Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.04.30-05.06/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.04.30-05.06/

Дэвид Камерон дээд хэмжээний уулзалтаар дэлхийн авлигатай тэмцэх байгууллагын санал тавина (2016.05.04) 

Их Британи. Ирэх долоо хоногт Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон авлигын эсрэг дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг уулзалтаар татвараас зайлсхийх, мөнгө угаах, авлигатай тэмцэхэд улс орнуудын хууль сахиулах байгууллага болон мөрдөн байцаагч нарт дэмжлэг үзүүлэх олон улсын авлигатай тэмцэх байгууллага байгуулах талаар санал тавьж шийдвэрлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Уг байгууллагын чиг үүрэг хууль сахиулах эрхгүй, гэвч засгийн газруудыг авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэхэд голлон чиглэх талаар Камероны авлигатай тэмцэх асуудлын зөвлөх Эрик Пиклэс хэллээ. 

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад нийтдээ Их-20-ийн орнуудыг төлөөлж 20 төлөөлөгчийг урьсан бөгөөд ОХУ-аас Гадаад хэргийн дэд сайд Олег Сыромолотов, АНУ-аас Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар оролцох аж. 

Эх сурвалж

Эрх мэдэл ба авлига (2016.05.01)

(НҮБ дахь Пакистаны элчин сайд асан Мунир Акрамийн нийтлэл)

Пакистан. Авлигын жинхэнэ хүчийг өнгөрсөн болон өнөө үеийн сургамжаас харж болно.

Авлигад идэгдсэн байгууллагууд эцэстээ дампуурдаг. Эзэнт гүрнийг авлига сүйрүүлдэг. Авлигач удирдагчид ядуу улс орнуудын хөгжлийг зогсоодог.
Сүүлийн үеийн жишээнээс харахад хөгжиж буй улс орнууд дахь авлига болон эрх мэдэлтнүүдийн шуналын талаар түгээмэл мэдээлэх болжээ. Бразилд ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцүүлэг явуулахаар болж байгаа бол Өмнөд Африкт 30 сая доллартай тэнцэх төсвийн хөрөнгөөр өөрийнхөө сууцыг тохижуулсан ерөнхийлөгч ял шийтгэлгүй үлдэхээр байгаа бол Малайзад Ерөнхий сайд нь гадаадын тодорхойгүй эх сурвалжаас 600 сая доллар хүлээн авсан жишээ байна. 

Тэгвэл, Египетэд Мубарак, Морси нарын засаглал бүгд авлигын асуудлаас болж унасан байхад Нигерид газрын тосноос олсон олон тэрбум доллар ор сураггүй алга болжээ. Харин Туркэд Ерөнхийлөгчийн хамсаатны авлигын хэргийг шалгах ажиллагааг хүчээр таслан зогсоосон, Оросод олигархын дүрэм шүүмжлэгдэж, Энэтхэгт санхүүгийн гэмт хэрэг өдөр тутам гарч, Хятадад албан тушаалтны авлигын эсрэг Хятадын дарга нь кампанит ажиллагаа явуулж байна. Гэхдээ сүүлийн үеийн авлигын хамгийн муу жишээ бол улс орны дотоод зөрчилд хүргэж байна. Тухайлбал, Конго, Ливи, АНУ-ын ‘үндэстнийг бий болгох’ ажиллагааны төлөөлөл Афганистан, Ирак зэргийг дурдаж болохоор байна.

Хөгжиж буй улс орнуудын удирдагчдын авлигын талаарх анхаарал томоохон капиталист улс орнуудын увайгүй үйлдэл, тэдний хоёр, гурван давхар стандартыг халхавчлахад л чиглэгдэж байна. Эдгээр капиталист улс орнуудын баялаг зөвхөн тухайн улсынхаа капитал, хөдөлмөр, технологиос бий болохоос гадна, өнгөрсөн болон одоо үе дэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн албадан ‘хяналт’-аас ч мөн хамаарч байна. Байгалийн нөөцийн хэт их ашиглалт, том улс орнуудын хараат зах зээл зэрэг нь цөм дээрхийн жишээ юм. Энэ маягаар дэлхийн худалдаа, санхүүгийн системийг АНУ болон түүний хамсаатнууд үргэлжлүүлэн хянахаар байна. 

