Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.11.04-08/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.11.04-08/
Малайзын Авлигатай тэмцэх хороо (MACC): Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд Малайз Улс одоогоор Хонг Конгоос илүү.

“Авлигын гэмт хэрэгт холбоотойгоор явуулсан нийт баривчилгаанд ял шийтгэл оногдуулсан байдлын харьцаагаар Малайз Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаа Хонг Конгоос илүү байгаа” гэж MACC-ийн дарга Тан Сри Абу Кассим Мохамед /Tan Sri Abu Kassim Mohamed/ мэдэгджээ.
Түүний хэлснээр MACC 2012 онд нийт 701 баривчлах ажиллагаа явуулснаас 85 хувьд нь ял шийтгэл оногдуулсан нь олон улсын “сайн гүйцэтгэл”-ийн түвшнээс даруй 5 хувиар илүү байгаа ажээ.
Авлигын эсрэг хамгийн сайн тэмцдэг гэх Хонг Конг Улсын энэ харьцаагаар доогуур түвшинд байгаа гэж тэрээр хэлсэн ч тодорхой тоог нь хэлээгүй байна.
“Хэрвээ энэ үзүүлэлтийг Хонг Конгийнхтой харьцуулж үзвэл бид илүү сайн ажилласан байгаа” гэж MACC-ийн үйл ажиллагааны 2012 оны тайланг Парламентад өргөн барьсны дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр дарга Тан Сри Абу Кассим Мохамед хэлжээ.
Түүнчлэн энэ харьцаагаараа Малайз Улс Сингапур, Индонез зэрэг бусад улсаас илүү байгаа ажээ.
MACC-ийн үйл ажиллагааны 2012 оны тайланд дурдснаар, ял шийтгэл оногдуулсан байдлын харьцааг 2009 онд 54 хувь, 2010, 2011 онд 75 хувь байсныг нэмэгдүүлсэн байна.
Нийт шийтгэл оногдуулсан 595 гэмт хэрэгт 14.5 сая ринггитийн торгууль оногдуулсан бөгөөд доод шатны шүүхээс 401 хэрэгт шийтгэл оногдуулсан байна. Дээд шатны шүүхэд яллах талаас оролцсон MACC-ийн багийнхан нийт хэргийн 59 хувьд нь ялалт байгуулсан байна.
Дарга Тан Сри Абу Кассим Мохамедийн хэлснээр “MACC –оос төрийн албан хаагч биш хүмүүст ял шийтгэл оногдуулсан хувь, төрийн албан хаагчдынхтай адил мөн өндөр байгаа” гэжээ.
Тус улсын энэхүү ял шийтгэл оногдуулсан байдлын харьцаа ийнхүү өндөр байгаа ч зарим бүлэг, сөрөг хүчний зүгээс өөрөөр харьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, MACC нь цэвэр улс төрийнхний холбогдсон буюу “том загаснууд”-ын авлигын хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа үр дүнгүй байна гэж үзэж байгаа юм.
Трансперэнси Интернэшнл-Малайз байгууллагын тэргүүн Акбар Шатар /Akhbar Satar/ өнгөрсөн 7 дугаар сард хэлэхдээ “Малайз Улс авлигын томоохон хэрэг буюу “том загас”-ны хэргүүдэд ял оногдуулахгүй байгаа нь тус улсын ард түмэн Засгийн газрын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд итгэх итгэлийг буурахад нөлөөлж байна” гэсэн юм.
Трансперэнси Интернэшнл байгууллагын 2013 оны Дэлхийн авлигын хэмжүүр судалгаагаар судалгаанд оролцсон малайзын нийт иргэдийн гуравны нэгээс бага хувь нь Засгийн газрын авлигатай тэмцэх үйл ажиллагаа амжилттай явагдаж байгаа гэж үнэлсэн нь мөн судалгааны 2011 оны дүнгийнхээс даруй 48 хувиар буурсан үзүүлэлт юм.
Эх сурвалж: http://www.themalaymailonline.com/malaysia/article/macc-malaysia-now-better-than-hong-kong-in-graft-fight

Хятадын сэтгүүлч, Анголийн хүний эрхийн төлөө тэмцэгч нар Трансперэнси Интернэшнл байгууллагын “Шударга ёсны шагнал”-ын эзэд боллоо.

