“Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг зохион байгуулав /2012.10.08/

A- A A+
“Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг зохион байгуулав /2012.10.08/
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн талаар мэдээлэх, Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, бусад мэдүүлэг, мэдэгдлийг хэрхэн бөглөх талаар заавар зөвлөгөө өгөх, иргэдийн сонирхсон асуултад хариулах, өргөдөл, гомдол, мэдээлэл, санал хүсэлт хүлээн авах зорилгоор “Авлигын эсрэг хамтдаа” ээлжит арга хэмжээг өнөөдөр зохион байгуулав.



“Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Судалгаа шинжилгээний албаны ажилтнууд оролцож, хариуцсан чиг үүргийн талаар танилцуулан сурталчиллаа. Авлигыг үүсгэж буй шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажилтнууд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тандалт, ажиглалт хийсэн бөгөөд төрийн үйлчилгээнд оршиж буй нийтлэг алдаа дутагдал, зөрчлийг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар иргэдээс санал авав. Энэ оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжоор нийтийн албан тушаалтнуудад тогтоосон 12 төрлийн хориглолт, хязгаарлалтын талаар уг арга хэмжээнд оролцсон төрийн албан хаагчдад арга зүйн зөвлөгөө өгчээ. Түүнчлэн нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүсэн тухай мэдэгдэл, сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар заавар зөвлөгөө өгч, мэдүүлэг гаргагчдын сонирхсон асуултад хариулав.



Авлигатай тэмцэх газар twitter, facebook хуудас нээж, олон нийтийн мэдээллийн сүлжээнд идэвхтэй ажиллах болсноо “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээний үеэр зарлаж, танилцууллаа. Тус байгууллагын www.iaac.mn цахим хуудсын өнгө төрх өмнөхөөс өөрчлөгдөж, агуулга нь улам бүр шинэчлэгдсэн бөгөөд бусад төрийн байгууллагад үлгэр дуурайл болохуйцаар ажиллуулна гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.

“Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээний нээлтэд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатарын хэлсэн үг

Манай байгууллагаас зохион байгуулж буй Авлигын эсрэг хамтдаа ээлжит арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Нийгмийн бүхий л салбарт бугшиж буй авлигын хүрээг хумих, авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгэмд төлөвшүүлэхэд иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, хүүхэд, залуучууд, төр, хувийн хэвшлийн болон хэвлэл мэдээлийн байгууллага хамт олон та бүхний идэвхтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэн, уялдуулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.



Манай улс ардчилсан хөгжлийн замыг сонгон нийгмийн бүх хүрээнд шинэтгэл хийж эхэлсэн 1990-ээд оны дунд үеэс авлига гэдэг үзэгдэл олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Авлига бол товчхондоо хээл хахууль, шан харамжийн шинжтэй хууль бус үйлдлүүдийг хамарсан өргөн хүрээтэй ойлголт юм.

Улсын Их Хурлын 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог хангана. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлнэ” гэсэн нь дэлхий дахинд олон улсын анхаарлыг гойд татаж буй сөрөг үзэгдлүүдийн нэг нь авлига болоод байгааг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа бид тодорхой тусгаж өгсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нэгдсэн Үндэстний байгууллагын 67 дугаар чуулганд “Авлига бол харанхуйд өсөн үржих халдварт өвчний нян мэт олон нийтийн итгэлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг үргээн айлгаж, иргэдийн боломж бололцоог дээрэмдэн тонож, улс үндэстний маань амин чухал дархлаанд халдаж байна. Бид харанхуйг гэрэлтүүлж, энэ өвчний эсрэг эрчимтэй довтолж, таслан зогсоох ёстой” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдсэн байна.

Өнөөгийн шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “төрд бугшсан авлига, хээл хахуулийг устгаж, түмэндээ шударга ёсыг авчрах” гэсэн зорилтыг дэвшүүлэхдээ “Авлига байгаа газар шударга ёс байхгүй. Авлигыг бид хувь хүнээс гадна аргагүй байдалд хүргэж буй тогтолцооноос ч хайх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

Монгол хэлний тайлбар толь бичигт “авлига” гэдэг үгийг “ёсон бусаар шунаж авсан эд юм, “авлигалах” гэдгийг эдэд шунах, ёсон бусаар юмыг олзолж авах, хээл хахуул авах, “авлигач” гэдгийг авлигаддаг хүн хэмээн тайлбарласан нь Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг авлига гэнэ гэсэн тодорхойлолттой утга, агуулга, үзэл баримтлалын хувьд яв цав таарч байна.

Авлигын үйлдлийг өнгөн талаас нь харах буюу авлигын гэмт хэрэгт холбогдогчид хэнд ч хохирол учраагүй, учруулаагүй гэж үздэг ч түүний хор холбогдлыг нарийвчлан судалж үзэхэд нийгмийн амьдралын бараг бүх хүрээг хамарсан, улс, үндэстний үндэсний язгуур ашиг сонирхлыг сульдаан доройтуулах ихээхэн сөрөг үр нөлөөтэй тул дэлхийн улс орон бүхэн авлигын хар мөрийг арилгахын төлөө бидний нэгэн адил багагүй хүч, хөрөнгө, цаг хугацаа зарцуулан, сорилт, эрсдэл бэрхшээл бүхнийг туулан тэмцэж байна.

Иймд авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлига үүсэх, тархах нөхцөлийг арилгаж, шударга бус, ёс зүйгүй байдлыг таслан зогсоох чиглэлээр хийгдэх ажлыг уламжлал болгон салбар бүрт шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд та бүхнийг чин сэтгэлээсээ дэмжиж өөрсдийн салбарт хэрэгжүүлж болох санал, зөвлөмжөө өгч хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь авлига оршин байгаа цагт улс хөгжихгүй, ядуурал буурахгүй, амьдрал сайжрахгүй гэсэн бидний дүгнэлттэй санал нийлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Авлигын эсрэг хамтдаа ээлжит арга хэмжээ албан ёсоор нээснийг мэдэгдье.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.