Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.09.06-12/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.09.06-12/

Камбожийн Ерөнхий сайд авлигын асуудлаар оролцогч талуудыг шүүмжиллээ.

Камбожийн Ерөнхий сайд Хун Сен /Hun Sen/ тус улсын нийслэл Пном Пен хотод зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүсийн авлигын эсрэг зөвлөгөөнийг нээх явцдаа авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийнхэн болон олон улсын хамтын нийгэмлэгүүдийн оролцоог шүүмжлэхийн зэрэгцээ өөрийн Засгийн газрын авлигатай тэмцэх үйл ажиллагааг сайшаав.

Ази, номхон далайн бүс нутгаас олон арван тооны төлөөлөгчид оролцож байгаа Бүсийн авлигын эсрэг 8 дахь удаагийн зөвлөгөөнийг нээж Хун Сен үг хэлэхдээ тус улс авлигатай тэмцэх зорилгоор соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, хууль сахиулах гэсэн гурван чиглэлээр амжилттай ажиллаж байна гэжээ.

Транспарэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн өнгөрсөн оны дүнгээр Камбож Улс 177 улсаас 160-д эрэмбэлэгдэж байсан бөгөөд тус улсад төрийн байгууллага болон шүүх засаглал дахь авлигыг ихээхэн шүүмжлэл дагуулдаг юм.

Гэсэн ч тус улсын Ерөнхий сайд ноён Хун Сен Камбож дахь авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хувийн хэвшлийнхэн тэнцүү хэмжээний хариуцлага үүрэх ёстойг санууллаа. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан судалгаагаар тус улс жил бүр ДНБ-ийхээ 10 орчим хувийг авлигын улмаас алддаг аж.

Тэрээр хэлэхдээ “хээл хахууль өгч байгаа тал бол хувийн хэвшил гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ хувийн хэвшил хээл хахууль өгөхөө зогсоовол, төрийн албан хаагчид хаанаас хахууль авах билээ?... Тиймээс, хувийн хэвшлийнхнийг цэвэр хөрөнгө оруулалт хийх, улмаар хахууль өгөх явдлаа зогсоохыг уриалж байна.” гэжээ.

Үүний зэрэгцээ Хун Сен Камбожийн эдийн засгийн талаар муу төсөөлөл түгээж буй олон улсын байгууллагуудад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Швейцари Улсад байрлах Базелийн институцээс өнгөрсөн сард зарласан Мөнгө угаахын эсрэг индекс /Anti-Money Laundering Index/-ээр Камбож Улс мөнгө угаах эрсдэл бүхий улсуудын жагсаалтын 3 дугаар байрт шалгарсан юм.

“Олон улсын байгууллагуудын түгээж байгаа муу төсөөлөл, мэдээний хүнд бэрхийг Камбожтой адил олон тооны ядуу улс орнууд үүрч байгаа. Бид тэднийг хүлээн зөвшөөрөхгүй бол тэд тусламжийнхаа хэмжээг бууруулдаг. Энэ бол баян улс орнууд юу хүссэнээ хийж болдогийн илрэл” гэж тэрээр хэлсэн байна.

Ашгаас шударга бусаа хүртэхэд хүргэж буй, өөрийн улс орнуудын компаниудын өмнөөс Камбож Улсад хөрөнгө оруулах санал тавьж буй дипломатуудыг мөн тэрээр шүүмжилсэн байна. “Камбож Улс ахиу ашиг хүртэх, өөрсдийн талын компаниуд нь бага ашгийг хүртэх санал тавьж надтай уулзсан ямар ч элчин сайдыг бий мэдэхгүй. Энэ бол үнэн” гэж тэрээр хэлсэн байна.

