Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.08.11-17/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.08.11-17/

Хонконгоор дамжуулан мөнгө угааж байгааг шалгаж байна.

Энэтхэгийн Татварын тагнуулын газар /Directorate of Revenue Intelligence/-аас мэдээлж байгаагаар Энэтхэг Улсын мөнгө угаагчид мөнгө угаахад хамгийн тааламжтай улс Хонконг болоод байгаа ажээ.

Энэтхэгийн олон тооны импортлогчид Хонконгод байршилтай хадгаламждаа хийсэн гадаад шилжүүлгээ нуухын тулд худалдааны дагалдах баримт дээрх мэдээллийг худлаа бичсэн хэргүүд удаа дараа гарсны дараагаар тус улсын Татварын тагнуулын газраас ийнхүү мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Худалдааны дагалдах баримтын мэдээллээ хуурамчаар үйлдсэний үр дүнд тус улсын төсөвт орох ёстой байсан олон сая руппи орж чадахгүйд хүрээд байгаа юм.

Гадаад худалдаанд суурилсан мөнгө угаах үйл ажиллагааны схемд тус улсын томоохон аж ахуйн нэгжүүд оролцож байна хэмээн нэгэн эх сурвалжийн хэлснийг мэдээний “PTI” агентлаг дамжуулах үеэр мөн Татварын тагнуулын газраас энэ төрлийн аргыг ашиглан мөнгө угаах давтамж сүүлийн үед нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Гадаад шилжүүлэгт нэрээ нууцлан шилжүүлэхийн тулд худалдааны дагалдах баримтуудаа банкинд худал мэдээлсний улмаас тэдний Хонконгод байршилтай данснуудад нь хууль бусаар ихээхэн хэмжээний доллар хяналтгүйгээр шилждэг байна.

Дотоодын инфляцийг хянахын тулд Энэтхэг, Хятад зэрэг улсууд валютынхаа урсгалыг хянаж байдаг юм.

Эх сурвалж

Хатуу хяналтаар дамжуулан Камбож Улс шалгалтын үеэр бусдаас хуулах болон хээл хахуулийн асуудлаас ангижирсан байна.

Өнгөрсөн мягмар гарагт албаныхан болон ажиглагчдын үзэж байгаагаар боловсролын салбарын чанарыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд тус улсын ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсөгчдийн шалгалтын үеэр хуулах, хээл хахууль өгөх явдал зогссон байна.

Тус улсын хэмжээнд 154 төвд, 3779 анги, танхимд 93456 сурагчид 2 өдрийн шалгалт өгсөн бөгөөд шалгалт нь мягмар гарагийн үдээс хойш өндөрлөсөн юм. Тус шалгалтаар өндөр оноо авсан сурагчид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болдог юм.

Тус улсын Боловсролын сайд Hang Chuon Naron “Энэ жилийн шалгалтын үеэр ямар ч хуулах асуудал байсангүй, учир нь сурагчдын шалгалт өгөхөөс өмнө бүх хүүхдүүдэд нэгжлэг хийсэн” хэмээн Синхуа агентлагт утсаар өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өнгөрсөн оны 9 дүгээр сард энэ албан тушаалд томилогдоод байсан сайд Hang Chuon Naron хэлэхдээ “шалгалт яг 100 хувь цэвэр болж чадаагүй байж магадгүй, маш цөөн хүүхэд хуулах оролдлого гаргасан” гэжээ.

Түүний хэлж байгаагаар шалгалтын анги, танхимд гар утас болон төрөл бүрийн электрон төхөөрөмж оруулахыг мөн хориглосон байна.

“Шалгалтыг зохион байгуулах үеэр хянагчдын хэн нэгэнд хуулж байгаа нь илэрвэл тухайн хүүхдийн оноог автоматаар тэг болгосон” гэж тэрээр хэлсэн байна.

Энэ удаагийн шалгалтыг зохион байгуулах үеэр Боловсролын яам, тус улсын Авлигатай тэмцэх нэгжтэй хамтран ажилласан ба “шалгалтыг зохион байгуулах үеэр 26000 орчим хянагчид, 2000 гаруй авлигатай тэмцэх ажилтан, сайн дурынхан байсан” байна. Мөн “шалгалтын үеэр шалгуулагчдын зүгээс ямар нэгэн байдлаар хээл хахууль өгөх оролдлого хийсэн бол тухайн хүүхдэд холбогдох шийтгэл ногдуулах байсан ч тийм тохиолдол шалгалтын үеэр илрээгүй” гэж тэрээр мэдэгджээ.

