Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.11.29-12.05/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.11.29-12.05/

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) том компаниуд үндэстэн дамнасан гэрээ байгуулахдаа дунджаар 14 сая ам. долларыг хээл хахуульд зарцуулдаг болохыг тогтоов. 

ЭЗХАХБ. ЭЗХАХБ-аас хээл хахуулийн 400 хэрэгт дүн шинжилгээ хийсэн ба эдгээр хэргийн 57% нь төрийн худалдан авах ажиллагааны гэрээнд ялах зорилготой байжээ. 

2014 оны 12 дугаар сарын 02-нд гарсан уг тайланд дурдсанаар томоохон компаниудын оролцсон үндэстэн дамнасан хээл хахуулийн хэргийн дийлэнх нь өндөр хөгжилтэй улс орнуудад үйлдэгддэг ба энэ талаар тухайн компаниудын удирдлагууд нь мэдэж байдаг аж.

Өөрөөр хэлбэл, ЭЗХАХБ-аас сүүлийн 15 жилийн хугацаанд болсон том компаниудын оролцсон хээл хахуулийн 400 хэрэгт дүн шинжилгээ хийхэд дунджаар нэг хэлцлийн үнийн дүнгийн 11 хувь буюу 14 сая ам. долларыг хээл хахуульд зарцуулдаг байна. 

Эдгээр хээл хахуулийн хэргийг дийлэнх хувь нь хөгжиж буй улс орнуудад бус харин өндөр хөгжилтэй барууны улс орнуудын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын худалдан авах ажиллагаа, гэрээнд ялахын тулд зарцуулдаг аж. 

Тайланд дурдсанаар хээл хахуулийн хэмжээ нь тухайн хэлцлээс олох ашгийн 34.5%-тай тэнцүү байдаг аж.” Тус байгууллагаас мэдээлж байгаагаар хээл хахуулийн хэрэг нууцлаг, далд явагддаг шинж чанартай байдаг бөгөөд энэ дүн бол зөвхөн “мөсөн уулын оройн хэсэг” байж болох талтай аж. 

ЭЗХАХБ-аас гаргасан энэхүү тайлан нь нийтдээ 41 улс оронд (7 улс нь ЭЗХАХБ-ын гишүүн бус боловч, ЭЗХАХБ-ын Хээл хахуулийн эсрэг конвенцид нэгдсэн) 1999 оны 2 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарын хугацаанд гадаадын төрийн албан хаагчдыг хахуульдсан компани, хувь хүмүүсийн оролцсон хээл хахуулийн хэрэгт дүн шинжилгээ хийсэн тайлан юм. 

Нийт хэргийн 2/3 нь 4 салбарт гарчээ. Эдгээр салбарууд нь: Уул уурхай (19%), барилга (15%), тээвэр, агуулах (15%), мэдээлэл, холбоо (10%) юм. Нийт хэргийн 25 орчим хувь нь төрийн өмчийн компаниудын ажилтнуудад хээл хахууль амласан, өгсөн байгаа ба 11% нь гаалийн ажилтнууд байв. Харийн нийт хэргийн 5 орчим хувь нь тухайн улсын өндөр албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн хэрэг эзэлж байгаа бөгөөд өндөр албан тушаалтнуудад өгсөн хээл хахуулийн хэмжээ нийт хээл хахуулийн 11%-тай тэнцүү байна. 

Төрийн худалдан авах ажиллагаанд ялахын тулд хээл хахууль өгсөн хэрэг 57%-ийг эзэлж байгаа бол гаалийн хяналтыг нэвтрэх 6%, татварын хөнгөлөлт авах 6%-ийг тус тус эзэлж байна. 

Нийт хэргийн 41%-д нь тухайн компанийг удирдах түвшний албан хаагчид оролцсоноос 12%-д нь гүйцэтгэх захирлын түвшний албан хаагчид оролцсон байдаг. Харин доогуур түвшний албан хаагчид 3-4 хэрэгт л оролцсон байдаг байна. 

