Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.08.04-10/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.08.04-10/

Авлигын эсрэг тэмцэл нь мухардмал байдалд орсон уу. 

Хятадын сонин, хэвлэлүүд 7 дугаар сарын 30-ны өдрийн тэргүүн нүүрэндээ аюулгүй байдлын асуудлыг өмнө нь хариуцаж байсан дарга ЖоЁнкан/Zhou Yongkang/-ийг авлигын хэрэгт буруутган хэрэг үүсгэхээр болсон талаарх Коммунист намын Төв хорооны шийдвэрийг нийтэлсэн юм. 

Хятад Улс авлигын эсрэг тэмцэлдээ ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаагийн жишээ бол нэгэн цагт тус улсын хамгийн их эрх мэдэл бүхий албан хаагчдын нэг байсан ЖоЁнкангийн эсрэг үүсгэсэн энэ удаагийн авлигын хэрэг юм.

Авлигатай тэмцэхээр зорьж буй тус улсын энэхүү алхамд ялагч байхгүй байж болох юм хэмээн зарим ажиглагчид үзэж байгаа юм. Учир нь тус улс болон Коммунист намын дарга Ши Жиньпиний товч, тодорхой хэлсэн үг ихээхэн сонирхол татаад байгаа юм. Тэрээр “Авлигач болон авлигын эсрэг тэмцсэн 2 армийн тулаан мухардмал байдалд орсон” гэж 6 дугаар сарын сүүлчээр болсон намын Улс төрийн товчооны хаалттай хурлын үеэр хэлсэн байна. Мөн Ши Жиньпин “өөрийн эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэлд үхэл, амьдрал эсвэл өөрийн нэр хүндийн алинд нь ч санаа зовохгүй байна” хэмээн хэлснийг нь зарим хэвлэлүүд “цочирдом мэдээ” хэмээн иш татан мэдээлж байсан юм. 

Гэсэн хэдий ч түүний хэлсэн дээрх үгийг тодорхой хугацааны дараа төрийн хэд хэдэн мэдээллийн хэрэгслүүд устгасан байсан юм.

Үнэхээр Ши Жиньпиний удирдан чиглүүлж буй авлигын эсрэг тэмцлийг тус намын гишүүд болон нам доторх бүлэглэлүүдийн зүгээс эсэргүүцэх эсэргүүцэл өргөжин тэлж байгааг түүний энэ үг илэрхийлсэн байж болох юм.

Зарим ажиглагчдын үзэж байгаагаар Ши Жиньпиний авлигын эсрэг тэмцэл нь хэтэрхий тууштай байгаа аж. Тухайлбал, төрийн мэдээллийн хэрэгсэлд өгүүлснээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойших хугацаанд нэг сард ногдох авлигын хэрэгт шалгагдсан төрийн албан хаагчдын тоо 50 байгаа бол мөн хугацаанд авлигын хэрэгт шалгагдсан Засгийн газрын сайд болон түүнээс дээш түвшний төрийн өндөр албан хаагчдын тоо 2 байгаа юм.

Хятадын улс төрийн соёлд олон зууныг дамнан уламжлагдсан уламжлал болох улс төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэгт холбогддоггүй бичигдээгүй хуулийг одоогийн удирдагчид эвдэж байгаа талаар тус улсын төрийн мэдээллийн хэрэгсэл өмнө нь тайлбар хийж байсан юм.

Авлигын талаарх шинжээч, Гуанжоу хотын “Zhongshan” их сургуулийн багш Гуо Венлиан /GuoWenliang/ “Beijing Youth Daily” сонинд өгсөн ярилцлагадаа “одоогоор үлдээд байгаа авлигач албан тушаалтан буюу “ялаа”, “бар”-ууд өөрсдийг нь нэг нэгээр сонгож байгааг тэвчээртэй хүлэхгүй байж магадгүй. Барууд нийлэн дайрвал маш аюултай” гэсэн байна. 

Одоогоор ямар нэгэн эсрэг дайралт болж байгаа талаар нотолгоо байхгүй байгаа юм. Гэсэн хэдий ч, үнэн хэрэгтээ засгийн газраас ЖоЁнканд мөрдөн байцаалт явуулан, хэргийг олон нийтэд зарлах хүртэл асар их хугацаа шаардсантай адил далд эсэргүүцэл аажмаар эхэлсэн байж магадгүй юм. 

Хятадад жил бүр олон мянган үймээн гардгийн ихэнх нь орон нутгаас үүдэлтэй байдаг. Авлигач албан тушаалтнуудын улс төрийн сөрөг дайралтын талаар тус улсын удирдагч Дэн Сяопин /Deng Xiaoping/-ы нэгэн цагт хэлсэн аймшигт зөгнөлийг эргэн санахад хүргэж байна. Тэрээр “Хятад Улсад саад тулгарвал тэр нь Коммунист намын дотроос байх болно” гэж хэлж байсан ажээ. 

Эх сурвалж

Гайти улсын экс ерөнхийлөгч авлигын хэрэгт холбогдлоо. 

Албаны эх сурвалж өнгөрсөн пүрэв гарагт мэдээлснээр Гайти Улсын экс ерөнхийлөгч Жан-Бертранд Аристиде /Jean-Bertrand Aristide/ мөнгө угаасан, авлига, хээл хахууль авсан, эмийн хууль бус худалдаанд оролцсон зэрэг хэрэгт холбогдоод байгаа аж. 

Уг хэрэг дээр ажиллаж буй Гайти Улсын шүүгч Раумонд Жен Мишээлийн хэлснээр энэ хэрэг нь 2006-2007 оны үед холбоотой аж. 

Шүүгч Раумонд Жен МишээлФранц-пресс агентлагийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “авлига болон мөнгө угаах, хууль бус эм худалдахтай холбоотой, ерөнхийлөгч асан Жан-Бертранд Аристидийн 2 хэрэг шүүхэд байгаа” гэжээ. 

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэргийн улмаас экс ерөнхийлөгчийг тус улсаас гадагш гарахыг нь хориглосон хэмээн дамжуулж байгаа ч уг хэрэг дээр ажиллаж буй шүүгчид энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. 

Католик шашны номлогч, Гайти Улсын анхны ардчилсан ерөнхийлөгчөөр сонгогдсон Жан-Бертранд Аристиде нь 1990 болон 2000 онуудад буюу 2 удаа тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Гэхдээ, түүний анхны бүрэн эрхийн хугацаанд төрийн эргэлтээс үүдэлтэйгээр 1991-1994 оны хооронд тасалджээ. Тэрээр энэ хугацаанд АНУ-д орогнож байсан юм. 

Мөн 2000 оноос эхэлсэн бүрэн эрхийн хоёр дахь хугацааны хамгийн сүүлийн жил буюу 2004 онд өөр нэгэн төрийн эргэлт болох үеэр тэрээр ерөнхийлөгчийн суудлаа алдан, эмх замбараагүй байдлаас зугтан АНУ-ын Агаарын хүчний онгоцоор Өмнөд Африкт хүргэгдэн, тэндээ амьдарч байсан юм. Тэрээр 2011 оны 3 дугаар сард Өмнөд Африкаас эх орондоо эргэн ирсэн юм. 

Түүний удирдаж байсан Засгийн газрыг төсвийн хөрөнгөнөөс олон сая доллар шамшигдуулсан байж болзошгүй хэмээн 2005 онд шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлээд байсан юм. 

Улмаар энэ оны эхээр экс ерөнхийлөгчтэй ойрын холбоотой хэд хэдэн хүмүүсийг 2000 онд алагдсан нэгэн сэтгүүлчийн үхлийн хэрэгт буруутай болохыг ч тус улсын шүүх тогтоогоод байгаа юм. Энэхүү аллагын хэрэгт мөн Жан-Бертранд Аристидег холбогдуулан шалгасан боловч буруутай эсэх нь хараахан нотлогдоогүй билээ. 

Эх сурвалж

АНУ-ын ил тод байдлын цахим хуудсанд 619 тэрбум ам. доллар бүртгэгдээгүй байгааг тогтоожээ.

АНУ-ын төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хангах зорилго бүхий Засгийн газрын ил тод байдлын цахим хуудсанд хамгийн багаар 302 хөтөлбөрийн 619 тэрбум ам. долларын зарцуулалт тусгагдаагүй байгааг тус улсын төрийн аудитын байгууллага болох Засгийн газрын Хариуцлагатай байдлын газар /Government Accountability Office/ тогтоосон байна. 

2012 дугаар оны Засгийн газрын зарцуулалтыг хянасан тус байгууллагын тайланд дурдсанаар дээрх мэдээлэл яагаад тусгагдаагүй байгаа нь одоогоор бүрэн тодорхойгүй байгаа аж. Ил тод байдлын цахим хуудас “USASpending.gov”-нд тавигдсан мэдээллээс зөвхөн 2-7 хувийн мэдээлэл л “төсвийг захиран зарцуулсан байгууллагынхаа мэдээлэлтэй яг таг тохирч байгаа” ажээ. 

Байгуулагдаад 6 жил болж буй тус цахим хуудсанд тусгагдаагүй мэдээллийн дунд буй зарим хөтөлбөрийн зарцуулалтаас танилцуулбал: 

  • Эрүүл мэнд, халамжийн яам 544 тэрбум орчим ам. доллартой тэнцэх хэмжээний зарцуулалтаа тайлагнаагүй байгаа бөгөөд үүний ихэнх хувь нь “Эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр” зэрэгт шууд зарцуулагддаг юм. Тус яам эдгээр хөтөлбөрийн зарцуулалтыг нэгдсэн дүнгээр нь тайлагнах ёстой байсан. 
  • Дотоод яам нийт 265 хөтөлбөрийнхөө 163-ийн зарцуулалтыг цахим хуудсанд тусгаагүй байгаа юм. Тус яамнаас тайлбарлаж байгаагаар Засгийн газрын ил тод байдлын цахим хуудасны ерөнхий загварт тус хөтөлбөрүүдийн бүртгэлийн загвар тохирохгүй байсан аж. Дотоод яамны нийт тайлагнаагүй байгаа зарлагын хэмжээ 5.3 тэрбум ам. доллар болж байна. 
  • Мөн Цагаан ордон өөрийн хариуцан хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийнхээ аль ч хэсгийг мэдээлээгүй байгаа юм. Тухайлбал, Цагаан ордны шууд харьяанд байдаг Үндэсний эмийн хяналтын бодлогын газар ч зарцуулалтынхаа мэдээллийг өгөөгүй байгаа юм. 

АНУ-ын Засгийн газрын төсвийн зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод болгох зорилгоор өнгөрсөн жил Конгрессоос баталсан “Digital Accountability and TransparencyAct ” хуулийг хэрэгжүүлэхээр Обамагийн захиргаа энэ үед ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм. 

Тус тайланд дурдсанаар Засгийн газрын байгууллагуудын зарцуулалтыг мэдээлэх, тайлагнах байдалд тавих хяналтаа Менежмент, төсвийн газар нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна. “Энэ дутагдлыг арилгахгүйгээр цахим хуудаснаас мэдээлэл авч ашиглахад төвөгтэй байх болно” гэж тус тайланд мөн дурджээ. 

Эх сурвалж

АНУ дахь хамгийн их авлигажсан 10 муж улс 

АНУ дахь хамгийн их авлигажсан 10 муж улсыг тодорхойлох зорилгоор сүүлийн хэдэн 10 жилийн авлигын хэргээр яллагдагсдын тоо, мэдээллийг судалсан шинэ судалгааны тайлан гаргасан байна. 

Хонконгийн их сургууль болон Индианагийн их сургуулийн судлаачдын хамтран зохион байгуулсан уг судалгаагаар хамгийн их авлигажсан 10 муж улсын түвшин дэх авлига нь тэдгээр муж улсын жилийн зарлагын хэмжээг 5,2% нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. 

Судлаачид 1976-аас 2008 оны хооронд дахь тус улсын хуулийн дагуу авлигын гэмт хэрэгт яллагдсан төрийн албан хаагчдын 25000 гаруй гэмт хэрэгт тулгуурлан энэхүү судалгааг явуулсан байна. Мөн судлаачид муж улсуудын хэмжээнд хамгийн их авлигажсан болон хамгийн бага авлигажсан муж улсыг тодорхойлох зорилгоор төсвийн зарцуулалтын байдалд нь үндэслэсэн авлигын түвшнээр нь индексжүүлэн гаргасан байна. Уг индексийн дагуу тус улс дахь хамгийн их авлигажсан муж улсууд нь: 
1.Миссисипи
2. Луизиана 
3.Теннесси
4.Иллинойс
5.Пенсильван
6.Алабам
7.Аляск
8.Өмнөд Дакот
9. Кентакки 
10.Флорид болж байгаа аж. 

Энэхүү жагсаалт нь үнэхээр гайхшрал төрүүлэхүйц зүйл биш болоод байна. Учир нь Иллинойс муж улсад сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон авлигын хэрэг гарч байсан бол мөн Миссисипи, Луизиана зэрэг нь эдийн засгийн хувьд хамгийн бага хөгжилтэй муж улс юм. Эдгээр авлигач 10 муж улсын 9 муж улсын төсвийн зарлага авлигажаагүй мужуудын төсвийн зарлагын дунджаас дээгүүр байгааг мөн судлаачид тогтоосон байна. Судлаачдын үзэж байгаагаар муж улсын иргэдийн хэрэгцээ шаардлагад үндэслээгүй төсвийн зарлагуудыг сайтар хянах нь авлигатай тэмцэх хамгийн сайн алхам байж болох аж. 

Авлигажсан муж улсуудын төсвийн зарцуулалтын бүтцийг мөн авлигажаагүй мужуудынхтай харьцуулахад ихээхэн өөр бүтэцтэй байсан байна. Тухайлбал, авлигажсан мужууд төсвийн зарлагынхаа ихэнх хувийг боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбар мөн түүнчлэн томоохон дэд бүтцийн төсөлтэй холбоотой бүтээн байгуулалтын төслүүдэд зарцуулдаг болохыг тогтоосон байна. Дэд бүтцийн томоохон төслүүд нь авлигад өртөх өндөр эрсдэлтэй байдаг юм. Өөрөөр хэлбэл, нийтлэг бус томоохон төслүүдийг олон нийт хянах, шалгах боломжгүй байдгийн зэрэгцээ эдгээр төслүүдийг цөөн тооны монополь шинжтэй компаниуд гүйцэтгэдэг гэж тус тайланд дурджээ. 

Эх сурвалж

Авлигын эсрэг төрийн байгууллагууд нэгдээд байна. 

Австралийн Канберрахотод төвтэй Австралийн холбооны цагдаагийн газарт Авлига, луйврын хэрэгтэй тэмцэх төвийг байгуулаад байна. 

Тус төвийг байгуулснаараа холбооны улсын түвшин дэх авлига, луйврын хэрэгтэй тэмцэх явдлыг цоо шинэ түвшинд гаргана гэж үзэж байгаа аж. Учир нь тус төвийг Австралийн татварын газар, Австралийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо, Австралийн гэмт хэрэгтэй тэмцэх хороо, Австралийн гааль, хилийн хамгаалалтын байгууллага, Гадаад харилцаа, худалдааны яам болон Батлан хамгаалах яам зэрэг төрийн байгууллагууд тус төвийг хамтран байгуулж байгаа юм.

Хууль зүйн сайд Мишээл Кэенэний хэлснээр “тус төвийн үйл ажиллагаа ерөнхийдөө Австралийн холбооны цагдаагийн газарт төвлөрч явагдах бөгөөд төвийг байгуулсан холбогдох байгууллагууд өөр өөрсдийн салбарын асуудлаар тодорхой дэмжлэг үзүүлж, бодитойгоор хамтран ажиллах болно” гэжээ. 

Мишээл Кэенэнийн хэлснээр тус төвийн мөрдөн байцаагчид Мельбурн, Сидней, Канберра, Брисбен, Аделайд зэрэг хотуудад мөн байрлан ажиллах аж. Тус төв нь авлига, гадаадын албан тушаалтнуудын хээл хахуулийн гэмт хэрэг, онц ноцтой луйврын хэргүүдэд мөрдөн байцаалт явуулах юм хэмээн тэрээр хэлсэн байна. 

“Австрали Улс Трансперэнси интернэшнль байгууллагын Авлигын төсөөллийн индексийн дагуу дэлхийн хамгийн бага авлигатай улсын нэгээр тогтмол нэрлэгддэг явдалд бид бахархдаг. Тиймээс, цаашидхамтын нөхөрлөлийн орнуудын түвшинд авлига, луйврын хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар өөрсдийн үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх болно” гэж сайд Мишээл Кэенэний цохон тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж