Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.09.02-06/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.09.02-06/
1. Ази, номхон далайн улс орнуудын авлигын эсрэг форум Сөүл хотод зохион байгуулагдлаа.
Өнгөрөгч пүрэв гарагт Ази, номхон далайн улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын төлөөлөл авлигатай тэмцэх асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх арга замын талаар хэлэлцэж, сайн туршлагаасаа хуваалцлаа.
Даваа гарагт эхэлсэн Авлигатай тэмцэх байгууллагуудын 2 өдрийн энэхүү форумд 9 улсын авлигатай тэмцэх байгууллагын 30-аад төлөөлөл оролцсон байна. 7 дахь удаагийн энэхүү форумыг Өмнөд Солонгос Улсын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооноос зохион байгуулсан байна.
Энэхүү форумын нээлтэд Өмнөд Солонгос Улсын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооны дарга Lee Sung-bo “эдийн засаг даяарчлагдаж байгаа энэ үед авлига бол үндэстэн хоорондын асуудал болж байна. Тиймээс бид гадаадын авлига болон хил дамнасан хууль бус санхүүгийн шилжүүлгийн асуудлаар улам бүр анхаарал хандуулах шаардлагатай байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Мөн “Авлига бол дэлхийн нийтийн асуудал, тиймээс энэхүү асуудлыг олон улс орны хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэгдэх ёстой юм.”
Форумд оролцогчид өөрийн улс орон болон дэлхий дахинд авлигатай тэмцэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны орчин үеийн чиг хандлага, хөгжлийн талаар хэлэлцсэн байна.
Индонезийн Авлигыг устгах хорооны комиссар Adnan Pandu Praja 2010 онд Сөүл хотод болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтаар Их-20-ийн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө баталсныг онцолж. Энэхүү уулзалтаар “Авлигатай тэмцэх байгууллагуудын үйл ажиллагааг гаднын нөлөөллөөс хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулахыг баталгаажуулсан” гэжээ.
Австралийн Шинэ өмнөд Уэльсийн Авлигатай тэмцэх газрын дэд дарга Theresa Hamilton авлигын хэргийг мөрдөн байцаах болон шүгэл үлээгчийг хамгаалахын чухлыг онцлон тэмдэглэж, “Авлигатай тэмцэх газарт ирж буй анхдагч мэдээллийн ихэнх нь шүгэл үлээгчдээс ирдэг. Тиймээс шүгэл үлээгчид хамгаалагдсан байх нь маш чухал” гэжээ. Тэрээр нэмж хэлэхдээ “шүгэл үлээгчдийг зоригжуулах, сургаж боловсруулах, улмаар тэрхүү зөв хандлагыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй” гэжээ.
Сингапур, Малайз, Хонг Конг, Филиппин Улсын авлигатай тэмцэх хорооны дарга нар авлигын эсрэг хэрэгжүүлэх бодлогуудыг идэвхжүүлэх хэрэгтэй байгааг тус тус онцолсон байна.
Форумын үеэр Өмнөд Солонгос Улсын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооны дарга Lee Sung-bo өөрийн орны авлигын эсрэг стратеги, туршлагын талаар танилцуулсан байна. Солонгосын Засгийн газар анх 2001 онд Авлигын эсрэг хууль баталсан юм.
Дарга Lee Sung-bo хэлэхдээ “авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг Солонгосын Засгийн газар дангаараа хийж чадахгүй гэдгийг ойлгож байгаа. Тиймээс, бид Засгийн газар хооронд болон засгийн газрын болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд авлигатай тэмцэх илүү үр дүнтэй боломжит арга замуудыг бий болгож чадна” гэжээ.
Ази, номхон далайн бүсийн улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын дунд хамтын ажиллагаа болон мэдээлэл солилцох үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор 2002 онд Авлигатай тэмцэх байгууллагуудын форумыг анх зохион байгуулж байсан юм. Анхны форум Сөүл хотод зохион байгуулагдсан тэр цагаас хойш, энэ форум нь авлигатай тэмцэх байгууллагуудын удирдлагууд авлигатай тэмцэх бодлогын асуудлаар уулзаж, санал солилцох нэгэн цэг болсон юм. Дараагийн форум 2015 онд Малайзын Куала Лумпур хотод зохион байгуулагдахаар болжээ.
Эх сурвалж: http://www.thejakartapost.com/news/2013/09/04/asia-pacific-countries-boost-fight-against-graft.html

2. Индонезийн Замын цагдаагийн дарга асан генерал Djoko Susilo авлигын хэрэгт буруутай.
Индонезийн шүүх мягмар гарагт мөнгө угаасан, хээл хахууль авсан хэрэгт буруутган Замын цагдаагийн дарга генерал Djoko Susilo-д 10 жилийн хорих ял оногдуулсан байна.
