Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.14-20/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.14-20/

Авлигатай тэмцэх хороо 5 жилийн төлөвлөгөө боловсруулж байна. 

Мальдив. 2008-2013 оны хооронд хэрэгжсэн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахаар Авлигатай тэмцэх хороо ажиллаж байгаа аж. Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “Авлигатай тэмцэх хорооноос байгуулагдсан ажлын хэсэг авлигын эсрэг үйл ажиллагааны 5 жилийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг хийж байна” гэжээ. 

Авлигатай тэмцэх хорооны мэдэгдэж байгаагаар энэ удаагийн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг 3 үндсэн судалгааны үнэлгээнд суурилан боловсруулж байгаа аж. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тогтолцооны олон улсын сан (IFES)-гаас 2014 оны 9 дүгээр сард гаргасан үнэлгээний тайлан, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 2014 оны 6 дугаар сард тус улсыг үнэлсэн үнэлгээний тайлан, Транспаренси интернэшнл байгууллагаас 2014 онд зохион байгуулан явуулсан “Үндэсний шударга ёсны системийн үнэлгээ” гэсэн 3 үндсэн судалгаанд үндэслэн боловсруулж байгаа юм. 

Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар энэ удаагийн үйл ажиллагааны төлөвлөгөөг авлигатай тэмцэх үйл ажиллагаа, систем, бодлогыг боловсронгуй болгох гэсэн гурван үндсэн чиглэлтэй боловсруулж байгаа аж. 
Хөтөлбөрийн авлигын эсрэг бодлогыг боловсронгуй болгох нь хэсэгт авлигаас урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлэх, бий болгох, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, мөрдөн байцаалтын чанарыг дээшлүүлэх, олон улсын болон бусад улс орнуудын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг тусгасан байгаа аж. 

Эх сурвалж

Индонезийн улс төрчид өөрийн авлигатай тэмцэх байгууллагыг аюул руу түлхэж байна. 

Индонез. Авлигын эсрэг амжилттай тэмцэж буй байгууллагуудын нэгэн төлөөлөл бол Индонезийн Авлигыг устгах хороо (АУХ) билээ. АУХ-ны амжилттай үйл ажиллагааг бусад улс орнууд шагшин магтаж байх зуур Индонез улсын улс төрчид тус байгууллагыг аюул руу түлхэж байна. 

Ерөнхийлөгч Жоковигийн зүгээс цагдаагийн даргад нэр дэвшүүлсэн хүнийг Индонезийн Тэмцлийн-Ардчилсан нам (PDI-P) болон улс төрийн бусад хүчнүүд гэмт хэрэгт сэжиглэж эхэлснээс үүдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, цагдаагийн даргад нэр дэвшигчийг АУХ-оос авлигын хэрэгт сэжиглэж байгааг зарласны дараагаар Ерөнхийлөгч Жокови цагдаагийн удирдлагыг томилох асуудалд улс төрчид саад хийж байгаа юм. Харин олон нийтийн зүгээс энэхүү улс төрийн бохир үйл ажиллагааг эцэс болгох дорвитой алхам хийхийг ерөнхийлөгчөөс шаардсаар байна. 

АУХ-ны хэргийн ард 

Индонез улсын авлигын эсрэг тэмцэлд зарцуулж буй төсвийн дутагдалтай байдал, улс төрийн өрсөлдөөн зэрэгтэй холбоотойгоор АУХ-ны үйл ажиллагаа улам бүр сулрах болсон. 

Албан тушаалаа авснаас хойшхи 3 сарын хугацаанд Ерөнхийлөгч Жокови хэрэгжүүлж буй үйл ажиллагаа олон нийтэд итгэл төрүүлэхүйц бус байгаа юм. 

“PDI-P” намаас нэр дэвшин ерөнхийлөгч болсон Жоковид өөрийн нам нь хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байна. “PDI-P” намын дарга, экс ерөнхийлөгч Мегавати Сукарнопутри одоогийн ерөнхийлөгч Жоковтийн бодлого, үйл ажиллагааг бүрэн дэмжихгүй байгаа аж. 

Ерөнхийлөгч Жокови ерөнхий прокурорыг “PDI-P” намтай эвсэл болж байсан Үндэсний ардчилсан намаас сонгож, томилсон нь ихээхэн шүүмжлэлд өртөв. Харин олон нийтийн зүгээс ерөнхийлөгчийг улс төрийн томилгоо хийх үйл ажиллагаандаа ил тод байдлыг хангахгүй байна гэж үзэж байгаа юм. Тухайлбал, ерөнхийлөгч өөрийн Засгийн газрыг бүрдүүлэхдээ АУХ болон Санхүүгийн шилжүүлэг, дүн шинжилгээний төв (СШДШТ)-ийн дүгнэлтийг анхаарч авч үзээгүй билээ. 