Германы еврей нарын эд хөрөнгийг Нацистуудад хураагдахаас урьдчилан сэргийлж Швейцарийн банкны нууцлалын системийг бий болгож байсан бол одоо энэ систем нь авлигачид, гэмт хэрэгтнүүд, дарангуйлагчдын хувьд диваажин болоод байна. 

Үүний зэрэгцээ оффшор бүс буюу татварын диваажинг мөн барууны улс орнууд дэмжиж байсан бөгөөд ялангуяа гадаадын хөрөнгийг татах, өөрийн баян, эрх мэдэл бүхий хүмүүсийн орлогыг татвараас зайлсхийлгэхийн тулд Британи улс ихээхэн дэмжсэн байдаг. Одоо энэхүү системийг томоохон корпорацууд татварын дарамтаас зайлсхийх, мөн авлигач улс төрчид, албан тушаалтнууд татвараас зайлсхийх, мөнгөө нуухын тулд ашиглах болжээ.

Сүүлийн үед Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаар толгойлуулсан байгууллагууд мөнгө угаах, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү системийг шинэчлэх оролдлогуудыг хийж байна. Гэвч эдгээр хүчин чармайлтууд нь ‘татварын тааламжтай’ бүтцийг олон улсын хөрөнгийн зах зээлийн өрсөлдөөн дэх өвөрмөц давуу тал болгон харж буй улс орнуудын бодлогод өөрчлөлт хийх боломж бага байна. Үүний нэг жишээ бол дэлхийн хамгийн хүчирхэг улс болох АНУ бөгөөд өөрийн ‘татварын диваажин’ Дэлавэр, Невада зэрэг мужийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинэчлэлийн схемд оруулахыг дэмжихгүй байгаа юм. 

Панамын баримт бичгийг илчилсэн нь Пакистан зэрэг хэд хэдэн улсад хүчтэй эсэргүүцлийг авчирсан юм. Панамын баримт бичгийн асуудал бол Пакистан дахь цорын ганц хууль бус зүйл биш. Улсын удирдагчид өнгөрсөн болон одоо үед шударга ёсны өндөр стандартыг баримтлах ёстой байсан ба үүнд хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй юм. 

Томоохон улс төрчид, албан тушаалтнуудын эсрэг авлигын хэргийг мөрдөн шалгахад зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай хамгийн багаар авч үзэхэд суурь буюу уялдаа холбоо бүхий үндсэн гурван асуудал Пакистан улсад байна. Энэ бол Пакистаны татварын тогтолцоо; танил талаараа хөрөнгөжих систем ; эдийн засгийн засаглал гурав юм. 

Татварын тогтолцоо: Татварын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд татвар хураалт, татварын хуулийн хэрэгжилтийг хангуулах, татварын суурийг нэмэгдүүлэх, ялангуяа жижиглэн худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарыг бүрэн хамруулах, нэмэгдсэн өртгийн албан татварын хураалтын системийг боловсронгуй болгох, онцгой албан татвар болон гаалийн татварын хураалтыг бүрэн, шударга болгох зэрэг асуудлууд багтаж байна. 

Танил талаараа хөрөнгөжих систем: Танил талаараа хөрөнгөжих системийг устгах явдал бол илүү өргөн хүрээг хамарна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн шийдвэр гаргах үйл явцад ил тод байдлыг хангах, ялангуяа худалдан авах ажиллагаа, лиценз, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгох, эдийн засгийн өрсөлдөөнийг бий болгох зорилгоор зохих хууль тогтоомжийг бий болгох шаардлагатай. Үүнээс эдийн засгийн шийдвэр гаргах үйл явц дахь авлига, хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашиглах явдлын талаарх гомдол, мэдээллийг түргэн хугацаанд, шударга хянах зорилго бүхий шинжээчдээс бүрдсэн эдийн засгийн хяналтын хараат бус байгууллагыг бий болгох явдал юм.

Эдийн засгийн засаглал: Пакистан дахь эдийн засгийн зохицуулалтын стандартын асуудал туйлын хангалтгүй байна. Цөөн хэдийг эс тооцвол, хүнд суртал нь техник, үйл ажиллагааны чадваргүй байдал, авлигын үндэс болж байна. Захиргааны шинэчлэл амжилттай хэрэгжихгүй байна. Одоогийн байгааг шинэчлэхээс илүүтэйгээр цоо шинээр орчин үеийн бюрократ тогтолцоог бий болгох нь илүү дээр байж болох юм. 

Эх сурвалж

Хээл хахуулийн хэргээр тэнгисийн цэргийн офицер 6 жилийн ял авлаа (2015.5.1) 

АНУ. Хээл хахууль, залилангийн “Тарган Леонард” хэмээх схемд холбоотой хэмээн буруутгагдаж байсан тэнгисийн цэргийн офицер холбооны шоронд 6 жил гаруй хугацаанд хоригдох ял авсан нь одоогийн байдлаар энэ хэргээс хамгийн урт хугацааны ял авсан хүн болоод байна. 

Командлагч, 48 настай Мишээл Ваннак Кэм Мишэвиз нь хээл хахууль авсан, хуйвалдаантай холбоотой тус бүр нэг хэрэгт буруутай болохоо өмнө нь хүлээн зөвшөөрөөд байсан юм. Прокуроруудын мэдэгдсэнээр бараг 2 жилийн турш, Мишэвиз нь бэлэг авч, аялалд явж, сонирхолтой зочид буудлуудад байршиж, биеэ үнэлэгчдийн үйлчилгээг авсан бөгөөд эдгээрийн төлбөрийг Номхон далай дахь тэнгисийн цэргийн усан онгоцны боомтын үйлчилгээний компанийг эзэмшигч Леонард Гленн Францис “Тарган Леонард” төлдөг байсан аж. Мишэвиз хариуд нь АНУ-ын 7 дугаар флотын усан онгоцны цагийн хуваарийн талаарх нууц мэдээллийг Францист өгдөг байжээ. Мөн Францисын хяналтад байдаг “Glenn Defense Marine Asia” компанийн Ази дахь боомтод усан онгоцнуудыг байршуулахаар өөрийнхөө нөлөөллийг ашиглах оролдлого удаа дараа хийж байсан аж. 

Шүүх хуралд прокурорууд мэдэгдсэнээр Номхон далай дахь Тэнгисийн цэргийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах үйл ажиллагаатай холбоотой нууц мэдээллийг Францист мөн дамжуулсан байна. 

Мишэвиз нь дээрх схемд холбоотойгоор буруутгагдаж буй 10 хүний нэг юм. Шүүхээс мөн Засгийн газрын нөхөн төлбөрт 95000 доллар, торгуульд 100000 долларыг төлүүлэх шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж

Авлигын эсрэг Иракад жагсаал болов (2016.4.30)

Ирак. Өнгөрөгч бямба гарагт авлигыг зогсоохыг шаардан Иракийн төрийн далбааг барьсан олон мянган жагсагчид Багдад хотын сайтар хамгаалагдсан Ногоон бүсэд дайрч, Парламентийн байранд нэвтрэв. 

Жагсаал тухайн өдрийн үдээс хойш гэхэд дээд цэгтээ хүрч, улмаар Багдад хотод онц байдал зарлаж, хотоос гарах, орох хөдөлгөөнийг хориглов.

Авлигатай тэмцэх болон улс төрд шашны бүлэглэлийн квотыг болиулах алхам хийхийг Ерөнхий сайд Хайдер аль-Абадигаас шаардан жагссан Иракчуудын эсэргүүцлийг тодорхой харуулсан зураг, видео бичлэг олон нийтийн цахим хуудаст олноор тавигдаж байгаа юм. 

Курдийн мэдээний суваг “Рудав” -д нэг жагсагч хууль тогтоогч нарын ширээн дээр байсан шоколадруу зааж “ард түмэнд идэх зүйл юу ч алга. Харин эрх мэдэлтнүүд энд суугаад шоколад идэж, бидний зовлонгоор тохуурхаж байна” гэж хэлсэн байна.

Саддам Хусейны дэглэм, Америкчуудын эзлэлт, одоогийн үймээн самууны гэсэн гурван хугацаанд амьдарч байгаа Иракчуудын хувьд Ногоон бүс гэдэг бол дарангуйлал, эзлэн түрэмгийлэл, авлигын бэлэг тэмдэг болоод байгаа аж. Энэ бүхнээс гадна, Ногоон бүс бол Иракийн иргэдийн хүсэл мөрөөдөлд хайнга хандсан дээдэс болон эгэл жирийн иргэдийг хооронд тусгаарлах тэмдэг болж байна. 

Энэ удаагийн жагсаал нь газрын тосны үнийн уналтаас үүдэлтэй төсвийн орлого нь буурсан, Исламын улсын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхээр хичээж буй Иракийн засгийн газрыг улам хүнд байдалд оруулж, улс төрийн хямралыг бүр гүнзгийрүүлж магадгүй болоод байна. 

Жагсагчдын ихэнх нь Ерөнхий сайд Абадигийн амлалтыг дэмжиж байсан шашны Шийт урсгалын тэргүүн Моктада ал-Садарыг дэмжигч, дагагч нар байв. Ноён Абади засгийн газраа дахин эмхлэн байгуулах амлалтынхаа хүрээнд хэд хэдэн сайд нарыг танилцуулах, мөн нам, шашны бүлэглэлийн төлөөлөл болсон улс төрчдийн оронд шинжлэх ухаан, технологийн салбарын төлөөлөл болох технократуудаас засгийн газраа бүрдүүлэхээр төлөвлөгдөж байсан юм.

Шийт шашинтай Абади Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг Исламын Улс эзэлсний дараа буюу 2014 онд Ерөнхий сайд болж байсан билээ. 

Эх сурвалж

313 албан тушаалтан дотоод мэдээлэл задруулж 3.23 сая юань авсан хэмээн Хятадын статистикийн товчоо мэдээллээ (2016.4.28)

БНХАУ. Си Зиньпин тус улсыг удирдах болсон цагаас хойш олон мянган албан тушаалтнуудын авлигын асуудлыг шалгаж буй Коммунист намын Сахилгын хяналтын төв хорооны цахим хуудсанд Статистикийн товчооны мэдэгдлийг гаргасан байна. Уг мэдэгдэлд Хятадын Статистикийн товчооны 313 ажилтан агентлагийн журмыг зөрчин статистикийн дотоод мэдээллийг зарж, хариуд нь 3.23 сая юань авсан, статистикийн товчоо мэдээлэл цуглуулахадаа зориулсан зөөврийн тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагаа хууль зөрчсөн болох нь тогтоогдсонг онцолсон байна. 

Энэхүү мэдэгдэл нь авлигатай холбоотойгоор албан тушаалаа өгч байсан тус агентлагийн дарга асан Ван Баоаны дараа буюу өнгөрөгч 2 дугаар сараас тус агентлагийг удирдаж байгаа, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян -ы ойрын зөвлөх Нин Жизхэд багагүй сорилттой тулгарч байгааг илэрхийлж байна. 

Статистикийн товчоо дээрх зөрчлийг өнгөрсөн оны 10-12 дугаар сарын хооронд Сахилгын хяналтын төв хорооноос зохион байгуулсан байнгын хяналтын үед олж тогтоосон гэж мэдэгдсэн аж. Гэхдээ энэхүү мэдэгдэл нь тус товчооны өмнөх дарга Ван Баоаны эсрэг үүсгэсэн хэрэгтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Эх сурвалж

Ойрхи дорнодод авлигын түвшин нэмэгдсэн байна (2016.5.3) 

Транспэрэнси интернэшнл. Ойрхи дорнодод авлигаас ангижрахын тулд “Арабын хавар” бослого дэгдэж байсан. Хэдий тийм ч, сүүлийн үеийн судалгаагаар энэ бүс нутагт авлигын түвшин нэмэгдсэн байна. 

Өөрөөр хэлбэл, Транспэрэнси интернэшнл байгууллагын судалгааны тайланд онцолсноор Ойрхи Дорнод болон Хойд Африкийн бүс нутгийн хэмжээнд шүүхийн системд хандсан 3 хүн тутмын 1 нь, цагдаад хандсан 4 хүн тутмын 1 нь хээл хахууль өгсөн байна. Мөн энэ бүс нутагт сүүлийн нэг жилийн хугацаанд төрийн үйлчилгээ авсан 3 хүн тутмын 1 нь буюу 50 орчим сая хүн хээл хахууль өгсөн байна. 

Төрийн үйлчилгээг авахдаа хээл хахууль өгөх явдал Йеменд 5 хүн тутмын 4 нь байхад, Египет, Марокко, Судан зэрэг улсад 2 хүн тутмын 1 нь байна. Нийт бүс нутгийн хэмжээнд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 61 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд авлигын түвшин нэмэгдсэн гэж хариулсан дүнтэй байна. 

Үүнээс гадна уг тайланд энэ бүс нутгийн Засгийн газруудад хандан авлигатай тэмцэх 4 зөвлөмжийг тусгасан байна. Үүнд: Засгийн газрууд нэн даруй ард түмэндээ хандан авлигыг таслан зогсоох амлалт өгөх. Авлигачид шийтгэл хүлээхгүй байгаа явдлыг зогсоох, тэднийг шүүж тохирох хариуцлагыг нь хүлээлгэх. Авлигыг мэдэгдэх, түүний эсрэг тэмцэл явуулахад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудад аюулгүй, тааламжтай орчныг бий болгох. Иргэдийг авлигын эсрэг тэмцэхэд нь дэмжлэг үзүүлж, хууль сахиулах байгууллагууд үйл ажиллагаа явуулах орчныг бий болгож өгөх шаардлагатай гэжээ. 

Эх сурвалж

Шелдон Силвэр 12 жилийн ял авлаа (2016.5.4) 

АНУ. Нью-Йорк мужийн Ассамблейн дарга асан Шелдон Силвэр авлигын хэргээр холбооны шоронд 12 жилийн ял эдлэхээр боллоо. 

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар сүүлийн 20 гаруй жилийн турш Нью-Йорк мужийн хамгийн их эрх мэдэл бүхий хүмүүсийн нэг байсан 72 настай, үнэн алдартан шашинт еврей Силвэрт тус улсын Манхэттэн дахь шүүхээс дээрх ялыг оногдуулсан байна. Түүнийг өнгөрсөн оны 11 дүгээр сараас авлигын 7 хэрэгт буруутгаж эхэлсэн билээ. Тухайн үед тэрбээр Ассамблейн даргын албан тушаалаа өгсөн ч, Ассамблей дахь суудлаа хадгалж үлдэж байсан юм. 

АНУ-ын Дүүргийн шүүхийн шүүгч Валери Капрони шийдвэрээ танилцуулахдаа Силвэрийг “Нью-Йоркийн түүхэн дэх хамгийн авлигач албан тушаалтны нэг” хэмээн хэлсэн байна. 

Түүнд хорих ялаас гадна, нөхөн төлбөрт 5.3 сая ам. доллар, торгуульд 1.75 сая ам.долларыг төлүүлэх шийдвэрийг шүүгч Капрони гаргасан байна. 

Эх сурвалж

Мубаракийн үеийн ерөнхий сайдыг Египетийн шүүх авлигын хэргээс цагаатгав (2016.5.4) 

Египет. Удаан хугацаанд дарангуйлсан Хосни Мубаракийн удирдлага дор Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Ахмед Назифыг Египетийн шүүхээс авлигын хэрэгт буруугүй болохыг нь тогтоож цагаатгасан байна. 

Кайр хотын давж заалдах шатны шүүхийн шүүгч Магди Абу Эла лхагва гарагт дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэ удаагийн шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд давж заалдах боломжгүй юм. 

Назиф нь 2004-2011 оны хооронд буюу Мубаракийг хүчээр огцруулах хүртэл Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан билээ. Түүнийг авлигын хэрэгт буруутган цагдан хорих боломжит хугацаа дуусах хүртэл буюу 2013 оны 6 дугаар сар хүртэл таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаад сулласан юм. Назифыг мөн 2015 оны 2 дугаар сард өөр нэг авлигын хэргээс цагаатгаж байсан билээ. 

Эх сурвалж