Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.05.16-22/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.05.16-22/

Шүүхийн шийдвэр авлигыг таслан зогсоох үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. (2015.05.13)

Ченнай: Нийтийн Ажилчны намыг үүсгэн байгуулагч С.Рамадосс “AIADMK-ийн төрийн нарийн бичгийн дарга Ж.Жаяалалитхад холбогдуулан үүсгэсэн хууль бус хөрөнгийн талаарх эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр нь Энэтхэг улсад хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсгэж байна. Шүүхийн шийдвэрт маш олон хуулийн цоорхойг ашигласан заалтууд байна. Ийм хууль бус шийдвэр нь түүнийг эрүүгийн хэргээс мултлаад зогсохгүй, Энэтхэг улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй маш олон хүчин чармайлтуудыг дордуулж буй нь эмгэнэлтэй юм” гэсэн байна. 

Түүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ маш чухал нотлох баримтуудыг орхигдуулсан байна. Жишээ нь: Хувь хүнийхээ хувьд төрсөн өдрөөрөө бэлэг авах нь хууль бус биш ч, улс төрчийн хувьд маш их хэмжээний бэлэг авсан байгаа нь өөрөө авлигын шинжтэй үйлдэл юм. Тэрээр төрийн сайдын үүргийн гүйцэтгэж байхдаа төрсөн өдрөөрөө маш их хэмжээний бэлгийг авсан байна. Гэтэл төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд энэ талаар хориглосон заалтууд байдаг. Тэгэхээр түүний авсан тэр их хэмжээний бэлэг сэлт яаж түүний орлого болсныг тодорхойлох вэ гэсэн асуудал үүсч байгаа аж. 

Эх сурвалж

Авлигатай тэмцэхэд илүү сайн арга барил хэрэгтэй. (2015.05.13)

Викторин. Викторинчууд нь Австралидаа хамгийн муу, хамгийн үр дүнгүй үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын нэгдсэн тогтолцоотой, саяхныг хүртэл Авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага байхгүй, Засгийн газар нь мэдээллийн эрх чөлөөг нухчин дарсан, улс төрийн хандив ил тод биш, үүнийг илчлэх механизм бүрдээгүй, Олон нийтийн ил тод байдлын тухай хуулиараа мэдээлэгчдийг хамгаалаагүй зэрэг бэрхшээлтэй асуудал маш их байна.

Ийм нөхцөл байдалд авлига илрэхгүй, авлигатай тэмцэж чадахгүй байгаад гайхаад байх зүйл биш, нөгөө талаас иргэд нь манай улс авлига, хээл хахуулиас ангид “цэвэр”, төрийн үйлчилгээнд авлига бага байдаг гэдэгт итгэдэг байна. 

Иймэрхүү итгэл төрүүлэх сургалтыг Улсын сургуулийн сургалтын системд оруулж, жилд улсын төсвөөс 4 тэрбум ам.долларыг Боловсролын газарт төсөвлөдөг аж. Үнэндээ энэ мөнгө нь сургалтад зориулагдах мөнгө нэртэйгээр төсөвлөгдсөн байгаа боловч цөөн хэдэн дээд албан тушаалтнуудын аялал зугаалга, хоол хүнс, архи, тамхи болон бусад зардлыг төлөхөд зориулагдсан байдаг байна. Хамгийн наад зах нь 6 сургуульд хэд хэдэн төрийн дээд албан тушаалтныг оруулсан хэлтэс, алба ажилладаг байна. 

Иймэрхүү байдлаар авлига, албан тушаалын гэмт хэрэг гарч байгаа тул үүнтэй тэмцэх үйл ажиллагааг тууштай, маш сайн арга барилаар авя хэрэгжүүлэх нь зүйтэй юм. 

Эх сурвалж

Сонины эрхлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. (2015.05.13)

Вьетнам. Тус улсын “Ахмад” сонины ерөнхий редактор Ким Квок Хоа-г төрийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой авлигын хэргийг илчилсэн хэд хэдэн нийтлэл гаргасны дараа түүний сэтгүүлчийн үнэмлэхийг хурааж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд заасан “Төрийн ашиг сонирхолд халдаж, эрх чөлөө, ардчиллыг буруугаар ашигласан” гэх зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэхээр болсон ба мөн түүний гэрт нэгжлэг хийх хүсэлтийг тус улсын Төрийн аюулгүй байдлын газраас тавьсан байна. 

