Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.08.30-09.05/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.08.30-09.05/

Албан тушаалаа урвуулан ашиглах явдлыг “хориотой сэдэв” болгох шаардлага

Call to make graft “taboo” by Mongkol Bangprapa

8 дугаар сарын 31. Бангкок. Тайланд. Авлигыг нийгмийн хүрээнд байж болшгүй зүйл гэж үзэх үзэл бодол төлөвшүүлэх талаар даацтай арга хэмжээ авах нь үндэсний шинэчлэлийн гол түлхүүр байх ёстой гэж өчигдөр болсон семинар дээр ярилцав.

Авлигын эсрэг иргэдийн сүлжээ байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Виира Сомквамкид хэлэхдээ албан тушаалаа хувийн ашиг сонирхлын төлөө ашиглах явдал замаа алдлаа, яагаад гэвэл хууль зөрчигчид хариуцлага хүлээхгүй байна, мөн тэд асуудлаас мултрах аргаа мөнгөөр шийдчихээд байна гэлээ. Хүмүүс авлигатай холбогдохыг маш их эрсдэлтэй үйл ажиллагаа гэж үздэг тийм нөхцөл байдлыг бүрдүүлэх шаардлагатай байна. Одоогоор авлигатай холбоотой үйл ажиллагаанд холбогдсоноос олох ашиг нь сөрөг үр дагавраас илүү байна. Тэрээр хар тамхины наймаа жишээлбэл, албан тушаалаа урвуулан ашиглахаас илүү эрсдэлтэй байдаг талаар нэмж дурджээ.

Эх сурвалж

Авлигажсан Хятад орон ба Энэтхэгийн авах сургамж

Corrupt China and Lessons for India by Prachi Aggarwal

8 дугаар сарын 31. Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин 9 дүгээр сард Энэтхэгт айлчлал хийхээр товлогдсоноос улбаалаад хоёр удирдагчийг харьцуулах явдал эрчимтэйгээр эхлэв. 60 жил авлигатай зууралдсан Энэтхэгийн улс төрийн тогтолцоог өөрчилж чадна гэсэн итгэл найдвар төрүүлсэн учраас Нарендра Моди сонгуульд илт давуугаар ялсан нь гарцаагүй юм. Гэвч авлига нь Энэтхэг зэрэг орны сулхан ардчилалд төдийгүй Хятадынх шиг улс төрийн хатуу тогтолцоонд ч оршин байдаг ажээ. Хөрш орны ах дүү нарт маань удирдагчаа сонгох боломж байгаагүй ч тэдний удирдагч (Ши Жинпин) авлигын эсрэг тэмцлийг үйл ажиллагаандаа сонгосон юм.

Хятадын “авлига” буюу “фубай” гэдэг үг нь “гуанши” буюу “танил тал, холбоо сүлбээ” гэдэг ойлголтыг агуулсан соёлын үр дагавар байж магадгүй юм. “Зоу хоу мен” буюу “арын хаалга”, “та юу гуанши” буюу “тэр хүн танил тал ихтэй байсан” гэсэн үг хэллэг нь хятадуудын өдөр тутмын ярианд байнга хэрэглэгддэг. Хятад дахь авлигыг үндсэндээ баян чинээлгээрээ гайхуулах байдал болон хээнцэрлэж тансаглах хэнээрхэл ихээхэн дэвэргэдэг ажээ. Хятадын өмнөх Ерөнхийлөгч Ху Жинтао халаагаа өгөх үедээ Коммунист намыг ангалын ирмэгт байна гэж бодвол түүнийг цааш түлхэж унагаах хүчин зүйл нь авлига байх болно гэж тодорхойлон авлигын хор хөнөөлийг хүлээн зөвшөөрснөөр авлигатай хийх урт удаан тэмцлийн эхлэл тавигдсан. Энэ бол Ши болон намд өгсөн чухал анхааруулга байлаа.

Хятад дахь авлигын нөхцөл байдал Энэтхэгийнхээс ялгагдаад байх зүйлгүй. Ши, Моди нарын албан тушаалаа авсны дараах гол ялгаа нь эсэргүүцэгчиддээ хандаж байгаа хандлага байлаа. Ши тэдний эсрэг хатуу байр суурь баримталж байсан бол Моди аргадангуй байдлаар хандахаар шийджээ. Моди тэр ч байтугай заримд нь засгийн газарт чухал албан тушаал өгсөн байна.

