Орон сууцны хахууль авсан Ө.Сүхбаатарт таван жилийн хорих ял оногдууллаа /2010.04.27/

A- A A+
Орон сууцны хахууль авсан Ө.Сүхбаатарт таван жилийн хорих ял оногдууллаа /2010.04.27/
Ө.Сүхбаатар нь Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженерийн албан тушаалыг хашин Барилга хүлээн авах техникийн комиссын даргаар ажиллаж байхдаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шүнди” компанийн захирал Ван Сэн Тоноос гурван өрөө байр хээл хахуульд авсан хэргийг 2009 оны дөрөвдүгээр сарын 16-нд Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2 – т заасан үндэслэлээр шалгаад, хээл хахуульд авсан гурван өрөө байрыг битүүмжлэн, хэргийг прокурорт шилжүүлээд байсан юм.

Уг хэргийг анхан шатны шүүх 2010 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шийдвэрлэжээ.

Баянгол дүүргийн шүүх Ө.Сүхбаатарыг хээл хахууль авсан гэм буруутайд тооцон таван жил жирийн дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан бол “Шүнди” компанийн захирал болох БНХАУ-ын иргэн Ван Сэн Тоныг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр гаргасан байна.