Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хамтарч ажиллана /2010.05.04/

A- A A+
Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хамтарч ажиллана /2010.05.04/
АТГ дарга Ч.Сангарагчаа АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Олон нийтийн зөвлөлийн дарга, МУИС-ийн багш Д.Сүхбаатар, гишүүн Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч Ж.Батзандан, нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, Эрх зүйн шинэтгэлийг дэмжих төвийн тэргүүн М.Ичинноров, судлаач Ж.Баярцэцэг, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Хуулийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга Ц.Энхцэнгэл, Ардчилал сангийн тэргүүн Г.Байгальмаа, МУИС-ийн багш Ш.Цогтоо, Зориг сан төрийн бус байгууллагын төслийн ажилтан Б.Гэрэлмаа, Ардчилал клубийн тэргүүн Т.Хасбаатар болон АТГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцож, санал солилцлоо.

Уулзалтад оролцогчид авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр санал нэгдлээ. Тухайлбал, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг батлуулах, Эрүүгийн хуульд хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой заалт нэмж тусгуулах, түүнчлэн төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах зэргээр авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр илүү идэвхтэй хамтран ажиллахаар ярилцаж, санал бодлоо солилцсон.

Уулзалтад оролцогчид авлигатай тэмцэх нэгэн зорилгоор цаашид ажиллахдаа өнгөрснөө биш ирээдүйгээ харж, улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө гар, сэтгэл нийлэн ажиллахаар санал нэгдлээ.