Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.07.21-27/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.07.21-27/

Нийтийн албан тушаалтнууд 25 сая долларын гэрээ байгуулах явцад авлига авсан хэргээр мөрдөн шалгагдаж байна.

(Public servants investigated over $25m in allegedly corrupt contracts)

7 дугаар сарын 21. Викториа муж улсын нийтийн албан тушаалтан зохих журмыг зөрчин 25 сая долларын гэрээ байгуулсныхаа шанд бэлэн мөнгө, цагаан өнгийн пиано хөгжим, усны мотоцикл авсан талаар тус муж улсын авлигатай тэмцэх байгууллага шалгаж байна. 

Барри Вэлс , Алберт Оой нар Виктория мужийн Нийтийн тээврийн газрын шаардлагатай гэрээг өөрсдийн хувийн компанитай хийх, эсвэл бэлэн мөнгө, бэлэг авч бусад байгууллага, компанитай байгуулах замаар 3 сая доллар хувьдаа олсон байна.

Даваа гарагт Виктория муж улсын бие даасан, олон нийтийн оролцоотой, авлигатай тэмцэх комисс -ын анхны олон нийтийн сонсгол зохион байгуулагдаж, түүгээр 2007 оноос 2013 он хүртэл үргэлжилсэн энэхүү авлигатай холбоотой их хэмжээний нотлох баримтуудыг хэлэлцсэн байна. 

Зөвлөх Тед Вүүдворд хэлэхдээ Алберт Оой нь өөрийн хүргэний нэр дээр байсан Проперти Сервисес Нетворк гэдэг тодорхой үйл ажиллагаа эрхэлдэггүй компанийг өөрийн хяналтад авснаар энэ бүх хэрэг явдал эхэлсэн гэв.

Проперти Сервисес Нетворк компани нь хэд хэдэн автобусны зогсоолын сүүдрэвчийг 51 000 доллараар аваад тэдгээрийг эргүүлээд муж улсын Нийтийн Тээврийн газарт 87 000 доллараар худалдсан байх ба үүнээс олсон орлого нь Веллс болон Оой нарын дансанд оржээ.Энэ оны нэгдүгээр сард баригдах хүртлээ энэ үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, хэмжээ нь ч ихэсч байжээ. 

Эх сурвалж

Японд спортын авлигатай тэмцэх тусгай хэсэг байгуулахаар болж байна.

(Japan to set up special sports corruption unit ahead of Tokyo 2020) 

7 дугаар сарын 21. Японы Засгийн газар тус улсын спортын асуудал эрхэлсэн байгууллагуудад нүүрлэж болзошгүй авлигыг хянах, мөрдөн шалгах үүрэг бүхий тусгай хэсэг байгуулахаар төлөвлөөж байгаа талаар зарлалаа. 2020 оны олимп Токио хотод болох гэж байгаатай холбоотойгоор Япон улс дахь спортын авлига болон гадаад орнуудын зүгээс учирч болзошгүй авлигын үйл ажиллагаатай тэмцэх зорилго бүхий энэ тусгай хэсэг нь засгийн газрын бусад байгууллагуудтай хамтран ажиллах байх гэж засгийн газрын албан тушаалтнууд үзэж байна. 

Японы эрх баригч Либерал Ардчилсан Нам -ын зүгээс танилцуулахдаа спортын авлигатай тэмцэх тусгай хэсгийг байгуулах төлөвлөгөө 2013 оны 12 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн гэлээ. Шинзо Абэ тэргүүтэй Японы Засгийн газар спортын авлигатай тэмцэх асуудалтай холбоотой олон улсын хууль эрх зүйн тогтолцоог судлан үзсэн, цаашид энэ талаар олон улсын хэмжээнд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэх болно гэлээ. 

Японы түгээмэл спорт болох сумод найраа хийх явдал сүүлийн үед хэд хэд илэрсэнтэй холбоотойгоор тус улсад спортын авлигад анхаарлаа хандуулах нь нэмэгдэж байна. 

Тусгай хэсэг нь юуны өмнө спортын тэмцээний найраа, гүйцэтгэлийн үр дүнг засварлах явдал болон спортын мөрийгөөр дамжуулан мөнгө угаах үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна гэж холбогдох албаныхан танилцуулав. 

Эх сурвалж

Ираны шүүхээс Ерөнхийлөгч асан Ахмадинежадын үеийн төрийн албаны томилгоог эргэн шалгаж байна.

