Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.08.19-23/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.08.19-23/
1. Египет Улсын ерөнхийлөгч асан Hosni Mubarak-ийг авлигын хэрэгт буруугүй болохыг тогтоож суллав. Египетийн шоронд хоригдож байсан удирдагч асан Hosni Mubarak-ийг авлигын хэрэгт буруугүй болохыг тогтоож, өнгөрөгч пүрэв гарагт “Tora” шоронгоос суллав.
Египетийн хуулийн байгууллагын ажилтнуудын мэдээлж байгаагаар өнгөрөгч даваа гарагт болсон шүүх хурлаас 85 настай Hosni Mubarak –ийг “ерөнхийлөгчийн ордны” гэх төсвийн сангуудаас хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруугүй болохыг тогтоосон байна.
Hosni Mubarak-ийн засаглалыг 2011 онд хүчээр зогсоосны дараагаар түүнийг шоронд хориод байсан бөгөөд энэ хэргээс гадна төрийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас авлигын хэлбэрээр бэлэг хүлээн авсан, 2011 оны хувьсгалын үеэр босогчдын хөнөөсөн зэрэгт мөн буруутгаж байгаа юм.
Mubarak-ийн хуульч Fareed el-Deeb Ройтерс агентлагт “Mubarak-ийг буруутгаад байсан бусад авлигын хэрэг болон босогчидтой холбоотой хэргийн шүүх хурал ойрын үед дахин хуралдах болно. Тиймээс түүнийг ойрын үед шоронгоос суллах болно” гэж мэдээлж байсан ёсоор түүнийг Кайр хотын “Tora” шоронгоос пүрэв гарагт суллан дараагийн шүүх хурал хүртэл гэрийн хорионд оруулсан байна.
Орон нутгийн нэгэн телевизийн мэдээлснээр түүнийг шоронгоос гарган өндөр хамгаалалтын доор орон нутгийн нэгэн эмнэлэг рүү авч яваа бичлэгийг харуулсан байна.
Эх сурвалж: http://www.aljazeera.com/news/middleeast/2013/08/2013819122749582224.html

2. Индонезийн Авлигыг устгах хороо авлигатай тэмцэхийн тулд радио суваг нээв. Индонезийн Авлигыг устгах хороо олон нийтийг хамарсан авлигын эсрэг систем байгуулахын тулд нэгэн радио сувгийг нээсэн байна.
Индонезийн Авлигыг устгах хорооны дэд дарга Adnan Pandu Prajahe хэлэхдээ “Хүмүүс энэ "KanalKPK" радиогоор дамжуулан авлигын хэргийг чөлөөтэй мэдээлж болно. Мэдээлэл тэднээс шууд олон нийтэд хүрнэ, олон нийтэд хүрснээр эдгээр хэргүүд илчлэгдэх болно” гэжээ.
“Авлигатай тэмцэж буй хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн тоо авлигач хүмүүсийн тооноос цөөн байна. Тиймээс авлигатай тэмцэх системийг өргөжүүлэхгүйгээр, авлигчдыг цөөрүүлэхэд хүндрэлтэй юм” хэмээн өнгөрсөн ням гарагт Авлигыг устгах хорооны дэд дарга радиог нээхдээ хэлсэн байна. Тэрээр нэмж хэлэхдээ “Авлигыг устгах хорооны үзэж байгаагаар энэ радио бол хүмүүсээр дамжуулан авлигатай тэмцэх хүчтэй системийг байгуулах нэг хэрэгсэл, тийм ч учраас энэ систем хөгжиж цаашид авлигаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болно. Одоо үе бол бол мэдээлэл, харилцаа холбооны эрин, тиймээс Авлигыг устгах хороо Индонезийн бүх иргэдтэй харилцаа холбоо тогтоох боломжтой байх ёстой.
Авлигыг устгах хороо нь төрийн мэдлийн радио станцтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд эхний удаа өдөрт нэг цагийн нэвтрүүлэг дамжуулна. Цаашид бусад радиотой хамтран ажиллаж үйлчилгээгээ улам өргөжүүлэх болно хэмээн тус байгууллагын дэд дарга нэмж хэлжээ.
