Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд ШУТИС-ийн Б.Жавхланбаяр тэргүүлжээ /2012.01.04/

A- A A+
Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд ШУТИС-ийн Б.Жавхланбаяр тэргүүлжээ /2012.01.04/
Авлигатай тэмцэх газар МУИС, Монгол Улсын Боловсролын их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Дотоод хэргийн их сургууль болон Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Оюутны холбоодтой хамтран “Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон бэхжүүлэх нь: Асуудал ба шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Хоёр үе шаттайгаар зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлийн шатанд 12 оюутан оролцож, авлигатай тэмцэх, шударга байдлыг дээшлүүлэх талаар тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлыг хөндсөн, сонгож авсан сэдвээрээ шинэлэг арга зүйг баримталсан судалгаа хийж, олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, өөрийн үнэлэлт дүгнэлтийг хийсэн, асуудлын шийдэл, бодлогын хувилбарыг санал болгосон илтгэл бичсэн бөгөөд эцсийн шалгаруулалтад ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Нисэх техникийн механикийн ангийн III дамжааны оюутан Б.Жавхланбаяр “Залуусын асуудал ба авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа” сэдэвт илтгэлээрээ шалгарч, тэргүүн байрын шагнал болох зөөврийн компьютерээр шагнуулав. Харин хоёрдугаар байрыг “Оролцооны гэрээ авлигаас урьдчилан сэргийлэх арга зам болох нь” сэдэвт илтгэлээрээ оролцсон “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн Эрх зүйн IV курсын оюутан Д.Очирдорж эзэлж, нэг жилийн сургалтын төлбөр гардсан юм. Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн эдийн засгийн III курсын оюутан Б.Ариунбилэг, Б.Мөнх-Эрдэнэ нар гуравдугаар байрт орсон бол Дотоод хэргийн их сургуулийн 134 дүгээр дамжааны дэд түрүүч Б.Баттуяа, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Банкны удирдлагын III курсын оюутан Ж.Анударь, Г.Чанцал нар тусгай байрын шагнал хүртсэн байна.



Авлигатай тэмцэх бүх нийтийн үйл хэрэгт оюутан залуучуудын санаа бодлыг тусгах, тэднийг татан оролцуулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэмжлэг үзүүлсэн ажээ.