Мөн энэхүү зөвлөгөөнийг нээх үеэрээ, Ерөнхий сайд Хун Сен хурлын индэрт өөрийн хажууд суусан Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD)-тай хамтран уг зөвлөгөөнийг зохион байгуулж буй Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдөд хандан “болгоомжтой байх”-ыг сануулсан юм. Тэрээр Олон улсын валютын сангийн дарга Кристина Лагард /Christine Lagarde/, Дэлхийн банкны ерөнхийлөгч асан Пол Вулфовиц /Paul Wolfowitz/ нарын холбогдоод байгаа шиг санхүүгийн гэмт хэргээс тэднийг ангид байх, энэ төрлийн хэрэг гарахаас сэргийлж байхыг Азийн хөгжлийн банкныханд сануулсан юм. Мөн тэрээр хэлэхдээ “Манай Азийн хөгжлийн банкинд ийм зүйл хараахан тохиолдоогүй байна. Азийн хөгжлийн банк маш болгоомжтой байх ёстой... Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийнхан шиг нэр хүндээ тэд гутаахгүй гэдэгт би итгэж байна” гэжээ.

Түүний энэхүү шүүмжлэл мөн АНУ, Дэлхийн банк зэрэг олон улсын хамтын нийгэмлэгүүдэд мөн чиглэсэн юм. Тэрээр хэлэхдээ “гаалийн байгууллагын хувьчлах, улмаар хувийн хэвшлийнхэнд “гар буу, гранат, нисдэг тэргүүдийг” өгүүлэхээр өөрийг нь 2004 онд АНУ, Дэлхийн банк ятгаж байсан” гэжээ.

Зөвлөгөөнийг нээж хэлсэн түүний энэхүү үгсийг хүн бүр харилцан адилгүй хүлээн авсан юм. Тухайлбал, Шри Ланка Улсын Ерөнхий прокурор Капила Вайлдартн /Kapila Waildyartne/ Камбожийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар эерэг төсөөлөлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Би юуг олж харсан бэ гэхээр Камбож Улс зөв замаар явж байна. Тэд үүнийгээ мэдэж байгаа, дэвшил гаргасан байна” гэжээ.

Камбожийн Засгийн газар Авлигатай тэмцэх алба /Anti-Corruption Unit/-ыг 2010 онд байгуулсан бөгөөд засгийн газраас их, дээд сургуульд элсэх шалгалтын үеэр бусдаас хуулах явдалтай тэмцэхээр томоохон алхмуудыг сүүлийн үед хийгээд байгаагийн зэрэгцээ зөвхөн цалин авдаг “сүнс” хэмээн нэрлэгдэх ажилтнуудын эсрэг ажиллагаа явуулахаар төлөвлөгөө гаргаснаа мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж

Үндэстэн дамнасан мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Бирм улс илүү олон тооны гэрээ байгуулна.

Бирм Улсын Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн байцаах товчооны дэд дарга, цагдаагийн хурандаа Ков Вин Тейн /Kyaw Win Thein/-ийн хэлж байгаагаар тус улс үндэстэн дамнасан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар харилцан мэдээлэл солилцох зорилгоор Япон, Их Британи зэрэг улсуудтай гэрээ байгуулахаар хэлэлцэж байгаа аж.

“Манай улсад хууль бус мөнгөний гадагш болон дотогш чиглэсэн урсгал бүгд байгаа. Тиймээс, мөнгө угаахаас сэргийлэхийн тулд улс орнуудтай нягт холбоо тогтоох хэрэгтэй. Одоогийн байдлаар бид энэ асуудлаар 7 улстай харилцан ойлголцлолын санамж бичиг байгуулсан бөгөөд Япон Улстай байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэж цагдаагийн хурандаа Ков Вин Тейн хэллээ.

Мөнгө угаах асуудлаар Бирм Улс хэдий 7 улстай гэрээ байгуулаад байгаа ч, 1995 онд онд байгуулагдсан дэлхий дахинд 139 улс орны санхүүгийн тагнуулын нэгжүүд /Financial Intelligence Units/-ийг эгнээндээ нэгтгэсэн “Egmont Group”-ийг гишүүн хараахан болоогүй байгаа юм.

