Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.08.26-30/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.08.26-30/
1. Пакистаны Үндэсний хариуцлагын товчоо даргагүй байгаагийн улмаас олон тооны хэрэг шийдэгдээгүй хүлээгдсээр байна. Пакистаны авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага буюу Үндэсний хариуцлагын товчоо одоогоор даргагүй байгаа явдал нь олон сая руппигээр хэмжигдэх, 1200 орчим авлигын хэргийн мөрдөн байцаалтын ажил зогсонги байдалд ороход хүрээд байна.
Энэ оны 5 дугаар сарын 29-өөс 8 дугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд шийдэгдээгүй эдгээр хэргүүдийн дотор “Elixir” групп, “Zarai Taraqiati” банк, Хөрөнгийн хөгжлийн агентлаг, Цахилгаан холбооны агентлаг, Сангийн яам, Хүн ам нийгмийн хамгааллын газар, Үнэт цаасны хороо, Орон сууцын яам зэрэг газруудын эсрэг үүсгээд байгаа томоохон хэргүүд байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр “Elixir” групптэй холбоотой 400 гаруй, Үнэт цаасны хороотой холбоотой 20 гомдол мэдээллийг Үндэсний хариуцлагын товчоо мөн хугацаанд хүлээн авсан байна. Төрийн үйл ажиллагааны бусад байгууллагуудтай холбоотой авлигын хэргийг шийдвэрлэх явц нь Үндэсний хариуцлагын товчооны даргыг томилогдох хүртэл цаашид хүлээгдэх юм.
Үндэсний хариуцлагын товчоо нь зарим хэргүүдийг эцэслэн шалгаж шүүхэд шилжүүлэхэд бэлэн болгоод байгаа ч, хуулийн дагуу хэргийг шүүхэд шилжүүлэхэд Үндэсний хариуцлагын товчооны даргын зөвшөөрч, баталгаажуулсан гарын үсэг шаардлагатай байдаг.
Үндэсний хариуцлагын товчооны өмнөх дарга адмирал Fasih Bokhari-ийн томилгоог тус улсын Дээд шүүхээс хууль бус хэмээн үзэж 5 дугаар сарын 28-нд албан тушаалаас нь буулгасан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр “Ерөнхий сайд Nawaz Sharif-ийг “Eidul Fitr” шашны баярын дараагаар Үндэсний хариуцлагын товчооны даргыг томилох асуудлаар сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээр хийх байх гэж таамаглаж байсан ч одоогийн байдлаар ямар нэгэн алхам хийгдээгүй байна” гэжээ.
Эх сурвалж: http://www.pakistantoday.com.pk/2013/08/20/news/national/nab-stands-crippled-without-chairman/

2. Авлигач шүүгчид хатуу шийтгэгдэх ёстой. Хятадын Дээд шүүхийн ерөнхийлөгч Zhou Qiang пүрэв гарагт мэдэгдэхдээ “шүүгчид хууль, ёс зүйн дүрэм зөрчвөл энэ нь Хятадын шүүхийн систем болон шүүгчийн найдвартай байдалд ичгэвтэр хэрэг болно тиймээс, хууль зөрчсөн шүүгчдийг хатуу чанга шийтгэж байх ёстой” гэжээ.
Нэмж хэлэхдээ “Хятадын шүүгчдийн оролцсон гэмт хэрэг, шүүгчийн нэр хүнд, бүрэн эрхээ урвуулан ашигласан явдал зэргээс шүүгчид сургамж авах хэрэгтэй. Өнөөгийн Хятадын шүүхийн системд ёс зүй муутай, мэргэжлийн чадваргүй, авлигач байдал байсаар байгаа бөгөөд энэ нь Хятадын шүүхийг хүндрэлтэй байдалд оруулж байгаа юм” гэжээ.
Тэрбээр Хятадын шүүх өөрсдийн шүүгчдийн мэдлэгийг дээшлүүлэх, шүүгчдийн буруугаар ашиглаж байгаа хуулийн цоорхойг үндсээр нь арилгах хэрэгтэй байгааг цохон тэмдэглэсэн байна.
Шүүхээс шүүгчдэд тавих хяналтаа нэмэгдүүлэх, түүнчлэн авлигаас урьдчилан сэргийлэх үр ашиг бүхий механизмыг бүрдүүлэх шаардлагатайг мөн онцолсон байна.
Хятадын Дээд шүүхийн ерөнхийлөгчийн хэлсэн энэхүү мэдэгдэл нь Шанхай хотын дээд шүүхийн 4 шүүгч тус хотын нэгэн шөнийн клубээс биеэ үнэлэгчдийг хөлслөн авсан хэрэгт буруутган ажлаас нь халсны дараагаар болж байгаагаараа онцлог болж байна.
Эх сурвалж: http://www.chinadaily.com.cn/china/2013-08/15/content_16897739.htm