(Iran judiciary investigates Ahmadinejad-era hiring practices)

7 дугаар сарын 21.Махмуд Ахмадинежадийн засаглалын үед алба хашиж байсан албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар Парламентын мөрдөн шалгах хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Гэхдээ Ираны парламентын “90 дүгээр зүйлийн Хороо”-ны хэвлэлийн төлөөлөгч Мостафа Афзали Фард ямар хэрэг эсвэл өмнөх засгийн газрын үеийн ямар албан тушаалтны хэрэг болохыг тодорхой дурдсангүй. 

Парламентын гишүүн Голамали Жаффаризаде Иманабади хэлэхдээ өмнөх засаглалын үед 450 мянгаас 650 мянган хүн хууль бусаар ажилд орсон бөгөөд зарим нь гэр бүлийн болон танил талын хэлхээ холбоог ашигласан нь тодорхой байна гэжээ. Эдгээрээс хамгийн ноцтой нь Боловсролын Яаманд хамаарч байна гэж тэр үзэж байна. Ахмадинежадын засгийн газрын ажилласан сүүлийн 2 жилийн хугацаанд Боловсролын яамны хэмжээнд ажилд орсон 76000 боловсон хүчний ойролцоогоор 2 хувь нь бичиг үсэггүй, 14 хувь нь зөвхөн анхан шатны боловсролтой, 19 хувь нь бүрэн бус дунд боловсролтой, 1 хувь нь бүрэн дунд боловсролтой байжээ. 

Жаффарзаде Боловсролын яамны томилгоог “эмгэнэлт хэрэг явдал” гэж тодорхойлов. Ахмадинежадыг засгийн эрх барьсан найман жилийн хугацаанд Боловсролын яам 332000 хүнийг ажилд авсан байна гэж тэр хэллээ.

Шинэчлэлийн талыг баримтлагч “Шарж Дайли” сонины 7 дугаар сарын 17-ны өдрийн “Ахмадинежадын үед 450 мянган хүнийг гэр бүлийн хэлхээ холбоо болон шан харамжаар ажилд авчээ” гэсэн гарчигтай нийтлэлд албан тушаалтнууд, засаг дарга нар, сайд нарын гэр бүлийн гишүүдийг ажил, албан тушаалд томилсон томилгооны ихэнх нь хууль бус байв гэж бичсэн байна. 

Эх сурвалж

Авлигын хэргийг яллах олон улсын шүүх байгуулах хэрэгтэй байна.

(We need an international court to stamp out corruption)

7 дугаар сарын 22. Төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ хувийн зорилгоор урвуулан ашиглах нь “том авлига ” юм. Дэлхийн маш олон орны засгийн газрын дээд албан тушаалтнуудын дунд авлига түгээмэл тархсан байна. 2003 онд Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенци батлагдаж байгаатай холбогдуулан хэлсэн үгэндээтус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан энэ байдлыг “бугшмал тахал” гэж оновчтой тодорхойлсон билээ.

Авлигын хэмжээ асар их байгаа бөгөөд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний таваас илүү хувийг залгиж байна. Хөгжиж буй орнууд гаднаас авч буй тусламжийн хэмжээнээсээ даруй 10 дахин их хэмжээний хөрөнгийг хууль бусаар алдаж байгаа юм. Оросын Холбооны Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 44 хүртэлх хувийг авлигад суурилсан “сүүдрийн эдийн засаг” бүрдүүлэх жишээтэй. Түүнчлэн авлигад идэгдсэн засгийн газрууд заримдаа Мексикийн хар тамхины наймаачид, Афганистан,

Иемений алан хядагчид зэрэг олон улсын гэмт хэрэгтнүүдийг орогнох таатай нөхцлийг бүрдүүлдэг.

Гэхдээ улс төрийн авлигын хамгийн ноцтой үр дагавар нь ардчиллыг устгаж, хүний эрхийг хөсөрдүүлэхэд хүргэдэгт байгаа юм. Дэлхий дээр хамгийн их авлигатай гэж тооцогддог Сомали, Афганистан, Судан, Ирак, Сири зэрэг оронд иргэдийн хүний эрх байнга зөрчдөг. Дэлхий даяар хаа сайгүй ноёрхож байгаа авлигад идэгдсэн дэглэмийн золиос нь ядуу зүдүү, ямар ч эрх мэдэлгүй хүмүүс юм. 

