Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.09.26-10.02/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.09.26-10.02/

Авлигад автсан нисэхийн аюулгүй байдлын албаны албан тушаалтнуудын эсрэг арга хэмжээ авч эхэллээ. (2015.09.25) 

Нигери Улс. Холбооны нисэхийн ерөнхий газрын хээл хахууль авдаг, зорчигчдыг луйварддаг аюулгүй байдлын албаны албан тушаалтнуудын үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг тууштай авч эхлээд байна. Өнгөрсөн Даваа гаригт тус газраас нисэх хүчний аюулгүй байдлын бүх албан хаагчдад зааварчилгаа өгч, тус улсын аль ч нисэх онгоцны буудлын терминалд зорчигчдоос мөнгө авах зэрэг хууль бус үйлдэл гаргавал ажил, албан тушаалаас нь шууд чөлөөлөхийг мэдэгджээ. 

Нисэх онгоцны буудал дээр зорчигчдыг шалгаж нэвтрүүлдэг нисэх хүчний аюулгүй байдлын албан хаагчид хээл хахууль авдаг гэсэн зорчигчдоос ирсэн шүүмжлэлийн дагуу тус хориг арга хэмжээг авчээ. 

Мөн Холбооны нисэхийн ерөнхий газар нь нисэх хүчний аюулгүй байдлын албан хаагчдын албан тушаалын чиг үүргийн улам бүр боловсронгуй болгож, тэдэнд тавих хяналтаа чангаруулж, бүх нисэх онгоцны буудлуудад нисэх хүчний аюулгүй байдлын албан хаагчдын үйл ажиллагааг хянах чиг үүрэг бүхий тусгай хороог байгуулжээ. 

Иргэд, зорчигчдоос маш ихээр ирүүлж буй өргөдөл гомдол, албан хаагчдын хууль бус үйлдэл нь Холбооны нисэхийн ерөнхий газрын нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэж эх сурвалж мэдээлж байна.

Эх сурвалж

Усны асуудалд анхаарлаа хандуулав. (2015.09.22)

Гонконг. Тус улсын тодорхой бүс нутгийн оршин суугчдад болон сургуулийн бүс орчимд хор нөлөөгөө үзүүлээд байгаа цэвэр усанд их хэмжээний хар тугалга илэрсэн асуудлыг шийдэхтэй холбоотойгоор авлига, албан тушаалаа урвуулан ашигласан байдал байгаа тул шалгаж эхэлсэн байна. 

Ардчилсан намын гишүүд анх энэ асуудлыг ил гаргаж тавьсан ба үүнээс хойш Засгийн газар оролцох болсон боловч тухайн асуудлыг шийдвэрлэх бодитой, үр дүнтэй ажил явагдахгүй байгаа нь авлигын асуудал үүссэн байж болзошгүй хэмээн үзэж Засгийн газраас 9 гишүүний бүрэлдэхүүнтэй бие даасан хороог байгуулж, тухайн асуудлыг тусгайлан шалгахыг даалгасан байна. 

Сай Йинг Пунтэд байрлах Ян Чай эмнэлэг болон Квок Чи Люн цэцэрлэгийн цэвэр усанд байгаа хар тугалгын хэмжээ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон нэг литр усанд 10 микрограммаас илүүгүй байна гэж баталсан хэмжээнээс даруй 3 микрограммаар илүү болсон байна. Энэ нь тухайн бүс нутгийн оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ. 

Эх сурвалж

Авлигын хэрэгт цаазын ял оноохыг дэмжсэн байна. (2015.09.09)

Пакистан. Тус улсын Ардчилсан намын явуулсан судалгаагаар иргэдийн олонх нь авлигын хэрэгт цаазын ял оноохыг дэмжсэн байна. 