Трансперэнси Интернэшнл (ТИ) байгууллагын 2013 оны “Шударга ёсны шагнал”-ын ялагч эздээр Хятадын сэтгүүлч Ло Чанпин /Luo Changping/, Анголийн хүний эрхийн төлөө тэмцэгч, сэтгүүлч Рафаэль Маркес де Морайш /Rafael Marques de Morais/ нар болсныг зарлалаа.
Хоёр ялагч бол дэлхий дахинд өөрсдийгөө эрсдэлд учруулан байж авлигын гэмт хэрэгтэй тэмцэж буй олон мянган иргэд, байгууллагын нэгэн жишээ юм. Өмнөх шагналын эзэд болох Шри Ланкийн сэтгүүлч Ласанта Викрематунге /Lasantha Wickremantunge/, Оросын хуульч Сергей Магнитский /Sergei Magnitsky/ нар авлигын эсрэг тэмцсэнээр амь насаа алдсан юм.
2000 оноос энэхүү шагналыг олгож эхэлснээс хойшхи хугацаанд шагналын эздээр тодроод байгаа сэтгүүлчид, засгийн газрын ажилтнууд, иргэний нийгмийн төлөөллүүд “авлигатай тэмцэж болно” гэсэн итгэл үнэмшлээр нэгддэг юм.
ТИ-ийн дарга Huguette Labelle хэлэхдээ “энэ удаагийн манай 2 ялагч бол хээл хахууль, нууц гэрээ хэлцэл, эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг эцэс болгохын төлөө тэмцэж буй бид бүхний төлөөлөл юм” гэжээ.
Хятадын сэтгүүлч Ло Чанпин нь тус улсын өндөр албан тушаалтан буюу Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороон дарга асан Лю Тиэнан /Liu Tienan/-ийн байгуулсан хууль бус санхүүгийн гэрээ, хэлцлүүдийн талаар бүрэн хэмжээний баримтыг өөрийн ажилладаг санхүүгийн сэтгүүлд нийтэлсэн юм. Энэхүү нийтлэлийн дараагаар Засгийн газраас шалгалт явуулж 2013 онд Лю Тиэнанийг нам, төрийн албан тушаалаас нь буулгасан юм.
Анголийн хүний эрхийн төлөө тэмцэгч, сэтгүүлч Рафаэль Маркес де Морайш нь өөрийн Засгийн газрын авлига, хууль бус үйл ажиллагааг илчлэн бичсэнийхээ дараагаар 1999 онд шоронд хоригдож байсан юм. Дээрх байдлыг үл харгалзан, эрх мэдэлтнүүдийн авлигын талаар тухайлбал, газрын тосны салбарын авлига, очир эрдэнийн худалдаа дахь хууль бус үйл ажиллагааны талаар өөрийн блогоор дамжуулан илчлэн бичсэн юм.
Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/chinese_journalist_and_angolan_human_rights_activist_win_transparency_inter

Болгар Улс мөнгө угаасан хэргээр улс төрчийг шалгана.

Нам болон төрийн албан тушаалаа өгч, улс төр дэх ажлаа өнгөрсөн долоо хоногт дуусгаад байгаа томоохон улс төрч Христо Бисеров /Hristo Biserov/-ийг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн үзэж пүрэв гарагт Болгарын прокурорууд мөрдөн шалгах ажиллагаа эхлүүллээ.
Улс төрч Христо Бисеров нь өнгөрсөн ням гарагт парламентийн дэд дарга, “MRF” намын ёс зүйн дэд даргын албан тушаалаа “хувийн шалтгааны улмаас” орхиж байгаагаа мэдэгдсэн юм.
Христо Бисеровийг өөрийнхөө дансаар ихээхэн хэмжээний евро, ам. долларыг Европын нэг улсаас нөгөө улсад шилжүүлсэн гэсэн мэдээллийг Улсын аюулгүй байдлын албанаас авсны дараагаар түүнийг мөрдөн шалгаж байгаа гэж прокурорууд мэдэгдэл хийлээ.
Уг мэдэгдэлд түүнийг хадгаламжиндаа мөнгө хийж, “Seychelles”–д бүртгэлтэй оффшор компаниудын дансанд шилжүүлсэн, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн үзэж мөрдөн байцаалтыг Софиа хотын прокуророос эхлүүлсэн гэжээ.
“MRF” намын тэргүүн Лутви Местан /Luytvi Mestan/ хэлэхдээ Улсын аюулгүй байдлын албанаас Христо Бисеровийг шалгаж байгааг мэдээгүй, гэхдээ энэхүү мөрдөн байцаалт түүнийг албан тушаалаа дуусгасан явдлыг тайлбарлах байх гэжээ.
Засгийн газрыг 5 дугаар сараас тэргүүлэх болсон социалистуудын эсрэг хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал болоод байгаа бөгөөд энэ удаагийн Засгийн газар бүтэн 4 жилийн хугацаанд ажиллаж чадахгүй байх хэмээн зарим улс төрийн шинжээчид үзэж байгаа юм.
1989 онд коммунист дэглэмээ түлхэн унагаснаас хойш хугацаанд, тус улсын удаа дараагийн Засгийн газрууд ямар нэгэн томоохон албан тушаалтныг гэмт хэрэгт холбогдон, шоронд суулгаагүй байгаа юм.
Эх сурвалж: http://www.reuters.com/article/2013/11/07/us-bulgaria-politics-moneylaundering-idUSBRE9A60ND20131107

Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар(SFO): Британийн бизнесмен Виктор Дахдалех /Victor Dahdaleh/ хээл хахуульд 64 сая ам. доллар өгсөн.

