Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.09.09-13/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.09.09-13/
Хятадын эм үйлдвэрлэгч “Sino Biopharmaceutical” компани телевизээр мэдээлсэн авлигын хэргийг шалгаж байна.

Хятадын эм үйлдвэрлэгч “Sino Biopharmaceutical” компанийн охин компани болох “Chia Tai Tianqing Pharmaceutical” нь эмч нарын гадаадад аялах аяллын зардалд зориулан хууль бус төлбөр хийсэн хэмээн тус улсын Төрийн телевиз (CCTV)-ээр мэдээлсэнтэй холбоотойгоор охин компанидаа шалгалт хийх багийг пүрэв гарагт илгээсэн аж.
Лхагва гарагийн үдэш Хятадын төв телевизээр “Chia Tai Tianqing Pharmaceutical” компанийн борлуулалтын салбар нэгжээс эмч нарыг Тайланд, Тайвань Улсуудад аялах аяллын зардлыг төлсөн явдал нь хууль бус үйлдэл гэжээ мэдээлсэн юм. Эм үйлдвэрлэгч “Sino Biopharmaceutical” компани нь “Chia Tai Tianqing Pharmaceutical”-ийн 60 хувийг эзэмшдэг.
Хонг Конгод бүртгэлтэй “Sino Biopharmaceutical” компанийн энэхүү хэрэг нь тус улсын эм үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудаас сүүлийн 7 хоногийн хугацаанд авлигын хэрэгт холбогдож байгаа 2 дахь компани болж байна.
Өмнө нь тус улсад эм үйлдвэрлэгч “Gan & Lee Pharmaceuticals” компанийг сүүлийн 5 жилийн хугацаанд компанийнхаа эмийн борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд эмч нарт 800 сая юанийг (130.75 сая доллар) хээл хахуульд зарцуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж шалгаж эхлээд байгаа юм.
АНУ-ын хөрөнгө оруулалтын банк “Goldman Sachs” –ийн хэвлэлийн төлөөлөгчийн пүрэв гарагт мэдээлснээр “Бээжинд байршилтай хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулж тус банк нь “Gan & Lee Pharmaceuticals” компанийн 4,07 хувийг эзэмшдэг” гэжээ.
“Sino Biopharmaceutical” компанийн захирлын нарийн бичиг Cao Xiwen Ройтерс мэдээний агентлагтай утсаар холбогдон өгсөн мэдээллээр тус компани дээрх мэдэгдлийг шалгуулахаар охин компанидаа шалгалтын баг илгээсэн бөгөөд одоогоор ямар нэг дүгнэлт гараагүй байгаа аж. Түүний хэлснээр “Jiangsu” муж дахь салбар компани нь энэхүү хэрэгт холбоотой байж магадгүй аж.
Төв телевизийн иш татсанаар “тус компанийн нэг ажилтан уг нууц мэдээллийг телевизэд өгсөн бөгөөд эмч нарыг хилийн чандад ялах зардалд зориулж хүн тус бүрт 6500 юань (1100 ам. доллар)-ыг компанийн борлуулалтын албанаас төлсөн” аж.
Хонг Конгийн хөрөнгийн биржийн мэдээлснээр “Sino Biopharmaceutical” компанийн бараа эргэлтийн хэмжээ энэ оны эхний 6 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 35 хувиар өсч, 4751.81 сая хонг конг доллар (612.75 сая доллар) болсон аж.

Бага цалин ба шүгэл үлээгч
Хятад Улсын эм үйлдвэрийн салбарт авлига өргөн тархсан байдаг бөгөөд тус улсын төрийн мэдлийн 13500 эмнэлэгт ажиллаж буй бага цалинтай эмч нар энэхүү авлигын хэргийн нэгэн бай болж байна.
Өнгөрсөн сард Хятадын “Business Herald” сонинд хэд хэдэн шүгэл үлээгчид мэдээлэл өгч, эдгээр мэдээ нь тус сонинд нийтлэгдэж байсан юм. Эдгээрийн нэг нь АНУ-ын эм үйлдвэрлэгч “Eli Lilly and Co” компани борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хятадын эмч нарт 30 сая юаньтай тэнцэх хэмжээний хээл хахууль өгсөн талаар тус сонины нэгэн дугаарт гарч байсан юм. Мөн уг сонинд бичсэнээр Швейцарийн эм үйлдвэрлэгч “Novartis AG” болон Францын “Sanofi SA” компаниуд эм худалдаалах үйл ажиллагаандаа амжилт олохын тулд эмч нарт хээл хахууль өгсөн” гэжээ.
Эх сурвалж: http://www.reuters.com/article/2013/09/12/us-sinobiopharmaceutical-china-idUSBRE98B04P20130912

Хээл хахууль авсан 8000 эмчид шийтгэл оногдуулна. 