Цагдаагийн даргад нэр дэвшигч Буди Гунаван нь АУХ болон СШДШТ-ийн шалгуурын давж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Буди Гунаван нь авлига болон мөнгө угаасан хэрэгт сэжигтэн болоод байгааг АУХ нэрлээд байгаа юм. Харин олон нийтийн зүгээс Ерөнхийлөгч Жоковийг авлигатай тэмцэх амлалт өгөхийг шаардаж байгаа юм. 

АУХ-ны дүгнэлтийг үл харгалзан, парламентаас нэр дэвшигчийг солих хугацааг ерөнхийлөгчид олгохгүйгээр дэмжвэл Ерөнхийлөгч Жокови болон түүний намын нэр хүндийг унгасан үйлдэл болж магадгүй болоод байгаа юм. 

АУХ-ны сул байдал 

Авлигын хэрэгт Буди Гунаваныг сэжигтнээр нэрлэсний хариуд, цагдаагийн байгууллагаас АУХ-ны ажилтан, комиссаруудыг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах болсон юм. Тухайлбал, 1 дүгээр сарын 23-ны өдөр цагдаа нар АУХ-ны комиссар Бамбан Виджоянотг 2010 онд явагдсан сонгуулийн үеэр гэрчээс хүчээр хуурамч мэдүүлэг авсан хэрэгт буруутгаж байгаа аж. Цагдаа нар түүнийг байцааж эхэлснээс хойш, АУХ-ны бусад комиссаруудыг ч мөн байцааж эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, цагдаа нар АУХ-ны дарга Абрахам Самадын ёс зүйн асуудалтай холбоотойгоор буруутгаж байгаа бол Комиссар Панду Пражаг мод бэлтгэлийн нэгэн компанийн 2006 оны хэрэгт, комиссар Зулкарнайг 2009 онд Зүүн Жава мужийн ахлах прокуророос хээл хахууль авсан хэрэгт тус тус холбогдуулан буруутгаад байгаа аж. 

Дээрх бүх хэргүүд нь АУХ-ны үйл ажиллагаатай холбоогүй бөгөөд 2011 онд АУХ-ны комиссараар дээрх эрхмүүд томилогдохоос өмнөх үед хамаарч байгаа юм. Хэрэв цагдаагийн газраас комиссаруудыг эдгээр хэргүүдэд буруутай болохыг тогтоовол, тэд албан тушаалаа өгч, АУХ-ны үйл ажиллагаа сулрах юм. 

АУХ-г аврах олон нийтийн оролцоо 

Эдгээр үйл явдлууд нь иргэний нийгмийнхнийг цагдаагийн зүгээс авлигатай тэмцэх байгууллагын эсрэг явуулж буй үйл ажиллагаанд дургүйцлээ илэрхийлэх, АУХ-г дэмжихэд хүргэж байгаа юм. Энэ бол анхных нь биш юм. 2009 болон 2012 онд цагдаа нарыг авлигын хэргээр шалгасны дараа цагдаа нар АУХ-ны комиссаруудыг тодорхой бус хэргүүдээр саатуулан шалгаж байсан юм. 

Индонезийн иргэд Засгийн газар болон цагдаа, улс төрч нарыг сайн засаглал дүрэм журмыг дагахыг шаардан зарим газар эсэргүүцлийн жагсаалыг ч зохион байгуулаад байна. Мөн түүнчлэн олон нийтийн зүгээс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 6.2 дахь хэсэгт зааснаар улс орнууд авлигатай тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнтэйгээр, аливаа нөлөөллөөс ангид биелүүлэх боломжийг бүрдүүлэх” заалтыг хэрэгжүүлэх, 2012 онд гаргасан Авлигатай тэмцэх байгууллагуудын зарчмын талаарх Жакартагийн тунхаг зэргийг биелүүлэхийг шаардаж байгаа юм. 

Эх сурвалж

Авлигатай тэмцэх албаны ажилтнуудад өгөх өгөх бэлэг болон хоолны өртгийн дээд хэмжээг тогтоов. 

Камбож. Камбожийн авлигатай тэмцэх байгууллага буюу Авлигатай тэмцэх албанаас мэдээлж байгаагаар өөрийн ажилтнуудаа аливаа нөлөөллөөс ангид байлгахын тулд “бэлэг болон хоолны өртөг”-ийн дээд хэмжээг тогтоосон шинж дүрэм гаргасан байна. Уг дүрмээр 300 ам.долларын өртөг бүхий нэг шил Шотланд виски бэлгэд авсан ажилтан, бэлгээ буцаан өгөхөөр болжээ. 