Өнгөрсөн 2 дугаар сард Мэдээлэл, Харилцааны яамнаас түүнийг сонины эрхлэгчийн албан тушаалаас нь огцруулсан төдийгүй тус сонины цахим хуудсыг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн “баримтгүй гомдол, мэдээллийн мөрөөр үндэслэлгүй дүгнэлт хийж, буруу ташаа мэдээлэл тараасан” гэсэн үндэслэлээр хаажээ. 

Энэхүү шийдвэрийг маш олон сэтгүүлчид эсэргүүцэж, шүүмжилсэн бөгөөд тэд бусад хэвлэл, мэдээллийн байгууллагын гаргаж чадахгүй байгаа авлигын асуудлуудыг гаргаж тавьсных нь хариуд Засгийн газраас ямар ч үндэслэлгүйгээр хариугаа авсан шийдвэр гаргалаа гэж дүгнэсэн байна.

“Ахмад” сонин нь улс төрийн эрх мэдэлтнүүд болон төрийн албан тушаалтнуудын авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг тууштай, зоригтой гаргаж чаддаг, олон нийтийн сүлжээгээр хамгийн олон дагагчтай сонин юм байна.

Хамгийн сүүлд гэхэд Засгийн газрын Хяналт шалгалтын газрын дарга асан Тран Ван Труены авлигаар босгосон хөрөнгийн талаар гаргасан нийтлэл нь вирус шиг л маш хурдан тархсан байна.

Эх сурвалж

Давж заалдах шатны шүүхээс Дэд ерөнхийлөгч Бинайн хамаатан садан, холбоотнуудын банкны нийт 242 дансыг царцаагаад байна. (2015.05.12)

Филиппин. Тус улсын Давж заалдах шатны шүүхээс Дэд ерөнхийлөгч Жежомар Бинай, түүний гэр бүлийн гишүүд, мөн утсан хүүхэлдэй нь байсан гэж сэжиглэгдэж байсан ойр дотны тойрон хүрээлэгч нарын нийт 242 банкны дансыг царцаагаад байна.
Давж заалдах шатны шүүхээс гаргасан 33 хуудас бүхий шийдвэрт Мөнгө угаахын эсрэг зөвлөлийн гаргасан хүсэлтийн дагуу Бинайн санхүүгийн бүх гүйлгээ, мөн түүний гэр бүлийн гишүүдийн санхүүгийн гүйлгээнд шалгалт хийх зорилгоор ийнхүү царцаах шийдвэр гаргасан байна. 

Мөнгө угаахын эсрэг зөвлөлийн хийсэн мөрдлөгөөр Дэд ерөнхийлөгч, түүний хамсаатан гэх Жерри Лимлинган, Эбенг Балолой, Антонио Тиу, Чонгийн гэр бүлийн зарим гишүүд, Бинайн гэр бүлтэй холбоотой зарим компаниуд, түүний мэдээлэгч, дотны туслах асан Эрнэсто Меркадо нарын хувийн болон хамтарсан банкны данснууд хоорондоо холбоотой байж магадгүй гэсэн дүгнэлт хийсэн ба энэ нь Давж заалдах шатны шүүхээс дансыг царцаах шийдвэр гаргахад хүргэжээ. 

Давж заалдах шатны шүүхээс “Дэд ерөнхийлөгч, түүний эхнэр Эленита, хүү Макати хотын дарга Жунжун Бинай, Макатийн бусад албан тушаалтнуудын банкны дансууд нь уг хэрэгт холбоотой бөгөөд тус бүрийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурдсанаас зөрсөн, байхгүй хөрөнгө илэрсэн” гэж мэдээлэв. 

Эх сурвалж

Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээг ашиглана. (2015.05.14) 

Энэтхэг. Тус Улсын “Би хээл хахууль өгсөн” цахим хуудсыг нээн ажиллуулснаас хойш олон нийтийн сүлжээгээр авлигыг хязгаарлах арга замыг зөв олсон гэсэн итгэл найдварыг төрүүлээд байгаа болно. 