Өнгөрсөн Мягмар гаригт Ардчилсан намаас хийсэн мэдэгдэлд “Тус судалгаанд тухайн улсад оршин суугаа болон хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа нийт 100.000 гаруй иргэдийг хамруулсан ба авлигын хэрэгт холбогдсон этгээдэд ямар ял оноох талаар, хорих ял, эсхүл цаазаар авах ял оноох нь зөв үү? гэсэн асуулга байсан юм.Судалгаанд оролцсон ихэнх иргэд авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдийн хэргийг маш чанга шалгаж, хатуу ял шийтгэл оноож шийтгэх ёстой. Авлигын бүх хэргийг цэргийн шүүхээр шийтгэж, авлигыг ор мөргүй устгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн” гэжээ. 

Судалгаанд оролцогчдын 92 хувь нь авлигын хэрэгт холбогдсон этгээдэд цаазаар авахыг дэмжсэн бол 8 хувь нь тус улсад ядуурал, ажилгүйдэл устаж, тус улсын гадаад өрийг төлөх хангалттай хөрөнгөтэй болтол насаар нь шоронд хорих нь зүйтэй гэж үзсэн байна. 
Мөн авлигач улс төрчид болон төрийн албан хаагчдын хөрөнгийн эх үүсвэрийг тодруулахын тулд сайтар шалгаж, тансаг хаус, үнэтэй машинаа хаанаас хэрхэн бий болгосныг үнэн зөвөөр олж тогтоон, тэдний хэргийг энгийн шүүхээс илүү цэргийн шүүхээр тусгайлан шүүх хэрэгтэй гэжээ. 

Эх сурвалж

БНХАУ-ын барилгын компанийн хоёр захирлыг хээл хахуулийн хэргээр баривчилсан байна. (2015.09.28)

Кени Улс. Тус улсын хурдны замаар ачаа хэтрүүлэн ачсан ачааны машинуудыг явуулсан, явуулахын тулд замын асуудал хариуцсан төрийн албан тушаалтанд хээл хахууль өгсөн хэргээр БНХАУ-ын “Чайна рөүдс”, “Бриж Констракшн” ХХК-ын компанийн 2 захирал болох Тан Жу, Лиу Яабин нарыг баривчлаад байна. 

Хурдны замаар стандарт хэмжээнээс хэтэрсэн барилгын материал ачсан тээврийн хэрэгслүүд явж байна гэсэн Кенийн Авлигын эсрэг хороонд ирсэн гомдлын дагуу тухайн асуудлыг шалгаж эхэлсэн байна. 

Авлигын эсрэг хорооны албан хаагчдын мэдэгдснээр Тан Жу нь хурдны зам хариуцсан албан хаагчид 1000 ам.долларын хээл хахууль санал болгосон бол Лиу Яабин 285 ам.долларын хээл хахууль өгсөн байна.

Одоогоор БНХАУ-ын хоёр компанийн захирлыг батлан даалтад гаргаж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдааны товыг хүлээж байгаа аж. 

Эдгээр хоёр компани нь Момбасагаас Найроби хүртэл буюу 400 орчим км замыг тавих төслийг хэрэгжүүлж байсан байна. 

Эх сурвалж

Авлигаас урьдчилан сэргийлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байна. (2015.09.17) 

Итали Улс. Италийн Авлигын эсрэг газрын албан тушаалтнууд болон Вьетнамын Засгийн газрын төлөөлөгчид Ром хотод болсон уулзалтын үеэр 2016 он хүртэл авлигын эсрэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. 

Энэ үйл явдлын үеэр Вьетнамын Генерал Хуянх Фон Транх нь Вьетнам улсын нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, намынхаа бодлого, авлигын хяналт шалгалт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар танилцуулж, Вьетнамын засгийн газраас авлигатай тэмцэх талаар хэрэгжүүлж буй ажлууд, авлигын хэргийг шалгах үйл ажиллагааны талаар Италийн Үндэсний авлигын эсрэг газрын албан тушаалтнуудын тавьсан асуултад хариулт өгчээ. 