Эх сурвалж

Гватемалийн шоронгийн удирдах газрын дарга Эдгар Камарго баривчлагдав.

Guatemala prisons director Edgar Camargo arrested by BBC

9 дүгээр сарын 3. Авлига болон айлган сүрдүүлэх замаар их хэмжээний хууль бус ашиг олдог зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд хамтран оролцсон хэргээр Гватемал Улсын Шоронгийн Удирдах газрын дарга Эдгар Камарго баривчлагджээ.

Прокуроруудын хэлснээр гэмт бүлэглэлийг зард гарсан гэмт хэрэгтэн Байрон Олива Лима удирдаж байсан бөгөөд Камарго түүнээс удаа дараа хээл хахууль авсан байна.

Олива Лима шоронд байгаа хоригдлуудад гар утас ашиглуулах, тусгай хоол хүнс нийлүүлэх, сексийн хэрэгцээг нь хангах үйлчилгээг төлбөртэйгээр зохион байгуулж байжээ. Ахмад цолтойгоор зэвсэгт хүчинд алба хааж байсан Олива Лима одоо 44 настай бөгөөд 1998 онд Католик сүмийн хамба лам Хуан Хосе Жерарди -ийг хөнөөсөн хэргээр 2001 онд 20 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Тэрээр одоо мөнгө угаасан болон гэмт бүлэглэл зохион байгуулсан хэргээр шалгагдаж байгаа юм.

Прокурорууд хэлэхдээ Камаргогаас гадна дор хаяж 12 хүн гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд хамтран оролцжээ.

Камарго болон Олива Лима нар дунд сургуулийн нэг ангийн найзууд байсан бөгөөд 1987 онд хамт төгссөн гэдгийг Пренса Либре сонин мэдээлсэн байна.

Эх сурвалж

Ядуу буурай орнууд жилдээ 1 их наяд долларыг авлигад алдаж байна.

World’s poorest countries lose $1 trillion a year to corruption by Дойче Велле

9 дүгээр сарын 4. Дэлхийн хамгийн ядуу буурай орнууд авлигын улмаас жил бүр 1 их наяд доллар (762 тэрбум евро)-ыг алдаж байна гэдгийг ядуурлын эсрэг ONE байгууллагаас лхагва гарагт нийтлүүлсэн тайлангаас харж болно.

Австралийн нийслэл Канберра хотод олон нийтэд танилцуулагдсан “Нэг их наяд долларын будлиан ” нэртэй тайланд татвараас хууль бусаар зайлсхийх, мөнгө угаах, ашиглан шамшигдуулах замаар хөрөнгө мөнгө зувчуулдаг гэмт хэрэгтнүүд, авлигад автсан төрийн албан тушаалтнууд “нууцлаг байдлын хэм хэмжээ” -г бий болгож байгааг дурдсан байна.

Авлигын улмаас хөгжиж байгаа орнуудын 3.6 сая хүний амь хохирсон гэж тайланд дурджээ. “Хөгжиж байгаа орнуудад авлига нь хүмүүсийн аминд хүрч байна. Засгийн газар нь нөөц баялгаа эрүүл мэндийн үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, зайлшгүй чухал дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулаагүйгээс болоод хүмүүс амь насаа алдаж, хүүхдүүд бүр их хохирч байна” гэжээ.

АНУ-д төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг энэ байгууллага одоо “Их хорь” -ийн удирдагч нарт авлигатай тэмцэх талаар хүчин чармайлт гаргахыг уриалж байна.

Эх сурвалж

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асны 500 000 долларын хөрөнгийг АНУ хураан авлаа.

U.S. seizes $500,000 allegedly laundered by South Korea’s ex-president

9 дүгээр сарын 4. Вашингтон (Томсон Ройтерс Сан) – АНУ-ын Засгийн газар лхагва гаригт 500,000 долларын хөрөнгө хураан авлаа. Энэ нь Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Чун Доо Хван засаглалын жилүүддээ авлигын замаар олж авсан хөрөнгө бөгөөд түүнийхээ зарим хэсгийг мөнгө угаах замаар хөрөнгө оруулалт болгосон байжээ. Тэрхүү мөнгийг Чун Доо Хваны бэр нь Пенсилваниа муж дахь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл д хөрөнгө оруулсан байна.