Украйн болон Египтийн жишээнээс харахад л улс төрийн авлигыг сөрөн боссон тэмцэл маш олон улс орныг, түүнчлэн дэлхийг бүхэлд нь тогтворгүй байдалд оруулж байна. Улс төрийн авлигатай тэмцэж байгаа олон улсын хүчин чармайлт хангалтгүй байгаа нь илт юм. Төрлөөр устгах болоод хүний эрхийн тэсч тэсвэрлэхийн аргагүй бусад зөрчлийн гай гамшиг нь 2002 онд Олон улсын эрүүгийн шүүх -ийг байгуулахад хүргэсэн билээ. Үүнтэй адилаар одоо Олон Улсын Авлигын Эсрэг Шүүх байгуулах шаардлагатай тулгарч байна. 

Улс төрийн авлига нь дэлхийн олон оронд хэрэгждэг албан тушаалтнуудын халдашгүй дархан байдлаас хамаардаг. Олон Улсын Авлигын Эсрэг Шүүх нь дэлхийн бараг бүх улс оронд байгаа улс төрийн авлигыг гэмт хэрэгт тооцсон хуулиудыг сахин биелүүлэх талаарх яриа хэлэлцүүлгийг өрнүүлэх бас нэг үр дүнтэй боломж юм. Ингэхдээ Авлигын Эсрэг НҮБ-ын Конвенц зэрэг гэрээ, хэлэлцээрийн шаардлага болон Дэлхийн Худалдааны Байгууллага зэрэг байгууллагын үүрэг хариуцлагад хүч нөлөө үзүүлнэ. Олон Улсын Эрүүгийн Шүүхийн нэгэн адилаар Олон Улсын Авлигын Эсрэг Шүүх нь комплементарити зарчмаар ажиллах бөгөөд энэ нь улс төрийн авлигыг зохих ёсоор яллаж чадахгүй байгаа эсхүл яллахыг хүсэхгүй байгаа улс орнуудын албан тушаалтнуудыг яллах, шүүх тухай ойлголт юм. Энэ нь олон улс орнуудадулс төрийн авлигатай тэмцэх чадавхаа бэхжүүлэх болон тийм чадавхитай гэдгээ илэрхийлэх тодорхой хэмжээний урам зориг өгөх болно. 

Эх сурвалж 

Засгийн газар гатлага онгоцны ослын дараа авлигын хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулав.

(Government launches anti-corruption task force after ferry accident)

7 дугаар сарын 25. Өмнөд Солонгосын Засгийн газар авлигыг ул үндсээр нь таслан зогсоох зорилготой ажлын хэсэг байгуулав. 

4 дүгээр сарын 16-ны өдрийн хэрэг явдал засгийн газрын түшмэд болон усан тээврийн салбарынхны хоорондын битүүлэг холбоо, түүнчлэн авран хамгаалах байгууллагуудын ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй байдлыг уудлан харуулсан тул засгийн газар авлигыг ул мөргүй устгана гэж амлаад байна. 

476 зорчигч тээвэрлэж явсан 6825 тонн жинтэй гатлага онгоц өмнө зүгт орших амралт-сувилалын Жежү арлын зүг хөвж явах замдаа живснээс 294 зорчигч амь үрэгдэж, 10 хүн сураггүй алга болсон юм. Амь үрэгдэгсдийн ихэнх нь танилцах аялал хийж явсан дунд сургуулийн сурагчид байв. 

Ерөнхий сайдын ажлын албанаас өгсөн мэдээллээр ажлын хэсгийг прокурорын байгууллага, хууль бусаар давамгайлахтай тэмцэх байгууллага, үндэсний татварын байгууллага зэрэг чиглэл чиглэлийн мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагч нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Энэхүү шинэ ажлын хэсэг мөн иргэдээс авлигын талаар мэдээллийг утсаар авах зорилгоор тусгай дугаар ажиллуулж байна. 

Эх сурвалж

Оросын эмийн үйлдвэрлэлийн авлигын эрсдэл

(Corruption Risks in Pharma Manufacturing in Russia)

7 дугаар сарын 25. Оросын Засгийн газар эм үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд анхаарч “Фарма 2020 Стратеги” хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөр нь Оросын эмүйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын эмийн үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнийг улс орондоо үйлдвэрлэх зорилготой юм. 