Эм үйлдвэрлэгч компаниудаас хээл хахууль авч жор бичихдээ тэдгээр компаниудын бүтээгдэхүүнийг сольж бичсэн 8000 эмчид Солонгос Улс шийтгэл оногдуулахаар болоод байна.
Эрүүл мэндийн сайдын пүрэв гарагт мэдээлснээр 3 сая гаруй воныг хээл хахуульд авсан 1000 эмчийн эмчлэх эрхийг нь эхний байдлаар түдгэлзүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Үлдсэн 7000 эмч нь 3 сая воноос бага хэмжээтэй хээл хахууль авсан бөгөөд энэ дүн нь эрүүгийн хуульд заасны дагуу хээл хахуулийн хамгийн бага хэмжээтэй тэнцүү байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас эдгээр 7000 эмчид хөнгөн шийтгэл оногдуулахаар шийдээд байгаа ажээ.
Эрүүл мэндийн яамны газрын дарга Koh Deuk-young –ийн хэлснээр “эм үйлдвэрлэгч компаниудаас хээл хахууль авсан эмч нарыг шийтгэх асуудал дээр бид хатуу зогсох болно. Авсан хээл хахуулийн хэмжээнээс хамаарч эрхийг нь түдгэлзүүлэхээс торгох хүртэл олон төрлийн шийтгэлийг тэдэнд оногдуулна” гэжээ.
Хээл хахууль авсан эмч болон өгсөн эм үйлдвэрлэгч компаниудыг бүгдийг нь шийтгэхээр 2010 оны 11 дүгээр сард шинэ журам гарч хэрэгжиж эхэлснээс хойших хугацааг энэхүү арга хэмжээ нь хамарч байгаа юм.
Хэдий тийм ч, эмч нарын “Korean Medical” холбооноос “хөдөө орон нутагт шинэ журам бүрэн хэрэгжиж эхлэхээс өмнө хээл хахууль авсан эмч нарыг шийтгэх нь “шударга биш” гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: http://www.koreatimes.co.kr/www/news/nation/2013/09/116_142333.html

Индонезийн Эрүүл мэндийн яамны газрын дарга асан Ratna Dewi Umar–д авлигын хэрэгт холбогдуулан 5 жил хорих ял оногдууллаа.

Өнгөрөгч даваа гарагт Эрүүл мэндийн яамны газрын дарга асан Ratna Dewi Umar –д 2007 онд гарсан шувууны ханиадны үеэр агааржуулах тоног төхөөрөмжийн зардлыг зохиомлоор өгсөн хэрэгт нь 5 жилийн хугацаанд шоронд хорих ял оногдуулаад байна.
Дэлхий дахинд 2007 онд эцсийн байдлаар 100 гаруй хүн нас бараад байсан энэхүү H5N1 вирүстэй Индонезийн эрүүл мэндийн байгууллагууд тэмцсээр байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, 2007 оноос хойш дэлхийд халдвар авсан нийт 359 хүний 159 нь тус улсад бүртгэгдсэн юм.
Улсын хэмжээнд тахалтай тэмцэж байхад Ratna Dewi Umar-ийг гэрээлэгчдээс худалдан авах агааржуулах тоног төхөөрөмжийн үнийг нэмж, улсад 1,2 сая ам. долларын хохирол учруулсан хэрэгт буруутгаад байсан юм.
Шүүгч Nawawi Pomolango хэлэхдээ “бид сэжигтэн Ratna Dewi Umar-ийг авлигын хэрэгт буруутай болохыг нь тогтоосноо мэдэгдэж байна” гэжээ.
Ratna Dewi Umar-д нэмэлтээр 500 сая руппигийн торгууль төлөх, эсвэл нэмэлт 3 жилийг шоронд өнгөрүүлэх ялыг мөн оногдуулсан юм. Шүүх хурлын үеэр тэрээр буруугүй болохоо удаа дараа мэдэгдэж, эрүүл мэндийн сайд асан Siti Fadilah Supari-г энэ хэрэгт холбоотой болохыг илэрхийлж байсан юм.
Ratna Dewi Umar хэлэхдээ “би зөвхөн дээд удирдлагын шийдвэрийн дагуу л ажилласан. Авлигын хэрэгт холбогдуулан буруутгаж байгааг бий хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүл мэндийн сайд асан Siti Fadilah Supari бүхнийг мэдэж байгаа. Түүний буруутайг тогтоож шийтгэх тэр нэг өдрөөс Siti Fadilah Supari зугтаж чадахгүй гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.
Эх сурвалж:  http://www.thejakartaglobe.com/news/former-health-ministry-director-sentenced-to-5-years-in-bird-flu-graft-case/

Соломоны Арлууд Улс авлигатай тэмцэх байгууллага байгуулна.