Британийн бизнесмен Виктор Дахдалех Бахрейн Улсын төрийн өмчит хөнгөн цагаан үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал болон өмнөх захиралд 40 сая фунт (64 сая ам. доллар)-ийн хээл хахууль өгсөн гэж SFO-ийн прокурор хэлжээ.
Лондон хотод болсон шүүх хурлын эхний өдөр Их Британийн SFO-ийн прокурор Филипп Шарс /Philip Shears/ хэлэхдээ Виктор Дахдалех нь өөрийн холбоо тогтоосон компаниудыг Бахрейн Улсын “Aluminium Bahrain BSC” компани буюу бидний сайн мэдэх “Alba” компанитай гэрээ байгуулахын тулд тус компанийн өмнөх захирал Брюс Халл /Bruce Hall/ болон тухай үед захирлаар ажиллаж байсан Шейх Иса бен Али аль-Халифа /Sheikh Isa Bin Ali Al Khalifa/ нарт хээл хахууль өгсөн гэжээ.
Британи, Канад гаралтай Лондон хотод амьдардаг Виктор Дахдалех нь “Alba”-ийн гадаад нийлүүлэгч 15 орчим компанитай холбоо тогтоосон байсан. Энэ нь түүнийг “эдгээр гэрээнүүдээс санхүүжилт” авдаг байсныг илэрхийлж байгаа юм. “Ноён Виктор Дахдалех-д ирсэн санхүүжилтийн хэмжээ асар их. Виктор Дахдалехийн эсрэг нотлох баримтуудыг өгөх болно” гэж Филипп Шарс шүүх хурал дээр хэлжээ.
Эх сурвалж: http://www.bloomberg.com/news/2013-11-05/dahdaleh-paid-64-million-in-bribes-to-alba-u-k-sfo-says.html

Европын холбоо шүгэл үлээгч дийг сайн хамгаалснаар авлигын эсрэг илүү ихийг хийх ёстой.

Трансперэнси Интернэшнл (ТИ) байгууллагын сүүлийн үед гаргаад байгаа “Европ дахь шүгэл үлээлт” сэдэвт судалгаагаар Европын холбооны ихэнх улсуудад авлигын эсрэг шүгэл үлээгчдээ хамгаалах хууль эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй байгаа ажээ.
Шүгэл үлээгчид нь авлигаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэхэд онцгой үүрэгтэй байдаг ч Европын холбооны зөвхөн 4 улсад буюу Их Британи, Словени, Румын, Луксэмбург улсад тэднийг хамгаалах хууль эрх зүйн орчинд хангалттай бүрдсэн байгааг тус судалгаагаар тогтоосон байна.
Европын холбооны бусад 23 улсын 16 нь шүгэл үлээгчдийг хууль эрх зүйн орчинд зарим байдлаар хамгаалсан, 7 улсад нь хууль эрх зүйн хангалттай орчин бүрдээгүй, огт байхгүй байжээ.
ТИ-ийн Европ, төв Азийг бүсийн захирал Энн Кох /Anne Koch/ хэлэхдээ “Авлигатай тэмцэхэд шүгэл үлээгчдийн оролцоо маш чухал. Хэрвээ ихэнх газруудад хангалттай хууль эрх зүйн орчин бүрдээгүй л бол өөрсдийгөө эрсдэлд учруулахыг тэд хүсэхгүй бөгөөд цөөн хэдэн хүн эсвэл зоригтой хүмүүс л өөрсдийн олж мэдсэн гэмт хэргийн талаар шүгэл үлээдэг” гэжээ.
Европын холбооны бүх улсыг олон улсын стандарт тухайлбал, ТИ-ийн боловсруулсан “Шүгэл үлээгчдийн хууль эрх зүйн олон улсын зарчим”-д тулгуурлан шүгэл үлээгчдийг хамгаалах хууль эрх зүйн цогц орчин бүрдүүлэхийг ТИ-ийн зүгээс санал болгосон байна.
“Шүгэл үлээгчдийн хууль эрх зүйн олон улсын зарчим”-ийг http://www.transparency.org/whatwedo/pub/international_principles_for_whistleblower_legislation -аас үзэж болох юм.
Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/eu_countries_must_do_more_to_combat_corruption_by_better_protecting_whistle