3. Филиппин Улс авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдын хоригдох хугацааг уртасгаж магадгүй. Филиппин Улс авлигын эсрэг хуульдаа нэмэлт оруулахаар Сенатад төслийг өргөн бариад байна. Хуулийн төсөл батлагдвал авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдыг шоронд хорих хугацаа уртасгах юм.
Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар бол авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдад 6-15 жилийн ял оногдуулдаг байсан бол сенатор Teofisto Guingona-ийн өргөн бариад байгаа хуулийн төсөлд энэ хугацаа 12-20 жил болж уртассан байна.
Сенатор Teofisto Guingona мэдэгдэлдээ “хээл хахууль, авлигын практикийн эсрэг хуулийг чангатгах”, нөгөө талаас “өнөө үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх”-ийн тулд хуулийн төслийг өргөн бариад байна гэжээ.
Мөн энэ хуулийн төсөлд авлигын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг одоогийн 15 жил байгааг 20 жил болгож нэмэгдүүлэхээр тусгаад байгаа юм.
Энэхүү хуулийн төслийг Сенатаар батлуулахын өмнө дэд хорооны хурлаар хэлэлцэж, санал авах ёстой байдаг.
Эх сурвалж: http://ph.news.yahoo.com/senate-bill-increases-jail-term-corrupt-public-officials-051621223.html

4. Хятад Улс авлигатай тэмцэх 5 жилийн ажлын төлөвлөгөөгөө батлав. Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны мэдээлснээр 2017 оны сүүлч гэхэд Хятад Улс авлигачдыг шийтгэх цогц систем бүрдүүлэхээр болжээ.
Өнгөрсөн Мягмар гарагт Улс төрийн товчооны баталсан 5 жилийн ажлын төлөвлөгөөнд зааснаар төрийн албан хаагчид эрх мэдлээ хэрхэн ашиглаж байгааг хянах хяналтын болон шийтгэлийн системийг авлигач бус төрийн албан хаагчдын оролцоотойгоор бий болгохоор тусгагдсан байна.
Энэхүү ажлын төлөвлөгөөнд авлигын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд “бар” (өндөр түвшний албан хаагчид) болон “ялаа” (доогуур түвшний албан хаагчид)-нуудыг бүгдийг нь хамруулсан байна.
Өнгөрөгч 1 дүгээр сард болсон авлигын эсрэг зөвлөгөөний үеэр Хятад Улсын дарга Xi Jinping авлигачдад хатуу хяналт тавихаа амласан юм. Тэрээр авлигын эсрэг холбогдох байгууллагууд “бар, ялаа”-нуудыг бүгдийг таслан зогсоох ёстой гэсэн юм.
Төлөвлөгөөнд тусгагдсанаар Коммунист намын сахилгын хяналтын системийг шинэчлэх, Коммунист намын авлигатай тэмцэх байгууллагуудаар дамжуулан тавих хяналтыг нэмэгдүүлэх, улмаар шүүх, хуулийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өргөжүүлэхээр заажээ. Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий албан хаагчид төрийн бусад албан хаагчдад үлгэрлэн, манлайлах үүрэгтэй оролцох ёстой юм.
Мөн төлөвлөгөөнд тусгагдсанаар, Коммунист намын болон Засгийн газрын албан хаагчдын үрэлгэн, хүнд сурталтай, бюрократ болон тансаглах дуртай байдлыг устгахаар заасан байна.
Эх сурвалж: http://www.chinadaily.com.cn/china/2013-08/29/content_16927857.htm

5. Филиппиний олон мянган иргэд авлигын эсрэг жагсав. Филиппин Улсын нийслэл Манила хотын төв болон бусад хотуудаар нийт 100,0 мянга орчим иргэд оролцон хөгжлийн сангаас хууль бус зарцуулалт хийж байгаад эсэргүүцлээ илэрхийлэн жагссан байна. Энэхүү жагсаал нь тус улсын Ерөнхийлөгч Benigno Aquino-ийн засаглалын үед зохион байгуулагдсан хамгийн том эсэргүүцлийн жагсаалын нэг болж байна.
Өнгөрөгч даваа гарагт болсон уг жагсаалд оролцогчдын олонх нь Манила хотын төв дэх хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болох “Luneta Park”-д цугларсан бөгөөд Засгийн газрын “Хөгжлийн тусламжийн сан”-гаас 200 сая гаруй долларыг гэрийн тэжээвэр амьтдад зориулсан санд зүй бусаар зарцуулж, шамшигдуулж байгаад эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Жагсагчид энэхүү сангийн зарцуулалтын дүрэм болон холбогдох тогтолцоог бүхлээр нь өөрчлөхийг шаардсан байна.
Цагдаа нарын хэлж байгаагаар Манила хотын “Luneta Park”-д 60000 орчим хүн цугларсан байсан бөгөөд эдгээрийн зарим нь гахайн дүрс бүхий баг өмсөж, уриа барьсан байжээ. Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж 1500 орчим цагдаагийн албан хаагчид ажилласан бөгөөд ямар нэгэн мөргөлдөөн гараагүй байна.
Зүүн өмнөд Азийн 97 сая хүн амтай, хүн амынх нь 28 орчим хувь нь нэн ядуу амьдардаг энэ улсын үрэлгэн зарцуулалтын эсрэг татвар төлөгч иргэд жагсаж байгааг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр харуулсан байна.
Эх сурвалж: http://www.cbc.ca/news/world/story/2013/08/27/philippines-pork-barrel-corruption-protests.html