Авлигатай тэмцэх албанд хяналт тавих чиг үүрэг бүхий Авлигатай тэмцэх зөвлөлийн шийдвэрийг Авлигатай тэмцэх албаны цахим хуудсанд нийтэлсэн байна. Уг шийдвэрийн дагуу 25 ам. доллараас илүү өртөг бүхий аливаа бэлгийг буцааж өгөх, ажлын шугамаар гадуур хоолонд орох бол урьдчилан зөвшөөрөл авах ёстой болжээ. 

Уг мэдэгдэлд “Авлигатай тэмцэх зөвлөлөөс Авлигатай тэмцэх албаны сүүлийн үеийн ажилд үнэлгээ хийв. Дотоод хяналтын механизмыг бэхжүүлэх шаардлагатай байна” гэжээ. 

Мэдэгдэлд дурдсанаар энэхүү шинэ дүрмийг гарахаас өмнөх 2 сарын хугацаанд хүлээн авсан бэлэг, хоолны өртөг уг дүрэмд хамаарах аж. 

Шинэ дүрмийн дагуу Авлигатай тэмцэх албаны дарга Ом Ентэнгийн хүлээн авсан 8 бэлгийн 5 нь өртгийн хязгаарыг давсан байгаа бол тус байгууллагын нэгэн ажилтан 25 жил хадгалсан “Chivas Regal” виски бэлгэд авсан байжээ. Уг мэдэгдэлд вискинээс бусад бэлэг, хоолны үнийг тодорхой бичээгүй юм. 

Транспаренси интернэшнл-Камбож байгууллагын гүйцэтгэх захирал Прэп Кол энэхүү дүрмийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, бусад төрийн байгууллага ч мөн авч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Мөн тэрээр хэлэхдээ “Камбожийн нэгэн соёл болоод байгаа авлигыг устгахад энэ дүрэм туслах болно. Кхмерийн шинэ жил болон хуримын ёслолын үеэр хүмүүс үнэтэй бэлэг солилцдог. Үүнээс гадна бизнес болон улс төрд дэмжлэг хүссэн хүмүүс өндөр албан тушаалтнуудын хүүхдийн хуримд үнэтэй бэлэг өгөх явдал түгээмэл байдаг” гэжээ.

Камбож улс нь авлига ихтэй улсын тоонд ордог. Транспарэнси Интернэшнл байгууллагын 2014 оны Авлигын төсөөллийн индексээр судалгаанд хамрагдсан 175 улсаас 156-д эрэмбэлэгдсэн билээ. 

Эх сурвалж

Авлигыг устгахын тулд Австралийн нүүрсний хайгуулын зөвшөөрлийн системийг нарийн шалгах хэрэгтэй 

Австрали. Засгийн газрын түвшинд авлигыг хязгаарлахын тулд Австралийн нүүрсний хайгуулын зөвшөөрлийн системийг нарийн шалгах хэрэгтэй хэмжээн “ААР” мэдээний агентлагаас мэдээллээ. 

Австралийн Шинэ-өмнөд Уэльс мужийн Авлигатай тэмцэх хорооны комиссар асан, мөн Мужийн дээд шүүхийн шүүгч асан ноён Давид Ипп Шинэ-өмнөд Уэльс мужийн Хөдөлмөрийн намын төлөөлөл болох Эдди Обэйд болон Иан Макдональд нарын оролцсон авлигын хэрэг засгийн газруудад томоохон сургамж болж байсныг онцлон тэмдэглэв. 

Иан Макдональд нь Шинэ-өмнөд Уэльс мужийн эрчим хүчний сайд байхдаа 2008 онд нүүрсний хайгуулын тендерийг зохион байгуулахдаа ганцаараа эцсийн шийдвэрийг гаргасан бөгөөд уг тендерээс ноён Эдди Обэйндийн гэр бүл олон сая ам.долларын ашиг хүртсэн байдаг билээ.

Ноён Давид Иппийн хэлж байгаагаар “Иан Макдональд хаалттай хаалганы цаана шийдвэр гаргах боломжтой байсан гэдэг бол ямар ч хариуцлага хүлээх асуудал байгаагүйг илэрхийлж байна” гэсэн юм. Мөн тэрээр хэлэхдээ “энэхүү хэрэг их өргөн хүрээтэй, ямар ч хяналтгүй явагдсан бөгөөд үр дүнд нь нүүрсний уурхайн салбарт сөрөг үр дагаврыг авчирсан гэжээ. 

