн зөвхөн 5 хэрэгтэнд л 5-аас дээш жилээр шоронд хорих ял ногдуулсан байгаа аж. Мөн эдгээр 5 хэрэгтнүүдийн нэг болох Zulkarnaen Djabar нь Солонгос Улсын худалдан авах ажиллагаатай холбоотой авлигын хэрэгт оролцсон хэмээн түүнд 15 жилийн хорих ял ногдуулсан аж.
Эх сурвалж: http://www.thejakartapost.com/news/2013/08/12/punishment-graft-convicts-too-lenient-icw.html

2. Балба Улс нийтийг хамарсан баяр ёслолд үрэлгэн зарцуулалт хийхийг хязгаарлана. Балба Улсын авлигатай тэмцэх дээд байгууллага болох Албан тушаалын гэмт хэргийг мөрдөх хорооноос төрсөн өдөр, хурим зэрэг нийтийг хамарсан баяр ёслолын арга хэмжээнд ард иргэдээ үрэлгэн хандахгүй байхыг анхааруулан нэгэн тушаал гаргасан байна.
“Албан тушаалын гэмт хэргийг мөрдөх хорооноос гаргасан энэхүү тушаалд зааснаар хуримын арга хэмжээнд уригдсан зочдын тоо 51-ээс ихгүй байх ба хуримын бөгжинд орох алтны хэмжээ 20 граммаас ихгүй байх ёстой” гэж Синхуа агентлаг мэдээллээ.
Мөн тус хорооноос ард иргэддээ хандан төрийн албан хаагчдын нийтийг хамарсан арга хэмжээн дэх хэтэрхий их зарцуулалтуудад хяналт тавьж, шаардлагатай бол тус хороонд мэдээлж байхыг уриалсан байна.
Энэхүү тушаалыг зөрчсөн этгээдэд торгууль ногдуулж, 30 хүртэлх өдрийн хугацаанд шоронд хорих юм байна.
Тус хорооны энэхүү тушаал нь шинэ зүйл биш юм. Учир нь 40-өөд жилийн өмнө буюу 1976 онд батлагдсан “Social Behaviour Reform Act” хэмээх өмнө нь бүрэн хэрэгжиж байгаагүй хуульд ижил төстэй заалт байгаа юм.
Эх сурвалж: http://www.business-standard.com/article/news-ians/nepal-curbs-lavish-spending-on-social-functions-113080900765_1.html

3. Замби Улсын ерөнхийлөгч асан Rupiah Banda-д холбогдох авлигын хэргийн шүүх хурал 10 дугаар сар хүртэл хойшиллоо. Замби Улсын ерөнхийлөгч асан Rupiah Banda-г 2.5 сая долларын газрын тосны гэрээнээс хувьдаа ашиг хүртсэн гэдгийг экс эрчим хүчний сайд Kenneth Konga үгүйсгэсний дараагаар шүүх хурал өнгөрөгч лхагва гарагт хойшилж 10 дугаар сард болохоор боллоо.
Rupiah Banda-г ерөнхийлөгчийн албыг хашиж байх үед эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Kenneth Konga-г шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “газрын тосны асуудал бол ноцтой асуудал, тиймээс бид эх орондоо ашигтай байх боломжийг хайсан. Газрын тосны гэрээнээс ерөнхийлөгчид бус, эх орондоо ашигтай байж болох бүхий л зүйлийг хийсэн” гэжээ.
Rupiah Banda нь Нигер улстай гэрээ байгуулахад бүрэн эрхээ урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж байгаа юм. Мөн түүнийг энэхүү гэрээг байгуулах ажлаас хувьдаа ашиг хүртсэн хэмээн буруутгаж байгаа юм.
Шүүгч Joshua Banda энэ хэргийн шүүх хурлыг түр хойшлуулаад байгаа бөгөөд 10 дугаар сарын 21-нд хуралдахаар боллоо.
Ерөнхийлөгчийнх нь халдашгүй байдлын хугацаа дуусгавар болсны дараагаар тэрбээр энэ хэрэгт буруугүй болохоо илэрхийлж байсан бөгөөд 3 дугаар сар түүнийг түр саатуулсан юм.
Өмнөд Африкийн энэ улсыг 2008-2011 онд удирдаж байсан 76 настай Rupiah Banda-г өнгөрөгч 4 дүгээр сараас хойш Замби улсаас гарч явахыг гурван удаа хориглоод байгаа юм. Хэрвээ түүнийг энэ хэрэгт буруутай гэж үзвэл түүнд хамгийн ихдээ 5 жилийн хугацаанд шоронд хорих ял ногдуулах юм.
Мөн Rupiah Banda-гийн эсрэг үүсгээд байгаа авлигатай холбоотой бусад хэд хэдэн хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.
Эх сурвалж: http://www.foxnews.com/world/2013/08/14/zambia-ex-president-graft-trial-postponed-to-october/#ixzz2cKfSDsy0

4. Трансперэнси Интернэшнл байгууллагын 20 жилийн ойн хүрээнд залуусын дунд зарласан фото зургийн болон эссэ бичлэгийн уралдааны ялагчдыг тодрууллаа. Трансперэнси Интернэшнл байгууллагын 20 жилийн ойн хүрээнд залуусын дунд зарлаад байсан фото зургийн болон эссэ бичлэгийн уралдааны ялагчдыг тодрууллаа. Уралдаанд нийт 1400 бүтээл ирсэн бөгөөд 18-30 насныхан авлигын хор хөнөөлийг илтгэх зураг болон авлигыг зогсооход хүмүүс юу хийж чадах талаар эссэ бичиж ирүүлсэн байна.
Энэхүү уралдаан нь тус байгууллагын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа хэд хэдэн арга хэмжээнүүдийн нэг бөгөөд уралдааны ялагчдын бүтээлийг Трансперэнси Интернэшнл байгууллагын цахим хуудас болон “Thomson Reuters”-ийн сангийн trust.org цахим хуудаснаас үзэх боломжтой юм.

Фото зургийн уралдаанд

1-р байр: Sony Ramany (Bangladesh)
2-р байр: Rajarshi Chowdhury (India)
3-р байр: Maria Francesca Avila (Philippines)
3-р байр: Sumon Yusuf (Bangladesh)

Эссэ бичлэгийн уралдаанд

1-р байр: Ugoh Wilson Emenike (Nigeria)
2-р байр: Keisha Baisden (Trinidad and Tobago)
3-р байр: Subecha Dahal (Nepal)

Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/ti_20th_anniversary_youth_writing_and_photo_competition_reveals