Индонезийн замын цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн хөрөнгөө 18 сая доллароор нэмэгдүүлсэн цагдаагийн генерал Djoko Susilo-д оногдуулсан энэхүү хэрэг нь тус улсын Авлигыг устгах хорооноос өндөр цолтой цагдааг шалгасан анхны тохиолдол болж байгаа бөгөөд цаашид цагдаагийн байгууллага дахь авлига, хээл хахуулийн эсрэг арга хэмжээ явуулах эхлэл болж байна.
Индонез Улсад авлига хамгийн ихтэй институцийн нэгийг цагдаагийн байгууллага гэж үздэг юм. Улмаар цагдаагийн байгууллага дахь авлигыг устгах нь Индонезийн талаарх хөрөнгө оруулагчдын төсөөллийг сайжруулах томоохон алхам болно гэж үзэж байгаа юм.
Шүүгчийн шийдвэрийн дараагаар Авлигыг устгах хорооны дэд дарга Bambang Widjojanto-ийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “хөрөнгийн хэмжээгээр нь авч үзвэл энэ хэрэг одоогийн байдлаар Авлигыг устгах хорооны шалгасан хамгийн том хэрэг байлаа” гэжээ.
Замын цагдаагийн дэд дарга асан Didik Purnomo-г мөн энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд хэрэг шүүхийн шатанд байгаа юм.
Цагдаагийн генерал Djoko Susilo-г Замын цагдаагийн газрын даргын албан үүргийг хашиж байх үедээ жолоодлогын сургалтын автомат төхөөрөмжийн гэрээнээс хээл хахууль асан буруутайг нь тогтоосон юм.
Индонез Улсад гадаадын хөрөнгө оруулалт асар ихээр орж ирж буй энэ үед өргөн тархсан авлига, төрийн албан дахь хүнд суртал зэрэг нь хөрөнгө оруулалтын өсөлтийг зогсоож, улмаар хөрөнгө оруулагчдыг үргээж магадгүй байгаа юм.
Авлигыг устгах хорооноос генерал Djoko Susilo-г шалгаж байх үед, тус хорооны ажилтнууд түүнийг 3 эхнэрийнхээ нэрээр 18 сая долларын өртөг бүхий газар, машин, ордон зэрэг хөрөнгийг нуухыг хичээж байсныг олж тогтоосон юм.
Эх сурвалж: http://www.reuters.com/article/2013/09/03/us-indonesia-corruption-idUSBRE9820M420130903

3. Хятадын албан хаагч авлигын мөрдөн байцаалтын улмаас нас барсан байна.
Төрийн өмчийн “Beijing Times” сонины лхагва гарагийн дугаарт “мөрдөн байцаагчид төрийн нэгэн албан хаагчийг авлигын хэрэгт буруутган, хэргийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хувцсыг нь тайлж усанд дүрж байцааж байсан” талаар мэдээллээ.
Авлигын хэргээр байцаагдаж байсан Yu Qiyi-гоос мөрдөн байцаагчид сэтгэлдээ нийцсэн хариулт авахын тулд түүнийг хэд хэдэн удаа “мөстэй” усаар дүүрсэн ваннад оруулж байсныг “Beijing Times” сонин нэгэн шүүхийн эх сурвалжийг иш татан мэдээлсэн байна.
“Wenzhou хотын зүүн хэсэгт орших төрийн өмчит компанийн ахлах инженерийн үүргийг гүйцэтгэж байсан 42 настай Yu Qiyi –ийн тэмцлийг хүчээр зогсоосон” гэж тус сонинд дурджээ.
Yu Qiyi нь эмнэлэгт хүргэгдэн хэдэн цагийн дараа нас барсан юм.
Сонинд дурдсанаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “шингэн залгиж” амьсгалын замын дутагдал болж тэр нь улмаар үхэлд хүргэсэн” гэсэн дүгнэлт гарсан байна.
Сонинд бичсэнээр түүнийг газрын гэрээтэй холбоотой гэмт хэрэгт сэжиглэж өнгөрөгч 3 дугаар сарын эхэн үеэс түүнийг саатуулан байцааж байсан бөгөөд 4 дүгээр сард нас барсан аж.
Yu Qiyi –аас байцаалт авч байсан 6 мөрдөн байцаагчийн 5 нь Коммунист намын сахилгын хяналтын газраас, 1 нь орон нутгийн прокурор байсан бөгөөд тэднийг бусдыг санаатайгаар гэмтээсэн хэрэгт буруутгаад байгаа бөгөөд шүүх хурал одоогоор болоогүй байгаа аж.
Сонинд дурдсанаар Yu Qiyi –ийн эхнэр Wu Qian хэлэхдээ “тэр 38 өдрийн турш байцаагдахдаа маш их турсан байсан. Прокурорууд түүнийг усанд дүрэхээс гадна өөр олон аргаар тамласан” гэжээ.
