Авлигатай тэмцэх газар сургагч багш бэлтгэж байна /2011.11.28/

A- A A+
Авлигатай тэмцэх газар сургагч багш бэлтгэж байна /2011.11.28/
Авлигатай тэмцэх газар төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон иргэдийн төлөөлөл бүхий 20 хүнийг оролцуулсан “Сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгууллаа. Тус газар нь төрийн бус байгууллага, иргэдээс гарсан авлигатай тэмцэх санал, санаачилгыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр сургалтыг нээж хэлсэн үгэндээ авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах үйл ажиллагааг улс орны хэмжээнд тасралтгүй зохион байгуулах үйлсэд төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үүрэг оролцоо чухлыг тэмдэглэв.

Сургагч багшаар бэлтгэгдэж буй хүмүүст “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд нийгмийн бүлгүүдийн оролцоо”, “Хариуцлага, ил тод байдлыг хөхиүлэн дэмжих замаар авлигатай тэмцэх нь”, “Авлигатай тэмцэх: Олон улсын туршлага”, “Ёс зүй”, “Авлигын эсрэг үр дүнтэй сургалт, сурталчилгаа зохион байгуулах оролцооны арга”, “Ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь”, “Сургалтыг оролцогч төвтэй зохион байгуулах”, “Нийгмийн хариуцлага нь шударга ёсыг тогтоох арга хэрэгсэл болох нь” зэрэг сэдвээр хичээл зааж, дасгал жишээн дээр ажиллуулсан юм.

Дараагийн шатны сургалтыг ирэх онд үргэлжлүүлэх бөгөөд авлигын нийгмийн хор аюулыг тайлбарлан таниулах сургалтуудыг дээрх мэргэшсэн 20 хүн тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэх ажээ.