Үндэсний авлигын эсрэг газрын дэд дарга Париси Николетта хүлээн авч уулзахдаа “Манай агентлаг жилийн өмнө байгуулагдсан учир энэ салбарт танай улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй туршлага, мэдээлэл бидэнд маш чухал” гэдгийг онцолсон байна. 

Генерал Хуянх Фон Транх “Бид өнөөгийн байдлаар гадаадын 14 орны авлигын эсрэг байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарыг үсэг зуран, хамтран ажиллаж байна. Танай улстай санамж бичигт улмаар гарын үсэг зурсан нь хоёр агентлагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр улсын харилцаанд сайнаар нөлөөлнө” гэжээ. 

Вьетнамын Засгийн газрын төлөөлөгчид Авлигын эсрэг хорооны өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг албан тушаалтнуудтай тусгайлан уулзаж, өргөдөл гомдлыг шийдвэрлэх асуудлаар санал солилцсон байна. 

Эх сурвалж

Авлигын эсрэг хориг арга хэмжээний 249 албан хаагчийг шийтгэжээ. (2015.09.28) 

БНХАУ. Тус улс нь Засгийн газрын хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, төслийн хөтөлбөрт нөлөөлсөн, хэрэгжилтийг сааруулсан гэсэн шалтгаанаар 249 төрийн албан хаагчийг шийтгэсэн талаар үндэсний мэдээллийн Синьхуа агентлагаас мэдээлсэн байна. БНХАУ-ын хамгийн том авлигын хориг арга хэмжээнээс айж сүрдсэн олон төрийн албан хаагчид сүүлийн 18 сарын хугацаанд томоохон төслүүдийг батлахаас эмээсэн байдалтай байна.

Энэ нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, төрийн албан хаагчид ажлаа хийхгүй, залхуу байдалтай байгаа мэт харуулж байгаа тул үүнд орон нутгийн төрийн байгууллагуудыг буруутгаж, ажлаа эрчимжүүлэхгүй бол албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, шийтгэх талаар сануулсан байна. 

Синьхуа агентлагийн мэдээлснээр өнгөрсөн 5 дугаар сарын сүүлээс 6 дугаар сарын дунд хүртэл явагдсан хяналт шалгалтаар 24 аймаг, муж, хотын нийт 249 албан хаагчдад ажлаас халах, захиргааны шийтгэл ногдуулах, сануулах зэрэг арга хэмжээг авсан байна. Жишээ нь: Засгийн газраас 2012 онд төсвийг нь баталсан Шаньси мужийн хоол хүнс дахин боловсруулах төсөл өнгөрсөн 5 дугаар сард л барилгын ажлаа эхлүүлэх гэж байгаа нь маш их хугацаа алдсан явдал аж. 

“Засгийн газраас төрийн албан тушаалтнуудыг хариуцлагатай байлгах зорилгоор ажлыг нь эрчимжүүлэх, Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүдийг удаашруулж буй байдлыг таслан зогсоох зорилгоор төрийн албан хаагчдад шийтгэл ногдуулсан нь Засгийн газрын үйл ажиллагаа зөв замаараа явж байгаа гэдгийг харуулсан зөв зүйтэй ажил болсон” гэж нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтан мэдээлжээ.

8 дугаар сарын сүүлээр Засгийн газрын хураан авсан зарцуулагдаагүй хөрөнгө болох 296 тэрбум юанийг Засгийн газрын “яаралтай” хөгжлийн төсөл болон ард түмний амьжиргааг сайжруулах төсөлд оруулжээ. 

Эх сурвалж

Техник, технологид суурилсан шүүх авлигад өртөх нь бага. (2015.09.25) 

Филиппин Улс. Тус улсад шүүийн шийдвэрийг албан ёсоор гаргах, шийдвэрийг олон нийтэд зарлах, холбогдох талуудад шийдвэрийг нь өгөх эсхүл хөрөнгийг сэргээх зэрэг асуудалд удаанаар хүлээцтэй хандах шаардлагатай болдог. 