Авлигын эсрэг мөрдөн байцаалтын үеэр хэдэн хүн нас барсан нь одоогоор тодорхойгүй байна.
Энэ хэрэгтэй төстэйгээр Хятадын мэдээллийн хэрэгслүүдээр өмнө нь мэдээлж байснаар Hubei мужийн ажилтан Qian Guoliang намын авлигын эсрэг мөрдөн байцаагчдын мөрдөн байцаалтын дараагаар 6 дугаар сард нас барсныг мөн мэдээлж байсан билээ.
Эх сурвалж: http://uk.news.yahoo.com/china-official-drowned-anti-graft-probe-report-035615150.html#NsiZHXh

4. Малайзын Авлигатай тэмцэх хороо хувийн салбар дахь авлигад анхаарлаа хандуулна.
Малайзын Авлигатай тэмцэх хорооны тэргүүн комиссар Abu Kassim Mohamad-ийн мэдээлснээр тус улсын Авлигатай тэмцэх хороо нь хувийн салбар дахь авлига тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой хувийн компаниудын авлигын асуудалд анхаарлаа хандуулж ажиллах аж.
Abu Kassim хэлэхдээ “Засгийн газрын маш олон үйлчилгээг хувийн салбарынхан гүйцэтгэж байна тиймээс Засгийн газрын үйлчилгээг үзүүлж буй хувийн компаниуд дахь авлигын асуудалд анхаарлаа хандуулах нь маш чухал асуудал болж байна. Сүүлийн 20-30 жил бид төрийн байгууллага дахь авлигатай л тэмцэж ирсэн” гэж мягмар гарагт болсон тус хорооны ажилчдын 21 давхар орон сууцны барилгын нээлтийн үеэр хэлсэн байна.
Уг нээлтийн үеэр тус улсын “Penang” мужийн Авлигатай тэмцэх хорооны дарга нар оролцсон бөгөөд Abu Kassim “Penang” муж дахь тус хорооны ажил амжилттай явагдаж байгаад баяр хүргэв.
Энэ оны эхний 8 сарын байдлаар, “Penang” мужийн Авлигатай тэмцэх хороо 28 хүнийг баривчласны 14 нь хувийн салбарын ажилтан, 14 нь төрийн байгууллагын албан хаагчид байсан аж.
Эх сурвалж: http://www.freemalaysiatoday.com/category/nation/2013/09/03/macc-to-focus-on-private-sector-graft/

5. Габоны Засгийн газрын 3000 луйварчин ажилтнаа хууль бусаар цалин авч байсныг тогтоолоо.
Габон Улсад явагдсан авлигын хэргийн нэгэн мөрдөн байцаалтын үеэр албан ёсоор ажил эрхлээгүй боловч сар бүр Засгийн газраас цалин авч байсан 3000 төрийн албан хаагчийг илрүүлсэн байна.
Төв Африкийн газрын тосны арвин нөөцтэй, 1.5 сая хүн амтай энэ улсад 70000 орчим төрийн албан хаагч ажилладаг юм.
Өнгөрөгч лхагва гарагт төрийн прокурор Sidonie Flore Ouwe хэлэхдээ “ямар нэгэн яаманд харьяалагдаагүй, сар бүр цалингийн ашиг хүртэж байсан тэдний заримыг нь аль хэдийн баривчилсан. Эдгээр луйварчдыг яллах болно” гэжээ.
Sidonie Flore Ouwe –ийн нэмж хэлснээр эдгээрийн заримыг нь мөн хориод байгаа аж.
Габоны Төсвийн сайдын зөвлөх Maurice Ekogha –ийн хэлснээр “энэ мафи-гэмт хэргийн сүлжээ дээд боловсролын байгууллага болон зарим захиргааны байгууллагуудын салбар байдалтайгаар байсан” гэжээ.
Габоны Засгийн газрын тооцоолсноор жил бүр 10000 хүртэл луйварчин төрийн албан хаагчдад 25 тэрбум франк (50,30 сая доллар) зарцуулсан аж.
Мөн 2009 онд, төрийн албан хаагчдын дунд нэгдсэн шалгалт зохион байгуулж, 800 албан хаагчийг ажлаас нь халж, 2500 албан хаагчаас хууль бусаар авсан цалинтай холбоотой байцаалт явуулж байсан юм.
Мөн түүнчлэн газрын тосны арвин нөөц, цөөн тооны хүн амтай Габон Улс нь нэг хүнд ногдох орлогын түвшингээрээ Африк тив дэх хамгийн өндөр улсуудын нэг бөгөөд тус улс дахь баялгийн хуваарилалт нь жигд бус юм.
Эх сурвалж: http://www.reuters.com/article/2013/09/04/us-gabon-corruption-idUSBRE98317Q20130904