Тус цахим хуудсыг 2010 оны 8 дугаар сараас нээн ажиллуулж эхэлсэн ба иргэдийг авлига, хээл хахууль өгөх шаардлага гарч байсан эсэх талаар онлайнаар мэдээлэхийг уриалсан байна, ийнхүү мэдээлэл өгөхдөө хээл хахууль нэхсэн этгээд нь хаана ажилладаг, ямар хэмжээний хээл хахууль шаардсан, шаардсан хээл харуулийг нь өгсөн эсэхийг оруулахыг хүссэн байна. Бангалорчууд энэ уриалгыг дуртайяа хүлээн авч, мэдээлэл өгөх болсон байна. Жишээ нь: Нэг иргэн төрийн эрх бүхий албан тушаалтанд 12000 рупи буюу 200 орчим ам.доллар төлж байрныхаа гэрчилгээг авсан бол, өөр нэг иргэн паспорт авахын тулд оршин суух хаягаа баталгаажуулах шаардлагатай болсон ба баталгаажуулалт хийлгүүлэхийн тулд 700 рупи буюу 10 орчим ам.доллар төлөх болсон талаараа мэдээлсэн байна.

Та яагаад үүнийг өгсөн юм бэ? гэсэн асуултад “Таны бичиг баримт дутуу байна, та паспортоо авч чадахгүйд хүрнэ гэж намайг дарамталсан, иймэрхүү явдал манай зарим найзуудад ч бас тохиолдож байсан” гэжээ. 

Цахим хуудас нээгдсэнээс хойш ердөө зургаан сарын дотор авлига, хээл хахуулийн талаар 5000 гаруй мэдээлэл хүлээн авсан ба энэхүү мэдээллүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сенсаци болж, энэ тухай Нью Йорк Таймс, Би Би Си, Экономист, Волл Стрийт Журнал, мөн энэтхэгийн олон сонинд нийтлэгдсэн байна. 

Гэтэл хоёр жилийн дараа цахим хуудсын авлига, хээл хахуулийн талаарх мэдээлэл огцом унаж, цахим хуудсыг үүсгэн байгуулж, санхүүжүүлж байсан хүмүүс шалгагдаж эхэлжээ. Эдгээр хүмүүсийн нэг болох Харвардын Бизнесийн сургуулийн кейс судалгааны зохиогч хэлэхдээ “Одоогийн байдлаар манай цахим хуудсанд хандах хүмүүсийн идэвх буурсан үзүүлэлттэй байна. Пакистан, Колумбийн ижил төстэй цахим хуудсуудын үйл ажиллагаа мөн тасалдаж, зарим нь хаагдсан” гэсэн байна. 

Эх сурвалж

Засгийн газраас авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх ёстой. (2015.05.13)

Папуа Шинэ Гвиней. Тус Улсын Ерөнхий сайд Питер О”Нейл Засгийн газраас авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байна гэж мэдэгдсэн байна.Тэрээр “Авлигын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан авлигатай тэмцэх органик хуулийн төслийг боловсруулна. Энэхүү хуулиар төрийн албан хаагчдын чиг үүрэг, эрх мэдэл, хууль хэрэгжүүлэгч агентлагуудын ажилтан, албан хаагчдыг томилох асуудлыг тодорхой заахаас гадна Авлигын эсрэг бие даасан хороо нь ард түмний өмнө хариуцлага хүлээдэг гэдгийг батлахын тулд хариуцлагын арга хэмжээг нарийвчлан тусгах болно. Энэ хуулиар Засгийн газар авлигаас урьдчилан сэргийлж, авлигыг илрүүлж, буруутанд хариуцлага тооцож чаддаг гэдгийг батлах болно. Өнгөрсөн оны 2 дугаар сард Авлигатай тэмцэх бие даасан хороог байгуулахаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санал нэгтэйгээр баталж байсны нэгэн адил органик хуулийн төслийг маш өргөн хүрээний асуудлуудыг нарийвчлан оруулж, шинжээчдийн үзэл бодол, бусад улс орнуудын туршлага дээр тулгуурлан боловсруулж батлуулах болно” гэжээ. 