“Egmont Group”-ийн зорилго нь терроризмыг санхүүжүүлэх болон мөнгө угаах асуудалтай тэмцэх хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд дэлхийн санхүүгийн тагнуулын нэгжүүдийг хамруулсан форум зохион байгуулах, энэ асуудлаар дотоодын хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх, олон улсын хэмжээнд талууд харилцан мэдээлэл солилцох явдлыг дэмжих зэрэг үйл ажиллагаа явуулдаг юм.

Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн алба ч “Egmont Group”-ийн гишүүнээр 2009 онд элссэн юм.

Эх сурвалж

Индонезийн эрчим хүчний сайд авлигын хэргийн улмаас албан тушаалаа өгөв.

Индонезийн Авлигыг устгах хорооноос тус улсын Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Жеро Вакикийг авлигын хэрэгт сэжиглэж байгааг мэдэгдсэнээс 2 өдрийн дараа буюу 9 дүгээр сарын 5-ны өдөр тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жеро Вакикийг огцрох өргөдлөө өгсөн болохыг мэдэгдлээ.

9 дүгээр сарын 5-ны өдөр Засгийн газрын хуралдаанд оролцоогүй, огцрох өргөдлөө өргөн бариад буй Жеро Вакикийн өргөдөлд Ерөнхийлөгч Сусило Бамбанг хараахан хариу өгөөгүй байгаа хэмээн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жулиан Алдрин Паша мэдэгдсэн юм.

Мөн Эдийн засгийн асуудлыг зохицуулах сайд /Coordinating Minister of Economic Affairs/ Чайрул Танжун хэлэхдээ “энэ оны 10 дугаар сарын 20-нд шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулагдах хүртэл богинохон хугацаанд Жеро Вакикийн албан тушаалд ерөнхийлөгч түр орлон гүйцэтгэгчийг томилж магадгүй байгаа” гэжээ.

Индонезийн Авлигыг устгах хорооноос 9 дүгээр сарын 3-ны өдөр мэдэгдснээр бол хууль бус санд 840000 ам. долларыг албан тушаалаа ашиглан бусдыг сүрдүүлэх замаар цуглуулан хувьдаа завшиж байсан талаар хэргийн баримтад үндэслэн түүнийг сэжигтнээр нэрлээд байгаа юм.

Сайд Жеро Вакикийн өөрийн яамны хүмүүсээрээ дамжуулан зөвлөх үйлчилгээ, худалдан авах ажиллагаанаас хахууль авах, эсвэл хуурамчаар уулзалт зөвлөгөөн зохион байгуулсан нэрээр “сайдын мэдлийн сан”-гийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар хувьдаа хөрөнгө завшсан хэмээн Авлигыг устгах хорооноос мэдэгдээд байгаа юм.

Тус улсын газрын тос, газын асуудал хариуцсан байгууллага болох “SKKMigas”-ийн дарга Руди Рубиандин 2013 онд хээл хахууль авсан хэргээр баривчлагдсанаас Жеро Вакикийн хэрэг үүсэлтэй юм. Өөрөөр хэлбэл, Жеро Вакикийн санал болгосноор “SKKMigas”-ийн даргаар Руди Рубиандинийг томилж байсан бөгөөд өнгөрсөн 4 дүгээр сард 7 жилийн ял авсан юм.

Руди Рубиандинийн хэрэгт мөрдөн байцаалт явуулах үеэр сайд Жеро Вакикаас тушаал авсны дагуу хөрөнгө шамшигдуулж байсан гэгдэх Эрчим хүчний яамны ерөнхий нарийн бичгийн дарга асан Варуоно Карног баривчилсан юм.

Улс төр судлаач Ари Двипаянагийн хэлснээр “Ардчилсан намын өндөр албан тушаалтнуудын нэг Жеро Вакик бол Авлигыг устгах хорооны үндсэн зорилго биш. Авлигыг устгах хороо “пирамид стратеги”-аар ажиллаж байгаа бөгөөд урьдчилан туслах болон дотнын хүмүүсийг нь баривчлах замаар үндсэн этгээдийг нь илрүүлэхээр ажиллаж байгаа” гэжээ.

Зарим эх сурвалжийн үзэж байгаагаар эрх барих намыг цочирдуулан, Жеро Вакик ийнхүү сэжигтнээр татсан нь ерөнхийлөгч Сусило Бамбангийн засаглалыг ганхуулахад хүргэсэн хамгийн сүүлийн авлигын хэрэг аж. Жеро Вакик бол эрх барих Ардчилсан нам болон одоогийн засгийн газраас авлигын хэрэгт холбогдоод байгаа 3 дахь сайд юм. Авлигыг устгах хороо өмнөх сайдуудыг буруутай болохыг нь тогтоож шийтгэсэн юм.

Жеро Вакикаас өмнө Спортын сайд Анди Малларагенг 7 дугаар сард 40 сая ам. долларын авлигын хэргээр 4 жилийн ял авсан бол мөн 5 дугаар сард Шашны асуудал эрхэлсэн сайд Суруадхарма Али мөн төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэргээс үүдэлтэйгээр албан тушаалаа өгөөд байгаа юм.

Эх сурвалж

Виржиниа муж улсын амбан захирагч асан Боб Макдонел болон түүний эхнэр авлигын хэрэгт буруутай болох нь тогтоогдлоо.

Бэлэг, зээл авах замаар найз нөхдийнхөө бизнесийг дэмжсэн гэх олон тооны авлигын хэрэгт Виржиниа муж улсын амбан захирагч асан Боб Макдонел болон түүний эхнэр Мауреен Макдонел нарыг тангарагтны шүүхээс буруутай болохыг нь тогтоолоо.

Шүүхээс тэднийг бизнесменээс зээл болон бэлэг хэлбэрээр 165000 гаруй ам. долларыг авлига болон хээл хахуульд авсан зэрэг хэргүүдэд буруутай болохыг тогтоосон шийдвэр гаргасан байна.

Боб Макдонелийн нийт 14 үйлдлээс 11-д буруутай болох нь тогтоогдсон бол түүний эхнэрийн 13 үйлдлээс 9-д нь буруутай болох нь тогтоогдсон байна.

Ричмонд дахь Тангарагтны шүүх таван долоо хоног хуралдсаны эцэс уг шийдвэрийг гаргасан байна.

Шүүхийн танхимыг орхих үед тэдний өмгөөлөгч Хенри Асбилл “Ханк” сэтгүүлчдэд хандан хэргийг давж заалдах болно гэж мэдэгдсэн байна. Виржиниагийн түүхэн дэх гэмт хэрэгт холбогдсон хамгийн анхны амбан захирагчаар Боб Макдонел ийнхүү шалгараад байна.

Тангарагтны шүүхээс буруутай болохыг нь тогтоосон бөгөөд хэрэгт тохирох ялыг ирэх оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн өглөөний 10 цагт зарлах бөгөөд хосууд хамгийн ихдээ 20 хүртэлх жилийн ял авах магадлалтай ажээ.

Эх сурвалж

Иран Улсын дэд Ерөнхийлөгч асан Реза Рахим авлигын хэрэгт буруутгагдаж байна.

Иран Улсын шүүхийн хэвлэлийн төлөөлөгч өнгөрөгч даваа гарагт мэдээлэхдээ Ираны дэд ерөнхийлөгч асныг хэрэгт буруутгагдаж шоронд хоригдох болон торгууль төлөх ял авч магадгүй байгааг мэдэгдлээ. Гэхдээ түүнийг яг ямар хэрэгт буруутгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Тус улсын өмнөх Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежадын ойрын хамтрагч, дэд Ерөнхийлөгч асан Реза Рахимыг өмнөх засгийн газрын томоохон авлигын асуудалд холбоотой хэмээн сөрөг хүчнийхэн удаа дараа мэдэгдэж байсантай энэ хэрэг холбоотой байж болох юм.

Реза Рахимын зүгээс өөрийгөө буруугүй болохыг илэрхийлсээр байгаа юм.

“Түүнийг үнэхээр хэрэгт буруутай эсэхийг тогтоох шийдвэр эцсийн байдлаар гараагүй байгаа” хэмээн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Голам Хоссейн Эжей хэлсэн байна.

“Хэргийн талаар эцсийн шийдвэр гарах хүртэл нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ түүнд шоронд хоригдох болон торгууль төлөх ял ногдож магадгүй байгаа” хэмээн хэвлэлийн төлөөлөгчийн хэлсний тус улсын төрийн өмчийн оролцоотой “ISNA” мэдээний агентлаг дамжуулсан байна.

Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежадын засаглалын үед тус улс 11 дэд ерөнхийлөгчтэй байсан бөгөөд дэд ерөнхийлөгчдийн дунд хамгийн нөлөө бүхий нь Реза Рахим байсан юм. Өмнө нь Махмуд Ахмадинежад өөрийн дэд ерөнхийлөгчийг буруутгаж байгааг эсэргүүцэхийн зэрэгцээ өөрийн засаглалыг Ираны түүхэндэх “хамгийн шударга засаглал” байсан хэмээн өмөөрсөн мэдэгдэл хийсэн юм.

Хэдийн тийм ч, Ахмадинежадын засаглалын сүүлийн жилүүдэд сөргөлдөгч талуудын зүгээс ихээхэн шүүмжлэх болсон юм. 2010 онд Ахмадинежадын улс төрийн сөргөлдөгч талуудаас Засгийн газрын луйврын хэрэг буюу хуурамч баримт бичигт гарын үсэг зурсан хэрэгт түүний хамтрагч, дэд ерөнхийлөгч Реза Рахимыг буруутгасан юм.

Иран Улс нь өөрийн эдийн засгаа хувьд шилжүүлэх, төвлөрлийг сааруулах 20 жилийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн дунд хэсэгт явж байгаа юм. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үүсч болох авлигын асуудлын талаар албан тушаалтнуудад дахин анхааруулах замаар, бүхий л томоохон хэргийн эцсийн шийдвэрийг Дээд шүүхийн тэргүүн Али Каменей мэдэгдэх юм.

Эх сурвалж

Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны Аудит, хяналтын хорооны гишүүнийг мөнгө угаасан хэрэгт буруутган саатууллаа.

ОУХБХ-ны Аудит, хяналтын хорооны гишүүн Кановер Ватсон /Canover Watson/-г Кайманы Арлуудад мөнгө угаасан, хээл хахууль авсан хэрэгт буруутган саатуулсны дараа түүнээс ОУХБХ тайлбар шаардав.

ОУХБХ-ны Аудит, хяналтын хорооны найман гишүүний нэг, Карибын Хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Кановер Ватсон эдгээр хэргийг үгүйсгэж байгаа бөгөөд одоогоор батлан даалтад гарсан байгаа аж.

“Ёс зүйн журмын дагуу Кановер Ватсонгон Аудит, хяналтын хороонд хэргийн талаар тайлбар өгөхийг шаардсан байгаа. Бодит мэдээллийг олж авсныхаа дараа шаардлагатай арга хэмжээг авах болно” хэмээн ОУХБХ-ны Аудит, хяналтын хорооны тэргүүн Доменико Скала /Domenico Scala/ мэдэгдлээ.

Кайманы Арлуудын авлигатай тэмцэх комиссар Дэвид Байнс /David Baines/-ийн хэлж байгаагаар Кановер Ватсонг Кайманы Арлуудын авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн, түүнчлэн албан тушаалаа урвуулан ашигласан...сонирхлын зөрчилтэй” зэрэг хэрэгт буруутгаад байгаа юм. Кановер Ватсоны хэрэгт Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлд заасан “мөнгө угаах” хэрэгт мөн холбоотой хэмээн Дэвид Байнс хэлсэн байна.

Эдгээр хэргүүд нь тус улсын Эрүүл мэндийн байгууллагын тэргүүнээр Кановер Ватсонг ажиллаж байх үед нэвтрүүлсэн картын цахим системийн төсөлтэй холбоотой цагдаа нарын эхлүүлээд байгаа мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай холбоотой байж болох юм.

Эх сурвалж