“Авлига нь хөгжил, өсөлтийг зогсоож байна. Авлигад шийтгэл ногдуулж байх хэрэгтэй” хэмээн ЭЗХАХБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Анхель Гурриа энэ үеэр хэлсэн байна. Тэрээр мөн “Компанийн засаглалын хамгийн чухал асуудал бол бизнесийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал байх ёстой. Төрийн худалдан авах ажиллагаа шударга, ил тод, хариуцлагатай байх шаардлагатай байна” гэжээ. 

ЭЗХАХБ-ын үзэж байгаагаар дэлхийн улс орнууд авлига, хээл хахуулийг бууруулахын тулд авлигын гэмт хэрэгт ногдуулж буй хариуцлагын (санкц) хэмжээг нэмэгдүүлэх, мөн шүгэл үлээгчдийг сайн хамгаалах хэрэгтэй байгааг дурдсан байна. 

Эх сурвалж 

Вьетнамын Куанг Нгай мужид авлигын талаарх мэдээлэлд 500 ам. доллар өгнө. 

Вьетнам. Вьетнамын Куанг Нгай муж дахь Коммунист намын Дотоод асуудал хариуцсан газраас авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхийн тулд авлигатай холбоотой бодитой мэдээлэл, нотолгоо ирүүлсэн хүн бүрт 10 сая хүртэл вьетнам донг буюу 500 орчим ам. доллар хүртэл мөнгө өгөхөөр болсон байна. Энэ аргыг нэвтрүүлээд буй 3 дахь муж нь Куанг Нгай болоод байна. 

Куанг Нгай муж дахь авлигатай холбоотой бүхий л мэдээлэл, баримт, нотолгоог дотоод болон гадаадын шүгэл үлээгчид Дотоод асуудал хариуцсан газарт өөрийн биеэр шууд болон шууд бус байдлаар э-майл, факс, утас (055.3821237, 0913428304)-аар өгч болох аж. 

Мэдээллийн чанар болон хэргийн шинж чанараас нь хамааруулан Дотоод асуудал хариуцсан газар мэдээлэл бүрт 500000 вьетнам донг (25 ам.доллар)-оос 10 сая вьетнам донг (500 ам. доллар) хүртэл өгөх аж. Мэдээж хэрэг мэдээллийн нууцлалыг бүрэн хангасан аж. 

"Бидний хэрэгжүүлж буй энэ арга бол авлигын эсрэг иргэдийг илүү үр дүнтэй тэмцэх боломжийг олгож байгаа алхам юм” хэмээн тус мужийн Дотоод асуудал хариуцсан газрын дарга Во Тай Нгуен мэдэгдсэн байна. 

Куанг Нгай мужийн намын хорооны тоон мэдээллээр сүүлийн 2 жилийн хугацаанд тус мужид намыг гишүүн 113 хүнийг мөн намын 3 байгууллагыг авлигын талаарх хууль, тогтоомж зөрчсөн болохыг тогтоож, шийтгэл ногдуулсан байна. 
Өнгөрсөн 6, 7 дугаар сард Лам донг болон Йен Бай мужууд уг мэдээлэл худалдан авах аргыг нэвтрүүлээд байгаа талаар мэдээлж байсан юм. 

Эх сурвалж

Хятад Улс Шинжаан муж дахь аюулгүй байдлын ахлах ажилтанг авлигын хэргээр шалгаж байна. 

Хятад. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт Хятадын баруун бүсийн Шинжаан мужийн аюулгүй байдлын ахлах ажилтанг сэжиглэн шалгаж эхэлсэн талаар энэ даваа гарагт тус улсын прокурорууд мэдээллээ. 

Өнгөрөгч 5 дугаар сард Коммунист намаас Ли Янмин /Li Yanming/-ийг шалгах хүртэл тэрээр тус мужийн Аюулгүй байдлыг газрын гишүүн, аюулгүй байдлын ажилтнуудыг сургадаг Шинжааны Цагдаагийн коллежийн Коммунист нам хорооны даргын албан тушаалыг тус тус хашиж байсан юм. 