Оросын эм үйлдвэрлэлийн салбар нь бүтээгдэхүүн, ноу-хау, хөгжлийн хувьд гадаадын үйлдвэрлэгчдээс ихээхэн хамааралтай байдаг. Гэсэн хэдий ч Оросын Засгийн газар өөрийн Зайлшгүй Эмийн Жагсаалт (ЗЭЖ) дахь дотоодод үйлдвэрлэгдсэн эмийн хувь хэмжээг ирэх 10 жилд 90 хувьд хүргэхээр төлөвлөж байна. 

Стратегийн нэг зорилт нь төрийн худалдан авах ажиллагааны явцад дотоодод үйлдвэрлэгдсэн эмийг худалдан авахын тулд дотоодын үйлдвэрлэгч нарт илүү анхаарал хандуулах нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Дотоодын үйлдвэрлэгч нарыг дэмжсэн энэхүү стратеги нь олон улсын эм үйлдвэрлэгч компаниудад боломж болон хүндрэл, бэрхшээл аль алийг нь бий болгож байна. 

Оросын Холбооны Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Олон улсын бизнесийн үйл ажиллагааны явцад гадаадын төрийн албан тушаалтныг хахуульдахтай тэмцэх тухай Конвенц -ийн гишүүн орон юм. Үүнтэй холбоотойгоор ОХУ өөрийн авлигын эсрэг эрх зүйн зохицуулалтыг Конвенцоор тогтоосон хэм хэмжээнд нийцүүлэх арга хэмжээ авсан. 

Жишээ нь Оросын Холбооны Улсын “Авлигатай тэмцэх тухай” 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 273 дугаар хуулиар нягтлан бодох бүртгэлийг хуурамчаар хийхээс урьдчилан сэргийлэх зорилготой хяналтын тогтолцоо хэрэгжүүлэх үүргийг компаниудад хүлээлгэсэн. Ялангуяа ОХУ-ын Дээд шүүх 2013 оны 7 дугаар сарын 9-нд “Хахууль болон авлигын бусад гэмт хэргийг шүүн тасалж байгаа практикийн тухай” 24 тоот тогтоол гаргасан бөгөөд энэ тогтоолыг ОХУ-ын шүүгч нар Оросын Эрүүгийн хуулинд заагдсан залилан болон хээл хахуулийн гэмт хэргүүдийг шүүн таслахдаа мөрдлөг болгодог. 

Энэхүү тогтоолд төрийн албан тушаалтны хүсэлтээр гуравдагч этгээдэд өгсөн төлбөртэй холбоотой ОХУ-ын авлигын эсрэг хууль болон барууны орнуудын авлигын эсрэг хуулиудын зохицуулалтын ялгаатай талыг тодорхойлсон байдаг. Гуравдагч этгээдэд өгсөн төлбөрөөс төрийн албан тушаалтан тодорхой материалын ашиг хүртээгүй бол тэрхүү төлбөрийг хээл хахууль гэж үзэхгүй байхаар уг тогтоолд тайлбарласан байдаг. 

Энэхүү ялгаа нь АНУ-ын Гадаадын төрийн албан тушаалтныг хахуульдахыг хориглох тухай хууль болон Английн Хээл хахуулийн эсрэг зэрэг хуулиудыг дагаж мөрдөх үүрэгтэй гадаадын эмийн компаниудыг мухардалд оруулж байна. Жишээ авъя. ОХУ-ын төрийн өмчит эмнэлгийн захирал нь АНУ болон Английн холбогдох хуулийн дагуу төрийн албан тушаалтан гэж тооцогдох бөгөөд тэрхүү албан тушаалтан буяны санд хандив өгөхийг Английн эм үйлдвэрлэгч компаниас гуйсанбөгөөд хандиваас тухайн төрийн албан тушаалтанд эд материалын хувьд ямар нэг ашиг өгөхгүй бол энэ үйлдэл нь ОХУ-ын хуулийн дагуу гэмт хэрэг гэж тооцогдохгүй байхад АНУ, Английн хуулиар гэмт хэрэгт тооцогдоно. 

Өөр хоорондоо ялгаатай авлигын эсрэг эрх зүйн дэг журмуудын хооронд тэнцвэр барих нь түвэгтэй бөгөөд ийм бэрхшээл цаашид улам нэмэгдэнэ. 

Эх сурвалж

Эрдэмтэд болон их сургуулийн удирдлагууд баривчлагдав.