АНУ-ын Хууль зүйн яамны Туслах прокурор Жерард Калдвелл мэдэгдэлдээ “Чун Доо Хван ерөнхийлөгч байхдаа 200 сая илүү долларын хээл хахууль авсан бөгөөд тэр мөнгийг хамаатан садангуудтайгаа хамтран АНУ болон Солонгос дахь банкуудаар дамжуулан угаасан” гэжээ.

Генерөл Чун Доо Хван нь 1979 онд цэргийн эргэлтээр засгийн эрхэнд гарч ирсэн юм. Тэрээр 1980 онд Гванжу хотод өрнөсөн ардчиллын төлөөх бослогыг дарах тушаал өгсөн бөгөөд үүний улмаас 250 орчим хүний амь нас хохирсон. Өмнөд Солонгосын удирдагч нарын дотроос түүнийг ард түмэн хамгийн ихээр үзэн яддаг байна.

Эх сурвалж

Энэтхэгийн улсын эмнэлгүүд дэх авлигыг таслан зогсоох шаардлагатай гэж дүгнэв.

India reviews state hospitals to end widespread corruption

Энэтхэгийн шинэ засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн тогтолцоон дахь гажуудлыг арилгах үйл ажиллагааны хүрээнд Засгийн газраас өнгөрсөн бямба гаригт шийдвэр гаргав. Эрүүл мэндийн сайдын зүгээс “бугшмал авлига” гэж тодорхойлсон хууль бус үйл ажиллагааг улсын мэдлийн бүх эмнэлгийн хэмжээнд ямар байгаа талаар үнэлж цэгнэхийг энэхүү шийдвэрт заасан байна.

Жилдээ 74 тэрбум доллар эргэлддэг эрүүл мэндийн салбар дахь албан тушаалаа урвуулан ашиглах явдлыг арилгана гэсэн амлалтыг Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар өгсөн бөгөөд энэ салбарт эмч нар өвчтнийг тодорхой эмнэлэг рүү илгээх болон тодорхой эм бичиж өгснийхөө төлөө тэрхүү эмнэлэг болон эмийн компаниас нэмэлт төлбөр, бэлэг сэлт авах нь түгээмэл болсон.

Энэтхэгийн эрүүл мэндийн тогтолцоонд хувийн байгууллагууд давамгайлдаг бөгөөд улсын эмнэлгүүд нь ачаалал ихтэй, байнга өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах нөөц бололцоо дутмаг байдаг байна.

Зөвлөх үйлчилгээний ПвС компанийн судалгаагаар тогтоосноор Энэтхэгийн эрүүл мэндийн салбар жилд 15 хувиар нэмэгдэж байгаа боловч эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа төсвийн хөрөнгө тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн -ий 1 орчим хувийг эзлэх болсоор олон жил өнгөрч байна. Дэлхийн банкны 2012 оны мэдээллийн сан -гаас харвал Хятадын хувьд энэ үзүүлэлт 3 хувь, АНУ-ынх 8.3 хувь байна.

Энэтхэгийн нийслэл Дели хотын оношилгооны төвүүд болон эмч нарын хоорондох ашиг хуваалцдаг тохиролцооны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийн дараа засгийн газраас тодорхой үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Эх сурвалж

Филиппин улс дахь авлигыг нөхцөл байдлыг “ноцтой” асуудал гэж АНУ үзэж байна.

US sees corruption in Philippines a “big” problem by Camilla Diola

8 дугаар сарын 31. Манила. Филиппин – Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын анхаарлыг хандуулах шаардлагатай гэж АНУ-ын зүгээс үзэж байгаа асуудлуудын дотор Филиппин болон Номхон далай тойрсон орнууд дахь авлигын асуудал багтаж байна гэж АНУ-ын дипломат албаны өндөр албан тушаалтан хэлэв.

Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага дахь АНУ-ын өндөр албан тушаалтан Роберт Ванг тухайн бүс нутаг дахь Хятад, АНУ зэрэг тэргүүлэгч улсууд авлигыг бүс нутгийн эдийн засгийн солилцоо, чөлөөт худалдаа, хөгжлийг чөдөрлөж буй “ноцтой” бөгөөд “илэрхий” саад тотгор гэж үзэж байгааг илэрхийлэв.

Ванг лхагва гарагт Вашингтон хотноо хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ “Энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр хөгжлийн тогтвортой байдлыг хангах аргагүй. Учир нь авлига баялгийн шударга бус хуваарилалт болон эмх замбараагүй, дэг журамгүй байдлыг үүсгэдэг, тиймээс үүнийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай” гэлээ.

Эх сурвалж