Соломоны Арлууд Улсын Засгийн газрын мэдээллийн дагуу тус улс Авлигатай тэмцэх хараат бус хороо байгуулахаар хуулийн төсөл бэлтгэж байгаа аж.
“Трансперэнси Соломоны Арлууд” байгууллагын мэдээлснээр тус улсын Засгийн газар уг хуулийн төслийг дараа оны эхээр батлуулж магадгүй аж.
Хуулийн төсөлд Засгийн газрын институцийн хүрээнд шударга ёсыг нэмэгдүүлэх, авлигын хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий хараат бус байгууллагыг байгуулахаар тусгасан байна. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид өнгөрсөн жил элсэн орсон тус улсын хувьд авлигатай тэмцэх байгууллага байгуулах нь Авлигын эсрэг конвенцийн 6 дугаар зүйлд нийцэж байгаа юм.
“Трансперэнси Соломоны Арлууд” байгууллагаас “шинээр байгуулагдах хороо амжилттай байх эсэх нь уг хууль дахь олон нийтийн оролцооноос ихээхэн шалтгаална” гэж үзэж байгаа юм. Одоогийн засгийн газар шинэ хуулиудын төслийн талаар олон талын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг хийдэг ч, ихэнхдээ талуудын саналыг хүлээж авахгүй хуулийг батлуулах байдал ажиглагдсаар байгаа аж.
Эх сурвалж: http://www.islandsbusiness.com/news/solomon-islands/2795/solomon-islands-set-to-establish-anti-corruption-b/

Мали Улсын шинэ Засгийн газар уул уурхайн гэрээнүүдийг дахин авч үзнэ.

Баруун Африкийн Мали Улсын Уул уурхай сайд Boubou Cisse Ройтерс агентлагт мягмар гарагт өгсөн мэдээллээр тус улсын өмнө нь олборлогч компаниудтай байгуулсан уул уурхайн гэрээнүүдийг дахин нягталж “цогц үнэлгээ” хийх, улмаар тус улсын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа уул уурхайн гэрээнүүдийг дахин авч үзэхээр болж байгаа аж.
Өнгөрсөн сард явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд Ibrahim Boubacar Keita нь ялалт байгуулан тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд өнгөрөгч 7 хоногт Засгийн газраа шинээр байгуулсан юм. Шинээр байгуулагдсан Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дахин сэргээх, авлигыг устгах зорилтуудыг тавиад байгаа юм. Мали Улс нь Африкийн Саб-Сахар дахь гуравдагч том алт олборлогч орон юм.
Өнгөрөгч 7 хоногт Уул уурхайн сайдаар Boubou Cisse шинээр томилогдсоныхоо дараагаар уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан байгаа гэрээ, зөвшөөрлийг Засгийн газраас бүрэн хэмжээгээр, цогц байдлаар үнэлгээ хийхээр болсон гэж мэдэгдэж байсан юм.
Тэрээр хэлэхдээ "хэрвээ эдгээр гэрээнүүдийг Мали Улсын ашиг сонирхлын дагуу дахин авч үзэх шаардлагатай бол бид энэ асуудлаар талуудтай хэлэлцээр хийх болно” гэжээ.
Дэлхийн банкны эдийн засагчаар ажиллаж байсан 39 настай, сайд Boubou Cisse хэлэхдээ энэхүү цогц үнэлгээ бүхэлдээ ил тод, үр дүн нь олон нийтэд нээлттэй байх болно гэжээ.
Мали Улс нь нэг жилд 50 тонн орчим алт олборлодог бөгөөд тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын компаниудын дунд “Randgold Resources”, “Anglogold Ashanti” зэрэг компаниуд байгаа юм.
Boubou Cisse хэлэхдээ “Үндэсний эдийн засаг дахь уул уурхай салбарын эзлэх хувийг одоогийн байгаа 8 хувь байгаа бөгөөд энэхүү дүнг урт хугацаанд 15-20 хувь болгон нэмэгдүүлэхээр зорьж байна” гэжээ.
Эх сурвалж: http://www.trust.org/item/20130910210843-srzy5/?source=hptop

Өмнөд Солонгосын экс-удирдагчийн гэр бүл 154 сая долларын торгууль төлнө.

Өмнөд Солонгос Улсыг 1979-1988 онд удирдаж байсан армийн генерал Chun Doo-hwan-ийн авлигын хэлбэрээр олсон хөрөнгө буюу 154 сая доллар (£98m) –ийг түүний гэр бүл төлөхөөр болсоныг экс ерөнхийлөгчийн хүү мэдэгдлээ.
Chun Doo-hwan нь 1996 онд эх орноосоо урвасан, авлига, хээл хахуулийн болон бослого гаргасан хэргээр яллагдаж байсан ч, 1997 онд түүнд өршөөл үзүүлж, төрд учруулсан хохирлыг барагдуулах шийдвэр гарч байсан юм.
Солонгос Улсын төрд 220 тэрбум вон (202 сая доллар)-ыг Chun Doo-hwan төлөх ёстой гэсэн шийдвэр анх гарч байсан ч тэрээр эдгээр хохирлынхоо зарим хэсгийг нь барагдуулан, үлдсэн хэсгийг нь барагдуулах хөрөнгөгүй гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар экс удирдагч эхнэрийнхээ хамт амьдарч буй Сөүл хотын байр болон түүний эзэмшилд буй урлагийн үнэтэй бүтээлүүдийг төрд шилжүүлэхээр болсон байна.
Түүний хамгийн том хүү Chun Jae-kook Сөүл хотод мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр төлбөр барагдуулахтай холбоотой асуудлаар гэр бүлийнхээ нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлалт хүсч байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: http://www.bbc.co.uk/news/world-asia-24028798

Вьетнам Улсын төрийн албан хаагчид санхүүгийн ил тод байдлын тайлан гаргана.

Вьетнам Улсын Сангийн сайдын мэдээлснээр “илт тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон Засгийн газрын ажилтнууд, хууль тогтоогчдын жилийн орлого болон хөрөнгийн хэмжээг олон нийтэд мэдээлэхээр болсон” байна.
Сангийн сайдын мэдэгдсэнээр энэхүү тушаалын дагуу оны эцэст төрийн захиргааны албан хаагчид, арми болон аюулгүй албаны удирдлагууд зэрэг хүмүүс энэхүү мэдүүлгийг гаргахаар болжээ. Мэдүүлэгт 50 сая донг (2,370 доллар)-оос дээш үнийн дүн бүхий хөрөнгийг мэдүүлэх ёстой аж.
Сайдын хэлснээр холбогдох байгууллагууд 11 дүгээр сарын 30-аас өмнө хөрөнгө орлогоо гаргах албан тушаалтнуудын жагсаалтыг гаргаж Засгийн газраар батлуулах бөгөөд мэдүүлэх хөрөнгөнд Вьетнам Улсын гадна болон дотор орших бэлэн мөнгө, бэлэг, хадгаламж, үнэт цаас, өр, машин-унаа, газар, үл хөдлөх хөрөнгийг мэдүүлэх ёстой аж. Мөн тушаалд дурдсанаар хөрөнгө, орлогоо мэдүүлэх эцсийн хугацаа 12 дугаар сарын 31-ний өдөр юм.
Сайдын хэлснээр энэхүү тушаалд мэдүүлгээ худлаа, буруу мэдээлвэл сануулах, албан тушаал бууруулах, албан тушаалаас нь чөлөөлөх гэсэн шийтгэл оногдуулах аж.
Вьетнам Улс нь авлигын эсрэг хуулийг 2005 онд баталсан ч дэлхийн түвшинд авлига өндөртэй улсын тоонд бичигдсээр байгаа юм. Өнгөрөгч 2 дугаар сард эрх барих Коммунист намаас намын дарга Nguyen Phu Trong-оор удирдуулсан авлигын эсрэг удирдах зөвлөлийг байгуулсан юм.
Трансперэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар өнгөрсөн жил Вьетнам Улсын нь 176 улсаас 123-р байрт бичигдсэн нь 2010 оны 116-р байр, 2011 оны 112-р байраас хойшилсон байна. Авлигын төсөөллийн индексийн 2012 оны судалгаагаар тус улс дахь цагдаа, шүүх, төрийн алба зэрэг институтэд авлига өндөртэй гэж гарсан юм.
Мөн Засгийн газраас явуулсан судалгаагаар тус улсад 2011 онд авлигын улмаас 11.4 триллион донг (540 сая доллар), 2012 онд 8 триллион донгтой тэнцэх хэмжээний хохирол учирсан аж.
Эх сурвалж: http://blogs.wsj.com/searealtime/2013/09/06/vietnam-decrees-financial-transparency-from-officials/