Эх сурвалж

Тосгоны ард иргэд газрын концессийн улмаас амьжиргаагаа залгуулж чадахгүй байна. (2015.05.12)

Камбож. Тус Улсын зүүн хэсгийн тосгоны хэдэн зуун айл өрхүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй газрын концесстэй холбоотойгоор нийтийн эзэмшлийн фермийн газраа хэд хэдэн компаниудад алдсаны дараа хоол хүнсээ хадгалахад асуудал үүсээд байгаа талаар иргэд ярьсан байна. 

Тосгоны 300 гаруй айл өрхүүд каучук мод тариалах талбайг байгуулах зорилгоор 5-6 компанид газраа алдсанаар тэд өөрсдөө ургацын эх үүсвэргүй болж, хоол хүнсний дутагдалд орох нөхцөл байдал үүсээд байна. Ард иргэд 4000 га буюу 9880 акр газарт хамтын тариалалт хийдэг байсан, гэтэл одоо энэ бүх газрыг концессийн лицензээр авчихсан учраас бидэнд өдөр тутмын амьжиргаагаа залгуулахад хүндрэл үүсээд байна. Жишээ нь: Тосгоны нэгэн иргэн Ёнг Ёнгийн хэлж байгаагаар газраа алдсаны дараа түүний фермерт ердөө л 1 га буюу 2.5 акр газар үлдээд байгаа нь гэр бүлийн хэрэгцээгээ хангаж амьжиргаагаа залгуулахад хүрэлцэхгүй байна гэжээ. 

Эх сурвалж

Бохир мөнгөнөөс болгоомжил. (2015.05.17)

Австрали. Тус улс нь хөгжиж буй эдийн засгийн салбараа мөнгө угаагч гэмт этгээдүүдээс хамгаалахын тулд энэхүү салбарт тавих хяналтаа чангаруулах шаардлагатай байна гэж шинжээчид дүгнэсэн байна. 

Парис хотод төвтэй Мөнгө угаахын эсрэг агентлагаас өнгөрсөн сард Австрали Улсын эдийн засгийн салбарыг өндөр эрсдэлтэй гэж үнэлсэн ба үл хөдлөх хөрөнгийн салбар болон нягтлан бодогч, хуульч өмгөөлөгч нарт тавих хяналтаа нэмэгдүүлэхийг холбогдох албаны хүмүүст даалгасан байна.

Тус байгууллагын үнэлгээгээр улсын эдийн засаг нь хууль бус эм, тарианы наймаа, татвараас зайлсхийх зэрэг хууль зөрчсөн үйлдлээр мөнгө угаадаг гадаад, дотоодын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд өртөх эрсдэл өндөр байгааг сануулсан байна. 

Австрали улс нь Ази Номхон далайн бүс нутаг буюу БНХАУ, Хонгонк, Макао, Сингапур, Арабын нэгдсэн Эмират улсуудаас хууль бус үл хөдлөх хөрөнгийн худалдаа, авлига, мөнгө угаах ажиллагаа явуулахад нэн тохиромжтой газар болоод зогсохгүй угаагдсан мөнгөний урсгал энэ улс руу чиглэж байна. Жишээ нь: БНХАУ-аас Австрали Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ихээхэн хэмжээний мөнгө угаагдаж байгаа асуудал гарч ирсэн байна. 

Сүүлийн жилүүдэд тус улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом нэмэгдэн, улсын хээмжээнд 7 хувиар, Сидней хотод 12 хувиар тус тус өссөн. 2013 онд эрх мэдэлтнүүд 51.9 тэрбум австрали доллараар үл хөдлөх хөрөнгө худалдан авч байсан бол 2014 онд энэ тоо 74.6 тэрбум австрали доллар болж өссөн байна. 

Энэ тоо баримт гарсны дараа гадаадын хөрөнгө оруулагчид мөнгөө шууд урсгаж эхэлсэн байна. Тус улсын Гадаадын хөрөнгө оруулалтын хяналтын газрын мэдэгдсэнээр үл хөдлөх хөрөнгийн хамгийн том эх үүсвэр нь БНХАУ (A$12.4 тэрбум), АНУ (A$6.1 тэрбум), Сингапур Улс (A$4.3 тэрбум) Канад Улс (A$2.9 тэрбум) тэргүүлж байна. 