Түүний хэлснээр бол тус улсын боловсролын системийг шинэчлэх ажлын нэг хэсэг нь аж.

Өнгөрсөн жилийн шалгалтын үеэр сурагчид хувцсандаа хуулах цаас нуусан, эсхүл хянагчид мөнгө өгөх явдал ихээхэн түгээмэл байсан ч энэ жилийн шалгалтын үеэр тийм зүйл тохиолдоогүй байна.

Мөн Камбожийн Хараат бус багш нарын холбооны ерөнхийлөгч Rong Chhun-ий хэлснээр “энэ жилийн шалгалт өмнөх жилүүдийнхээс хамаагүй дээр болсон, үр дүнг нь хүлээн зөвшөөрч болохуйц” гэжээ.

Шалгалтын албан ёсны дүн 8 дугаар сарын 29-30-нд зарлагдана.

Камбож улсад ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчид төгсөлтийн шалгалтаа амжилттай өгвөл өөрсдийн дуртай улсын болон хувийн их дээд сургуульд элсэн орох хүсэлт гаргах боломжтой болдог.

Эх сурвалж

Улс төрийн бохир мөнгө: Энэтхэг Улс 24000 ширхэг нууц мэдээлэл хүлээн авсан байна.

Энэтхэг Улс Шинэ Зеланд, Испани, Их Британи, Швед, Дани зэрэг олон тооны улсаас гадаадад данс эзэмшигчдийнхээ талаар их хэмжээний нууц мэдээлэл хүлээн аваад байна.

Тухайлбал Шинэ Зеланд Улсаас 10372, Испаниас 4169, Их Британиас 3164, Шведээс 2404, Даниас 2145, Финландаас 685, Португалиас 625, Японоос 440, Словениос 44 нууц мэдээллийг хүлээн авсан байна.

Хилийн чандад нуусан хар мөнгийг илрүүлэх үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн төсвийн жилийн хугацаанд гадаад улс оронд илрээд байгаа Энэтхэг Улстай холбоотой, татвараас зугтсан болон тодорхойгүй сангуудын талаарх 24085 мэдээллийг Энэтхэгийн Сангийн яам хүлээн авчээ.

Улс орнуудаас хүлээж авсан эдгээр мэдээлэлдээ үндэслэн татварын шалгалтын ажиллагааг зохион байгуулан явуулах зорилгоор “Тусгай шалгалтын баг”-ийг татварын байгууллагын харьяанд байгуулан ажиллаж эхлээд байгаа аж.

Энэтхэг Улс нь эдгээр мэдээллийг хүлээн авах Давхар татвараас зайлсхийх олон улсын гэрээ /Double Taxation Avoidance Agreements (DTAA)/ болон Татварын мэдээлэл солилцох олон улсын хэлэлцээр /Tax Information Exchange Treaties (TIEAs)/-т нэгдсэн байдаг юм.

Энэтхэгийн сангийн яамнаас мэдээлж байгаагаар татварын мэдээллийг автоматаар солилцох үйл ажиллагааг Эдийн загийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага удирдан зохион байгуулдаг аж. Тус байгууллагад Энэтхэг зэрэг 34 улс орон гишүүнээр элссэн байдаг юм. Мөн дээрх улсуудаас гадна Энэтхэг Улсын хүсэлтийн дагуу Австрали, Мексик, Итали зэрэг улс орнууд тодорхой тооны мэдээлэл илрүүлсэн байгаа ажээ.

Мөн энэ үеэр Швейцари Улс өөрийн банкиудад хууль бусаар байршиж буй гадны улс орнуудын хар мөнгө эзэмшигчдийн талаарх дотоодын хууль тогтоомждоо зарим нэг томоохон өөрчлөлтийг хийхээр ажиллаж байгаа юм. Хэрэв энэ өөрчлөлт ойрын үед хийгдвэл, данс эзэмшигч этгээдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр харьяа улс орнуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тодорхой эзэмшигчдийн мэдээллийг хуваалцах боломж бүрдэх юм.

Эх сурвалж

Багш нарын авлига, хээл хахуулийг таслан зогсоох ёстой.

“Сурагчдын хүсэлтээр, хамгийн их гомдол ирүүлсэн багш нарын авлига, хээл хахуулийг гомдлыг шийдвэрлэх мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх ёстой” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Др Инь Инь Нве /Dr Yin Yin Nwe/ хэллээ.

Тэрээр Бирмийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын уулзалтын үеэр энэхүү мэдэгдлээ хийсэн байна.

