Мэдээлэл /2010.04.26/

A- A A+
Мэдээлэл /2010.04.26/
Авлигатай тэмцэх газрын санаачилга, туслалцаатайгаар Монгол Улсын төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгөө боловсруулахад нь арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам, төлөвлөлт” сэдэвт сургалт семинарыг жил бүр зохион байгуулдаг.

2008 онд зохион байгуулсан анхны семинарын үр дүнд бүх яам, томоохон агентлагууд нийлсэн нийт 26 байгууллага авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байсан бол өнөөдрийн байдлаар 55 төрийн байгууллага энэ төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласны үр дүнд төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, түргэн шуурхай, чанартай хүргэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрч байна. Зөвхөн нэг жишээ хэлэхэд, Улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспорт болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бэлэн болсон даруйд тухайн иргэнд гар утсаар мэдээлэл явуулдаг болсноор хүнд суртал, чирэгдэл мэдэгдэхүйц багасчээ. Иргэдийн цагийг хэмнэсэн энэ арга хэмжээнд олон нийт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байна.

“Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хангах нь” сэдэвт гурав дахь удаагийн семинарыг яам, агентлагуудын удирдах албан тушаалтнууд, 21 аймгийн Засаг дарга нарыг оролцуулан 2010 оны 4 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулав. Гурав дахь удаагийн семинарт аймгуудын Засаг дарга нар оролцсон нь гол онцлог байлаа. Ийнхүү орон нутгийг татан оролцуулснаар авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтийг үнэлэх үйл ажиллагаа нь улсын хэмжээний арга хэмжээ болон өргөжиж буйн илрэл юм. Засаг дарга нар орон нутгийнхаа хэмжээнд авлигад өртөх эрсдэлийг хамтдаа тодорхойлон, авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулах, хяналтын зөв тогтолцоог бий болгох талаар ярилцав.

Семинарын хоёр дахь өдөр яам, агентлагуудын удирдах албан тушаалтнууд оролцсон бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээс дээрх 55 байгууллагын төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээг танилцуулан, төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах, бодитой ахиц дэвшил гаргаж ажиллах чиглэлээр зөвлөгөө зөвлөмж өгөв. Семинарт оролцогчид авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний явц, хэрэгжилтэд мониторинг хийх талаар хэлэлцэн Зөвлөмжийн төсөл боловсруулж, Ерөнхий сайд С.Батболдод танилцууллаа.

Авлигын эсрэг хуульд төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хүлээх нийтлэг үүргийг нь нэг бүрчлэн заасан байгаа. Тэгэхээр авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэдэг нь төрийн байгууллага, түүний албан хаагчдын хүсэл зоригтой шууд хамаатай юм. Монгол Улсын төрийн бүх байгууллага авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагаагаа нэр төртэйгээр хэрэгжүүлэх эсэх нь тухайн төрийн байгууллагын авлигатай тэмцэх хүсэл зоригийн илэрхийлэл хэмээн дүгнэж болно. Учир нь авлигаас урьдчилан сэргийлж ажиллах нь төрийн байгууллагуудад Авлигын эсрэг хуулиар хүлээлгэсэн үүрэг билээ.

Семинарыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг билээ.