Хятадын Ардын Прокуророос өөрийн цахим хуудсанд гаргасан мэдэгдэлд дурдсанаар Ли Янминийг хээл хахууль авсан, албан тушаалаа ашигласан зэрэг хэрэгт сэжиглэж байгаа аж. 

Мусульман шашинт Уйгар хүмүүсийн нутаг Шинжааны мужид сүүлийн жилүүдэд Зүүн Туркестан хэмээн нэрлэгдэх бие даасан лалын улс байгуулахыг хүссэн босогчдыг Хятадын Засгийн газар буруутгасаар байгаа юм. 

Өнгөрсөн 7 хоногт, Шинжаан мужид болсон эмх замбараагүй үймээний үеэр 15 хүн ам насаа алдсан билээ. 

Стратегийн байршлын хувьд Пакистан, Энэтхэг, Афганистан болон төв Азитай хэллэдэг, эрчим хүний нөөц ихтэй тус муж нь Хятадын бусад мужийнхтай адилхан авлигыг бууруулах асуудалд төдийлөн анхаарал хандуулж чадахгүй байсан юм. 

Өнгөрөгч 10 дугаар сард, Шинжааны баруун өмнөд хэсгийн гол хотын нэг болох Хотан /Hotan/ хотын даргыг авлигын хэргээр мөн мөрдөн шалгаж эхэлсэн нь Ши Зиньпинийн үед авлигын хэргээр шалгагдаж байгаа үндэсний цөөнхийн гишүүдийн нэг болж байсан юм. 

Эх сурвалж

Авлигачдаа олоход нь Хятадад Франц тусална. 

Франц. Францын Хууль зүйн яамны Эрүүгийн асуудал хариуцсан газрын дарга Роберт Гелли /Robert Gelli/-ийн мэдэгдэж байгаагаар Хятад улсаас авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн Францын нутаг дэвсгэр дээр байгаа бол Франц Улс Хятадад туслах, хэрэгтнийг Бээжинд шилжүүлэн өгөхөд бэлэн аж. 

Дарга Ши Зиньпиний удирдсан авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “үнэгний ангууч” ажиллагааны хүрээнд Хятад Улс эх орноо орхин гарсан авлигачдыг хайсаар байгаа юм. 

Роберт Гелли “Reuters” агентлагт мэдээлснээр Хятадын холбогдох байгууллагууд “авлигаар баяжсан, бусад улс оронд орогнохыг хүч байгаа, бохир мөнгөөрөө улс орнуудад хөрөнгө оруулалт хийсэн” хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг Францын талд өгөхөөр болсон байна.

Эдгээр жагсаалтад 10 орчим хүний нэр байж магадгүй бөгөөд тэдний 2-3 нь Францад байх боломжтой аж. Бусад хүмүүсийн хувьд Европын аль нэг улсад байгаа, гэхдээ одоо болон өмнө нь Франц Улстай холбоотой байсан хүмүүс юм гэж Роберт Гелли мэдэгдсэн байна. 

Одоогийн байдлаар Хятад Улс эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа, эх орноо орхин гарсан 288 хүнийг баривчилсан хэмээн Синхуа мэдээний агентлагаас мэдээлсэн юм. 

Хятадад авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийн хамгийн ихээр зорьж буй газар бол АНУ, Канад, Австрали болоод байгаа бөгөөд эдгээр улстай Хятадын тал сэжигтнийг шилжүүлэн өгөх гэрээг одоо болтол хийгээгүй юм. Хэдий тийм ч, Австралийн цагдаагаас

Хятадын авлигач хүмүүсийн хөрөнгийг илрүүлэх, хураах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх болсон талаар өмнө нь мэдэгдэж байсан билээ. 

Эх сурвалж

Транспаренси Интернэшнл байгууллагаас Авлигын төсөөллийн индексийн 2014 оны дүнг зарлалаа. 

ТИ. Транспаренси Интернэшнл (ТИ) байгууллагаас 20 дахь удаагийн буюу 2014 оны Авлигын төсөөллийн индексийн үр дүнг 12 сарын 3-нд зарлалаа. Энэ оны индексийн дүнгээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт нь өндөр байгаа Хятад (100 оноо авахаас 36 оноо), Турк (45), Ангол (19) зэрэг улсуудын үнэлгээ өмнөх оныхоос 4-5 оноогоор буурсан дүнтэй байна. 

“Аливаа улс орны удирдагчид болон өндөр түвшний албан тушаалтнууд албан тушаалаа ашиглан төсвийн хөрөнгийг хувийн зорилгоор ашиглах явдал тухайн улс орны эдийн засгийн өсөлтийг сүйтгэж, авлигатай тэмцэх хүчин чармайлтыг үгүй хийдгийг 2014 оны Авлигын төсөөллийн индекс харууллаа” хэмээн ТИ байгууллагын дарга Хосе Угаз /José Ugaz/ хэлсэн байна. 

Энэ удаагийн индексийн дүнгээр нийт 175 орныг үнэлсэн бөгөөд эдгээр улсын 121 улс буюу 2/3-аас илүү нь 50-иас доош үнэлгээтэй гарсан байна (0-авлигад автсан, 100-авлигагүй). Дани улс 2014 онд 92 оноогоор уг жагсаалтыг тэргүүлсэн бол тус бүр 8 оноотойгоор Хойд Солонгос, Сомали улсууд хамгийн сүүлийн байрт орсон. 

Хэд хэдэн улсын үнэлгээ 4 болон түүнээс дээш хэмжээгээр өсч/буурсан дүнтэй байна. Үнэлгээ нь хамгийн их буурсан/сөрөг/ улс бол Турк (-5) болон Ангол , Хятад, Малави, Руанда тус бүр (-4) болоод байна. Харин үнэлгээ нь өссөн /эерэг/ улс бол Зааны ясан эрэг, Египет, Сент-Винсент, Гренадин (+5 ), Афганистан, Иордан , Мали, Свазиланд (+4) болоод байна. 

Монгол Улс

ТИ-ийн Авлигын төсөөллийн индексийн 2014 оны дүнгээр Монгол Улс 39 гэсэн үнэлгээтэйгээр 80 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Өмнөх оныхтой харьцуулахад манай улсын үнэлгээ +1-ээр нэмэгдэж, эрэмбэ 3 байраар ахисан эерэг дүнтэй байна. Монгол Улсыг үнэлэхэд ашигласан 7 үзүүлэлтээс Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс 33-аас 32 буурсан хэдий ч, Дэлхийн эдийн засгийн форумын Үзэл бодлын судалгааны үр дүн 32-оос 41 болж өссөн нь ийнхүү үнэлгээ өсөхөд эерэгээр нөлөөлсөн байна.
Үүнээс гадна, манай улстай адил 80 дугаар байрт Бенин, Босни Герцеговин, Эль Сальвадор, Марокко улс орсон байна. 

Эх сурвалж

Индонез Улс газрын тос, байгалийн хийн салбар дахь авлигатай тэмцэх алхам хийж байна. 

Индонез. Тус улсын шинэ удирдлага баасан гарагт газрын тос, байгалийн хийн салбар дахь авлигатай тэмцэхээ зарлалаа. Өөрөөр хэлбэл, тус улсын төрийн мэдлийн газрын тос, байгалийн хийн компани “Pertamina”-ийн үйл ажиллагаанд нарийвчилсан шалгалт хийж, шаардлагатай бол тус компанийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийхээ амласан байна. 

Өмнөх Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно /Susilo Bambang Yudhoyono/-ийн удирдлагад ажиллаж байсан өндөр албан тушаалтнууд оролцсон авлигын хэд хэдэн хэргийн дараа тус улс дахь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр Индонез Улс ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл нь Индонезийн шинэ Ерөнхийлөгч Жоко Видодо /Joko Widodo/ болон тус улсын Авлигыг устгах хорооноос авлигад автсан “газрын тос, байгалийн хийн мафи” хэмээн нэрлэгдэх үйл ажиллагаатай тэмцэхээр болоод байна. 

Нэг сарын өмнө Ерөнхийлөгч болсон Видодо эрчим хүчний салбарын өндөр албан тушаалд салбарын бус хүмүүсийг томилж байгаа юм. Тэдгээрийн нэг нь тус улсын цементийн салбарын “PT Semen Indonesia” компанийн захирал асан Дви Соетипто /Dwi Soetjipto/-г эрчим хүчний салбарын “Pertamina” компанийн удирдлагаар томилоод байна. 

Дви Соетипто шинэ албан тушаалд томилогдсоныхоо дараа “Pertamina компанийг цэвэршүүлэхээр ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх болно” гэсэн юм. Тэрээр мөн нэмж хэлэхдээ Авлигыг устгах хороо болон бусад хяналт шалгалт хийдэг байгууллагуудын хяналт, шалгалтыг компанидаа хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн аж. 

"Аль болох удаан хугацаанд, шударга байдлыг хангахын тулд, өнөөдөр бид хяналт, шалгалтаас зайлсхийх шаардлагагүй” гэж тэрээр хэлсэн юм. 

Газрын тосны салбарын шинэчлэлийн багийн гишүүдийн нэг болох Фахим Ради “Дви Соетиптог тус компанийг тэргүүлэх болсон нь маш зөв алхам. Учир нь түүнд газрын тос, байгалийн хийн салбарын мафийн халдвар тусаагүй” гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж

Румын, Саудын Араб дахь хээл хахуулийн асуудлаар “Airbus” шалгагдаж байна. 

Герман. “Airbus Group NV (AIR)”-ийн Герман дахь салбар Румын, Саудын Арабад явуулсан бизнесийн үйл ажиллагаандаа хээл хахуультай ашигласан, татвараас зайлсхийсэн зэрэг асуудлаар шалгагдаж байна. 

               Германы Мюнхенийн прокурорын хэвлэлийн төлөөлөгч Томас Стейнкраус-Кох /Thomas Steinkraus-Koch/-ийн өгсөн мэдээллээр уг хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн оноос эхэлсэн байна. 

“Sueddeutsche Zeitung” агентлагийн мэдээлж байгаагаар прокурорууд тус компанийг батлан хамгаалах салбартай хийсэн 3 тэрбум евро (3.7 тэрбум ам. доллар)-ийн өртөг бүхий борлуулалт дахь хэд хэдэн эргэлзээтэй төлбөрийн асуудлуудад ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. 

Дээрх мэдээллийг бататган “Airbus”-ийн хэвлэлийн төлөөлөгч Gregor von Kursell “Airbus-ийн оролцсон хилийн хяналтын системийн төслүүдтэй холбоотой асуудлаар дүрэм, журам зөрчсөн хэргээр Мюнхений прокуророос шалгаж байгаа нь үнэн” хэмээн мэдэгдсэн юм.

Тэрээр нэмж хэлэхдээ тус компаниас хэргийн мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлж ажиллаж байна хэмээн мэдэгдсэн байна. 

Прокурорын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар энэ хэрэгт холбогдуулан сэжигтэн болон компанийн удирдах албан тушаалтнуудын гэрт нэгжлэг хийсэн байна. Уг нэгжлэгэд Германы Ottobrunn, Unterschleissheim, Manching, Ulm, Friedrichshafen дэх салбарууд хамрагдсан хэмжээн “Sueddeutsche Zeitung” мэдээлсэн юм. 

Тус компани 2008 онд Румын улсад хилийн хяналтын системийн үйл ажиллагаатай холбоотой 650 сая еврогийн өртөг бүхий гэрээ байгуулж байсан юм. Мөн 2009 онд дээрхтэй адил гэрээг Саудын Арабтай ч байгуулсан байдаг. 

Үүнээс гадна, тус компанийг 2012 онд Австри Улсад сөнөөгч онгоц худалдсан үйл ажиллагаатай холбоотойгоор дээрхтэй ижил төрлийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. 

Эх сурвалж