Эх сурвалж: http://www.antara.co.id/en/news/90306/kpk-opens-radio-streaming-service-to-fight-corruption

3. АНУ-ын татвар хураалтын агентлаг Камбожийн ажилтнуудыг сургаж байна. Энэ долоо хоногт АНУ-ын татвар хураалтын агентлагийн ажилтнууд Камбожийн банк, авлигатай тэмцэх байгууллага, Үндэсний цагдаагийн байгууллага, Хууль зүйн яам, Үнэт цаасны хорооны ажилтнуудад санхүүгийн хууль бус үйл ажиллагааг хэрхэн илрүүлэх талаар сургалт явуулж байна.
АНУ-ын Элчин сайдын хэвлэлийн төлөөлөгч Sean McIntosh хэлэхдээ “санхүүгийн мөрдөн байцаалттай холбоотой энэхүү сургалтыг АНУ-ын Дотоод орлого хураалтын албаныхан зохион байгуулж байгаа. АНУ-ын Сангийн яамны нэг хэсэг болох энэхүү алба нь энэ сургалтыг 2010 оноос хойш зохион байгуулан явуулж байна” гэжээ.
Үндэсний цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Kirth Chantharith энэхүү мэдээллийг бататган мөнгө угаах явдлыг илрүүлэхийн тулд цагдаагийн ажилтнуудыг сургаж байна. Цагдаагийн ажилтнуудад мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх талаар холбогдох мэдээллийг шалгах арга техник дутагдалтай байгаа. Тиймээс тэдний сургах хэрэгтэй. Цагдаа нарыг өмнө нь сургаж байсан ч бид хүний нөөцөө бэхжүүлэхийн тулд тэднийг илүү мэргэшүүлэн сургах шаардлагатай байна” гэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Камбожийн Үндэсний банкны ажилтнууд Британи Элчин сайдын яамны санхүүжилтээр Английн Олон улсын засаглал, эрсдлийн институцээс мөн ийм төрлийн сургалтыг авч байсан юм. Олон улсын засаглал, эрсдлийн институцээс “Камбож улс эдийн засгийн хурдтай өсөлттэй байгаа энэ үед энэ улс мөнгө угаагчдыг илүү анхааралдаа авах хэрэгтэй” гэсэн юм. Мөн АНУ-ын Төрийн Депертаментийн нэгэн тайланд “Камбож улс дахь авлига болон шүүхийн системийн сул байдал нь мөнгө угаах гэмт хэрэгт илүү эмзэг болгож байна” гэсэн юм.
Эх сурвалж: http://www.cambodiadaily.com/business/us-taxman-provides-investigation-training-40220/

4. Швейцарийн банкнаас мэдээлэл хулгай хийсэн хэргээр германы компьютерийн мэргэжилтэнд 3 жилийн хорих ял оногдууллаа. Швейцарийн шүүхээс өнгөрөгч пүрэв гарагт компьютерийн мэргэжилтэн 54 настай Lutz Otte-ийг Швейцарийн “Julius Baer” банкны хэрэглэгчдийн мэдээллийг Германы татварын мэргэжилтнүүдэд худалдсан хэрэгт буруутган түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Швейцарь Улсыг олон улсын зүгээс банкны нууцлалын тухай хуулиудаа өөрчлөхийг шаардаж байгаа юм. Бусад улс орнуудын үзэж байгаагаар Швейцарийн банкны өнөөгийн систем нь зарим улс орнуудын баячуудыг татвараас зайлсхийх боломжийг олгож байна гэж үзэж байгаа юм.
Шүүх хуралд 2005 онд Германаас Швейцарьт шилжин ирсэн, компьютерийн мэргэжилтэн Lutz Otte мэдүүлэг өгөхдөө “Германы татварын байгууллага дахь өөрийн өрөө барагдуулахын тулд 1,1 сая еврогийн урамшууллын мөнгийг ашиглахаар шийдсэн. Учир нь Германы татварын мэргэжилтнүүдээс маш их дарамт үзүүлж байсан, тэрхүү дарамтыг хөнгөвчлөх зорилгоор энэхүү үйлдлийг хийсэн гэж” Lutz Otte шүүхэд мэдүүлэхдээ хэлжээ.
Тэрээр 2011 оны 10-12 дугаар сарын хооронд Швейцарийн “Julius Baer” банкны мэдээллийн сангаас Герман, Нидерланд харилцагчдын мэдээллийг авснаа хүлээн зөвшөөрсөн юм. Түүнийг ажлынхаа компьютерээс хувийн э-майл хаягруугаа харилцагчдын нэрс, хаяг, дансны дугаар, үлдэгдэл зэрэг мэдээллийг 15 удаа шилжүүлсэн болохыг тогтоосон юм.
Эдгээр мэдээллээс 100000 евро, франк, фунт, доллароос их хэмжээний хөрөнгөтэй харилцагчдын мэдээллийн заримаас түүвэрлэн 2012 оны 2 дугаар сард Берлин хотод уулзсан нэгэн хамтрагчдаа илгээсэн байна. Үүний дараагаар 1,1 сая еврогийн төлбөрийг зөвшөөрч 2700 орчим Герман иргэдийн банкны мэдээллийг Германы татварын байгууллагуудад шилжүүлсэн байна.
Эх сурвалж: http://www.trust.org/item/20130823114919-1c274/

5. Хятадын Улс төрч асан Bo Xilai –ийн шүүх хурал өндөрлөв. Хятадын тэргүүлэх улс төрч, Chongqing хотын Коммунист намын дарга асан Bo Xilai-ийг, хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг тогтоох шүүх хурал 8 дугаар сарын 22-нд эхэлж, энэ 7 хоногийн даваа гарагт өндөрлөв. “5 өдөр үргэлжилсэн шүүх хурлаас шүүхийн тогтоол гаргах өдрийг хожим товлохоор боллоо” хэмээн Синхуа агентлаг мэдээллээ.
Шүүхийн өмнө Bo Xilai өөрийгөө хамгаалж байсан бөгөөд томоохон хэргүүдээ үгүйсгэж, ихэнх гэрчийн мэдүүлгүүдийг няцааж байв. Прокурорын талын хийсэн мэдэгдэлд “гэмт хэрэгтэн буруутайгаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ялыг хөнгөрүүлэх бус, харин ч хатуу шийтгэл оногдуулах хэрэгтэй” хэмээн үзэж байгаа аж.
Британи бизнесмен Neil Heywood –ийг алсан хүн амины хэрэгт эхнэр Gu Kailai холбогдсоны дараагаар Bo Xilai-ийн Хятад Улс дахь тэргүүлэх улс төрчийн замнал төгсгөл болсон юм.
Шүүх хурлын үеэр Bo Xilai ямар нэгэн гэмт хэрэгт буруугүй болохоо удаа дараа мэдэгдэж байсан юм. Мөн цагдаагийн дарга асан Wang Lijun өөрийг нь санаатайгаар, худлаа буруутгаж байна гэж удаа дараа хэлж байсан юм.
Яллагч тал Bo Xilai –г 2 бизнесменээс хээл хахуульд 20 сая гаруй юань (2.1 сая фунт) авсан, Засгийн газрын барилгын ажлын төслөөс 5 сая юань шамшигдуулсан, өөрийн эхнэр Gu Kailai-ийн үйлдсэн Британийн бизнесменийн хүн амины хэргийг эрх мэдлээ ашиглан нуун дарагдуулсан зэрэгт буруутгаад байгаа юм.
Зарим ажиглагчдын үзэж байгаагаар түүнд цаазаар авах ял оногдуулж магадгүй аж.
Эх сурвалж: http://www.theguardian.com/world/2013/aug/26/china-bo-xilai-trial-ends