Австрали Улсад 35000 орчим үл хөдлөх хөрөнгийн газар байдаг боловч тэд банк, мөрийтэй тоглоомын газар шиг мөнгө угаахын эсрэг үйл ажиллагааны обьект болдоггүй байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгийн газрууд нь үйлчлүүлэгчдийн биеийн байцаалтыг нарийн шалган баталгаажуулах үүрэгтэй төдийгүй мөнгө угаах эрсдлийн талаар ажилчиддаа зааварчилгаа өгөх үүрэгтэй байдаг байна. Үүнд Засгийн газраас хяналт тавьж байна. 

"Австрали Улс нь мөнгө угаах, авлигын хэргийн аюулгүй таатай орчин биш гэдгийг баталгаажуулах үүрэг нь Австралийн эрх мэдэлтнүүдэд байна. Мөнгө угаалт, терроризмын эсрэг, тэр дотроо үл хөдлөх хөрөнгийн салбарт хүчээ авсан асуудлыг бид шалгах ёстой. Одоогийн байдлаар бид БНХАУ-ын төрийн албан тушаалтнууд манай улсад тансаг хаус, үл хөдлөх хөрөнгөд мөнгө урсгаж байгаа асуудалд гол анхаарлаа хандуулаад байна” гэж Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. 

Эх сурвалж

Бохир мөнгөний эсрэг арга хэмжээ авна. (2015.05.20)

Европын Холбоо. Транспарэнси Интернэшнл байгууллага Европын Холбоонд мөнгө угаагаас сэргийлэхэд чиглэсэн шинэ дүрмийг баталсан өдөр “Европын холбооны гишүүн таван иргэн тутмын дөрөв нь компаниудын жинхэнэ эзэд нь хэн болохыг илчлэх ёстой гэдгийг дэмжиж, харин дөрвөн иргэн тутмын нэг нь л Засгийн газар нь бохир мөнгө зарцуулагдахаас сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авна гэдэгт итгэж байгаа тухай” мэдээлсэн байна. 

Мөн “Авлигын гэмт хэргийн үйл ажиллагааг нууж, татвараас зайлсхийхийн тулд компаниудыг ашиглаж байна. Эдгээр компаниудаар дамжуулан 70 тэрбум ам.доллар босгосон хууль бус мөнгөний урсгалыг зогсоохыг олон нийт хүсч байна. Европт бий болсон авлигын энэ маскийг хуулах анхны алхам болсон шинэ дүрмийг баталсан нь сайшаалтай алхам боллоо. Компаниудын эзэмшлийн талаар нээлттэй бүртгэл хийх, санхүүгийн үйл ажиллагааг нь нээлттэйгээр явуулж, хууль хэрэгжүүлэгч болон хяналт шалгалт хийх эрх бүхий албан тушаалтнуудад дээрх мэдээлэлд нэвтрэх эрхийг олгосноор бохир мөнгөний урсгал, авлигын шинжтэй хөрөнгө оруулалтыг зогсооход ихээхэн тус нэмэр болно” гэжээ. 

Өндөр түвшний авлигад өртсөн олон хүмүүсийн талаарх мэдээллийг компани, бусад аж ахуйн нэгжүүдийг ашиглан нуун далдалдаг. Дэлхийн банк болон НҮБ-ын шинжээчдийн судалгаагаар 200 гаруй томоохон авлигын гэмт хэргийн 70 гаруй хувь нь өөрийн хувийн мэдээллээ нуухын тулд үл мэдэгдэх нэргүй компани, аж ахуйн нэгжүүдийг ашигласан байна. 

Транспарэнси Интернэшнл байгууллагаас өөрийн гишүүн улсуудыг дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байгаа ба одоогийн байдлаар Англи, Франц, Дани, Бүгд Найрамдах Чех улс, Нидерланд зэрэг улс орнууд компаниудын тухай улсын бүртгэлийг байгуулах болно гэдгээ мэдэгдээд байгаа юм байна.

Эх сурвалж