Түүний хэлснээр “ядуу гэр бүлээс гаралтай хүүхэд багш нарын ёс зүйгүй үйл ажиллагаанд хамгийн их өртөж байгаа аж. Хүүхдүүд багшаасаа сайн үнэлгээ авахын тулд тухайн багшийн хичээллүүлж буй хувийн, төлбөрт хичээл, сургалтад суух шаардлагатай болдог” гэжээ.

“Сурагчдаас нь хамгийн их гомдол ирүүлсэн багш нарын эсрэг арга хэмжээ авах ёстой” хэмээн тэрээр хэлсэн байна. Мөн тэрээр “албан ёсоор хичээл заах ёстой газрынхаа сурагчдад багш нар хувиараа төлбөрт хичээл оруулахыг боловсролын яам зөвшөөрөх ёсгүй” гэжээ.

Бирм улсад багш нарын хүрэлцээгүй байдлаас үүдэлтэй авлига бий болдог юм. Тухайлбал, зарим сургалт сайтай сургуульд хүүхэд орохын тулд элсэлтийн төлбөрт 1000 ам. доллар авдаг бол ихэнх багш нар сурагчиддаа нэмэлтээр төлбөртэй хичээл заадаг юм. Уг төлбөрийг зарим эцэг эх төлөх боломжтой байдаг ч төлбөр төлөх боломжгүй эцэг, эхтэй хүүхдүүдийн хувьд тэдний ялгаварлан гадуурхах шалтгаан болоод байгаа юм.

Эх сурвалж

Өнгөрсөн онд мөрдөн байцаалт явуулсан хэргийн 82 хувийг шийдвэрлэсэн гэж Малайзын Авлигатай тэмцэх хорооны дарга мэдэгдлээ.

Өнгөрсөн онд мөрдөн байцаалт явуулсан авлигын нийт 976 гэмт хэргийн 82 хувьд нь шийдвэрлэгдсэн байгаа нь (2012 онд 75 хувь нь шийдвэрлэгдсэнээс) өссөн үзүүлэлт болж байна хэмээн Малайзын Авлигатай тэмцэх хорооны дарга, тэргүүн комиссар Тан Шри Абу Кассим Мохамед /Tan Sri Abu Kassim Mohamed/ жилийн тайлангаа танилцуулсаны дараа мэдэгдлээ.

Энэхүү үзүүлэлт нь Малайзын Авлигатай тэмцэх хороог авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд шаардлагатай стандарт хэм хэмжээнд хүрсэн байгааг илэрхийлж байна гэж тэрээр хэлсэн байна.

Тэрээр 2013 оны үйл ажиллагааны тайлангаа парламентийн даргад гардуулсныхаа дараа “Малайзын авлигатай тэмцэх хороо авлигаас урьдчилан сэргийлэх байгууллагуудын хангах ёстой стандартуудыг давуулан биелүүлсэн гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Тэрээр мөн “Малайзын Авлигатай тэмцэх хорооны өнөөгийн хүрсэн үр дүн олон улсын түвшинд анхаарал татаж байгаа”-г онцлон тэмдэглэсэн юм.

Дарга, тэргүүн комиссар Тан Шри Абу Кассим Мохамед хэлэхдээ “НҮБ-ын Хар тамхи, Мансууруулах бодистой тэмцэх албанаас гаргасан үнэлгээгээр НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх явцад Малайзын Авлигатай тэмцэх хороонд авлигатай тэмцэх 23 тэргүүн туршлага байна” гэснийг ч мөн дурдсан юм.

Эх сурвалж

Европын комисс тусламжийн талаарх мэдээллийг ил тод болгох зорилгоор цахим хуудас гаргасан байна.

Европын холбооноос дэлхий дахинд үзүүлсэн хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламжийн талаар мэдээллийг ил тод байлгах зорилгоор Европын комисс "EU Aid Explorer" цахим хуудсыг нээсэн байна.

"EU Aid Explorer" цахим хуудсыг хөгжүүлэгчдийн үзэж байгаагаар томоохон тусламжийн талаар мэдээллийн сангуудыг нэгтгэсэн, хамгийн анхны цахим хуудас болсон аж.

Тус цахим хуудаснаас доноруудын үйл ажиллагааны хүрээнд аль байгууллага, улс хэдий хэмжээний мөнгө зарцуулсан, эдгээр тусламжийг ямар зүйлд зарцуулсан зэрэг мэдээллийг авах боломжтой юм.

Цахим хуудсанд дараах хаягаар хандана уу.
https://euaidexplorer.jrc.ec.europa.eu/