Дээд шүүхийн дарга Мариа Лоурдес Серено энэ байдлыг хурдан хугацаанд өөрчлөхөөр ажиллаж байгаагаа 9 дүгээр сарын 26-ны өдөр Манилад болсон “2015 оны Манилагийн хөгжлийн уулзалт”-д оролцохдоо техник, технологид суурилсан шүүхийн үйл ажиллагааны талаар өөрийн зорилгоо танилцуулсан байна. 

Дээд шүүхийн дарга Мариа Лоурдес Серено “Шүүхэд техник, технологийн шинэ систем нэвтрүүлснээр автоматжуулсан шүүх хурал, шүүх хуралдааны танхимд болох үйл ажиллагаа бүрийг “цахимаар тэмдэглэж авах” боломжийг олгож байгаа юм. Жишээ нь, шүүгдэгчийг суллах тухай шийдвэрийг шүүгч “нэн даруй кодолж хэвлээд, өөрт нь болон өмгөөлөгчид нь өгсөний дараа тэрээр шууд суллагдсан аж. Шүүхийн энэ хурдан шуурхай байдлын гэрч болсон шүүгдэгч болон тэдний ар гэрийнхэн нулимс дуслуулан баярлаж байгаагаа илэрхийлсэн” гэжээ. 

Техник, технологид суурилсан шүүх 

Дээд шүүхийн дарга Мариа Лоурдес Серено шүүх хуралдааны танхимд болж буй талуудын мэтгэлцээнд шууд аудио бичлэгийг зөвшөөрч, шүүхэд дуудагдаж буй гэрчүүдэд “цахимаар шүүхийн зарлан дуудах бичгийг” хүргэх системийг нэвтрүүлэхээр Засгийн газрын бусад агентлагуудтай хамтран ажилласан байна. 

Тэрээр өөрөө хэрэг дээр ажиллахдаа е-шүүхийн технологийн ач холбогдлын талаар байнга мэдээлж, шүүхийн тогтоолд алдаа гарах боломжгүй, харин ч илүү ил тод байдал, мөн шүүгч нар дарааллаа тогтооход илүү хялбар байдал бий болсон зэргийг онцолсон байна. 
Мөн е-шүүх нь авлигад өртөх эрсдэл маш бага, хяналт чанга болсон. Өмнөх шүүхийн тогтолцоо ил тод биш байсан учир хэргийн хувь заяа болон шүүхийн үйл ажиллагааг хянахад бэрхшээлтэй байжээ. 

Тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй дээд шүүхийн дарга болох Мариа Лоурдес Серено энэ албан тушаалд харьцангүй залуу буюу 54 насандаа томилогдсон ба түүнд 70 нас хүртлээ шүүхийн шинэчлэл хийх 16 жилийн хугацаа байгаа аж. 

Эх сурвалж

Авлигын эсрэг кино шуугиан тарьж байна. (2015.09.30)

Гани Улс. Холливудын киноны мөнгө, секс, авлига гээд бүхий л үзэгдлийг багтаасан, тус улсын шүүхийн авлигын нөхцөл байдлыг ил гаргасан 3 цагийн баримтат кино шуугиан тариад байна. Энэхүү кино нь тус улсын түүхэнд хамгийн том шуугианыг дэгдээсэн бөгөөд шүүх засаглалын суурийг ганхуулаад байна.

Тус улсын эрэн сурвалжлах сэтгүүлч Анас Аремеяав Анас нь энэхүү киног бүтээхдээ хоёр жилийн туршид нууц ажиллагаа явуулж, 500 цагийн зураг авалт хийсний дараа ийнхүү олон нийтийн хүртээл болгосон байна. 