Засгийн газрууд энэ төрлийн үйл ажиллагаанд хяналт тавих мэргэшсэн багийг байгуулах ёстой ба уг баг нь эцсийн шийдвэрийг гаргадаг байх ёстой гэж Давид Ипп хэлсэн байна. Мөн түүний үзэж байгаагаар “нүүрсний нөөцийн хайгуулыг олгох анхдагч арга бол дуудлага худалдаа байх ёстой бөгөөд хууль батлуулах үйл ажиллагаан дахь лоббид хяналт тавих хэрэгтэй. Авлигатай тэмцэхийн тулд засгийн газар шударга, нээлттэй, ил тод байдлыг бүрэн хангах нь л хамгийн сайн арга зам” гэжээ. 

Эх сурвалж

Замби улсын ерөнхий прокурорыг авлигын хэргээр цагдаа нар баривчиллаа. 

Замби. Эдгар Лунгу авлигатай тэмцэхээ амлан 2015 оны 1 дүгээр сард тус улсын ерөнхийлөгч болсон билээ. Эдгэр Лунгуг ерөнхийлөгч болсноос хойш өндөр албан тушаалтан холбогдсон хамгийн анхны авлигын гэмт хэрэг болох ерөнхий прокурорыг авлигын хэргээр буруутгаж тус улсын цагдаа нар өнгөрөгч долоо хоногт баривчилсан байна. 

2014 оны 10 дугаар сард ерөнхийлөгч Мишээл Сата нас барсаны дараа авлигач төрийн албан хаагчдыг шийтгэх, иргэдэд хямд хоол хүнс болон түлш өгөхөө амлан өнгөрөгч 1 дүгээр сард тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. 

Цагдаа нарын мэдэгдэж байгаагаар ерөнхий прокурор Мутамбо Нчито авлигын хэргээс гадна хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийг үл хүндэтгэсэн, хууран мэхлэх замаар зээл авсан зэрэг хэрэгт буруутгагдаж байгаа аж. 

Экс ерөнхийлөгч Мишээл Сата 2011 онд ерөнхий прокуророор Мутамбо Нчитог томилж байсан бөгөөд түүнийг 2008 оноос 2013 оны 8 дугаар сарын хооронд дээрх хэргүүдийг үйлдсэн гэж буруутгаж байгаа юм. 

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хуульчийн хэлж байгаагаар мөрдөн байцаалтын явцад Мутамбо Нчито ямар ч иммунитет эдлэхгүй бөгөөд түүний хэргийг шийдвэрлэх хугацаанд ерөнхий прокурорын албан тушаалаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг Ерөнхийлөгч Эдгэр Лунгу гаргах боломжтой гэжээ. 

Эх сурвалж

Ерөнхий сайд асан Йинглак Чинаватрагийг эсрэг хавтаст хэргийг шүүхэд шилжүүлээд байна. 

Тайланд. Тайландын ерөнхий прокурорын газар хүчээр түлхэн унгагдсан ерөнхий сайд асан Ийнглак Чинаватрагийн хэргийг шүүхэд шилжүүлснээ мэдэгдлээ. Шүүхээс түүнийг буруутай болохыг тогтоовол 10 хүртэл жилийн хорих ял авч магадгүй байгаа аж. 

Тайландын хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд Ийнглак Чинаватраг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “цагаан будааны татаас олгох схем” хөтөлбөрт өөрийн албан үүрэгтээ хайнга хандсан хэрэгт буруутгаж байгаа юм. Гэвч тэрээр өөрийгөө буруугүй болохыг удаа дараа мэдэгдсээр байгаа билээ. 

Дээд шүүхийн нарийн бичгийн дарга Тээратай Чарэвонгийн хэлснээр “5 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө Дээд шүүхээс энэ хэргийг шийдвэрлэх ёстой” аж. 

“Экс ерөнхий сайдтай холбоотой 20 гаруй хайрцаг хэргийн материалыг шүүхэд шилжүүлсэн” хэмээн Ерөнхий прокурорын хэвлэлийн албаны дэд дарга Ковонват Интужанёонг мэдэгдэв. 

Чинаватраг эсэргүүцэгчид “2001 оноос хойших бүхий л сонгуульд Такшин Чинаватра болон Ийнглак Чинаватра нар ялалт байгуулсаар ирсэн бөгөөд цагаан будааны татаас олгох схем бол санал худалдан авах нэг оролдлого байсан” гэж үздэг юм. 

Харин Чинаватраг дэмжигчдийн үзэж байгаагаар “түүнд үүсгэсэн энэхүү хэрэг бол Такшин Чинаватрагийн нөлөөллийг эцэс болгох зорилготой” байх магадлалтай аж. 

Эх сурвалж