(Scientists and university officials caught up in China’s anti-corruption)

7 дугаар сарын 25. Хятадын их сургуулиудын олон арван тооны удирдах албан тушаалтнууд болон тэргүүлэх зэргийн эрдэмтдийг баривчлан хорьсон нь шинэ засгийн газрын авлигатай тэмцэх арга хэмжээний нэг хэсэг болж байна. 

Өнгөрсөн 6 дугаар сард Бээжин хотын шүүхээс Бээжингийн Шуудан, цахилгаан холбооны их сургуулийн Компьютерийн шинжлэх ухаан, технологийн сургуулийн захирал асан Сүн Маоцин судалгааны сангаас 680 мянган юань (64 мянган фунт стерлинг) ашиглан шамшигдуулсан гэмт хэрэгтээ 10.5 жилийн шоронд хоригдох ял сонссон нь хамгийн сүүлийн тохиолдол болж байна. Энэ оны 1 дүгээр сард Зэжиан Их Сургуулийн химийн профессор бөгөөд тус их сургуулийн Байгаль орчны шинжлэх ухаан, технологийн институтын захирал Чен Ийншү 9.45 сая юанийг завшсан хэрэгтээ 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. 

Сүн, Чен нар бол зөвхөн нэг хэсэг нь л юм. Хятадын Коммунист намын сахилгын комисс -ын авч хэрэгжүүлж буй авлигын эсрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагааны хүрээнд бусад олон тооны шинжлэх ухааны байгууллагуудын удирдлагуудыг гэрийн хорионд оруулаад байгаагийн дотор Хятадын Шинжлэх ухаан, технологийн ассоциацын тэргүүн Шен Вейчен , улс орондоо нэр хүнд бүхий Сичуаны их сургууль , Зежианы их сургууль , Өмнөдийн Анагаах ухааны их сургууль зэрэг их сургуулиудын дэд ерөнхийлөгч нар багтаж байна. Хятадын шинэ удирдлага 2003 онд засгийн эрхэнд гарснаас хойшхи хугацаанд дор хаяж 10 их сургуулийн ерөнхийлөгч эсвэл дэд ерөнхийлөгч нарыг авлигын хэргээр баривчлаад байгаа эсвэл мөрдөн шалгаж байна. Иймэрхүү мөрдөн шалгалтын дараа ихэнхдээ ял оноож шоронд хорьдог. 

Энэ олон дээд зэргийн их сургуулиудын удирдлагууд, тэргүүлэх зэргийн эрдэмтдийг зайлуулсан нь санамсаргүй хэрэг биш гэж Бээжингийн Хуахуан хуулийн компанийн захирал Пенг Жиан хэллээ. Тэрээр судалгааны ёс зүйн зөрчлийг шалгаж буй мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд оролцсон юм. Тэрээр мөн нэмж хэлэхдээ Хятадын олон тооны их сургуулиуд судалгаанд зориулагдсан их хэмжээний төсөв болон оюутны хотхоны үл хөдлөх хөрөнгийн бүтээн босголтын эрх зэрэг үнэ цэнэтэй бусад хөрөнгийг эзэмшдэг нь авлигажсан гэрээ хэлэлцээрийн гол цөм нь болдог гэжээ. Их сургуулиудын удирдлагуудын холбогдсон ихэнх хэрэг нь оюутны хотхон барьж байгуулах болон багаж төхөөрөмж худалдан авах үйл ажиллагаатай холбоотой байна. Аж үйлдвэрийн хяналтын хамгийн шилдэг шинжээч бөгөөд Зежиан Их сургуулийн дэд ерөнхийлөгч асан Чу Жиан -ы хэрэг харин арай өөр байлаа. Тэрээр их сургуулийн харъяанд байсан компанийн мэдлийн төрийн өмчийг ашиглан шамшигдуулсан хэрэгт яллагдсан юм. 

Эдгээр баривчилгаа нь боловсролын болон судалгааны ажлын төсөв нэмэгдэхийн хэрээр их сургуулиуд дахь авлигын нөхцөл байдал улам бүр ноцтой болж байгааг харуулж байна. Боловсролын яамны мэдээлснээр хятадын шилдэг 10 сургуулиуд судалгааны ажилд зориулан өнгөрсөн жил нийт 26.8 тэрбум юань төсвөөс авсан байна. 

Эх сурвалж