Бүхэлдээ шүүхийн системийн хууль бус, ёс зүйгүй байдлыг дэлгэн тавьсан уг кинонд шүүгч болон шүүхийн ажилтнууд хэргийн оролцогчдоос хээл хахууль авч байгаа, секс хийхийг шаардаж байгаа зэрэг бодитой байдлуудыг нотлох баримттайгаар дэлгэжээ. 

Үнэгүй үзүүлбэр

Уг кинонд нийг 34 шүүгч, 10 гаруй шүүхийн бусад ажилтнуудын эсрэг нотлох баримт гарч ирсэн ба эдгээрийг Ерөнхийлөгч Жон Махама болон Дээд шүүхийн дарга Жоржина Теодора Вүүдэд хүргүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Дээд шүүхийн дарга нь 22 шүүгчийн эсрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд 12 шүүгчийн асуудлыг хэрхэх талаар хэлэлцэж байгаа юм байна. 

Харин буруутгагдаад байгаа шүүгч нарын өмгөөлөгчид уг нотолгоог нь үгүйсгэж байгаа боловч хэрэгт холбогдоод байгаа шүүгч нар энэ талаар ямар нэгэн тайлбар огт өгөөгүй байна. 

“Шударга бус явдлын туульс” нэртэй уг киног нийслэл Гана улсын нийслэл Аккра хотод нээж, улс даяар үнэгүй үзүүлж байгаа юм байна. 

Киног бүтээсэн эрэн сурвалжлах сэтгүүлч Анас Аремеяав Анас “Би киногоороо шударга байдал энэ улсад ямар байгааг харуулахыг зорьсон. Бүх ард түмэн үүнийг үзэх ёстой” гээд киногоо аль нэг телевизээр гаргахаас илүү олон нийтэд үзүүлэхийг зорьсон байна. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний киног гаргавал хуулийн арга хэмжээ авна хэмээн заналхийлсэн байна.

Эх сурвалж

Гурван том хотод нэгэн зэрэг авлигын эсрэг жагсаал хийлээ. (2015.09.30) 

Өмнөд Африк. Тус улсын гурван том хотод нэгэн зэрэг болсон авлигын эсрэг жагсаалд хэдэн мянган хүн нэгджээ. 

Иргэний нийгмийн, шашны болон үйлдвэрчний эвлэлийн зэрэг 350 гаруй байгууллагууд, иргэд Претониа, Кейп таун, Дурбан хотуудад нэгэн зэрэг авлигыг эсэргүүцэн жагссанаар авлигын эсрэг, авлигыг устгах компанит ажлыг эхлүүлж чадна гэж жагсаалын зохион байгуулагчид хэлсэн байна. 

Жагсагчдын тавьж буй шаардлага нь улс төрийн намуудын санхүүжилт болон төсвийн зарцуулалтыг ил тод болгох, ерөнхий аудитор нь төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогыг тогтмол шалгах, төрийн албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нэрээ бичсэн энгэрийн тэмдэг зүүж явах, авлигын эсрэг хуулийг чангатгахыг шаардсан байна. 

Африкийн Үндэсний конгресс нь өнгөрсөн жилийн сонгуулиар 62 хувиар ялалт байгуулсан ч авлига, хүнд суртал төрийн албанд маш их байгаад Ерөнхийлөгч Яакоб Зума болон Засгийн газрыг буруутгаж байна. Үндэсний ерөнхий аудиторын мэдэгдсэнээр төрийн аж ахуйн нэгжүүд өнгөрсөн жилийн 3 дугаар сараас хойш 1.17 тэрбум рандыг (85 сая ам.доллар) ашиггүй зарцуулж, 33.6 тэрбум рандын зарлагыг юунд зориулж гаргасан нь тодорхойгүй байгаа юм байна.

Тэд дээрх нөхцөл байдлын эсрэг дараагийн жагсаал цуглааныг 10 дугаар сарын 14-ний өдөр хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж