Сурагчдаас хандив цуглуулсан багшид арга хэмжээ авчээ /2012.10.18/

A- A A+
Сурагчдаас хандив цуглуулсан багшид арга хэмжээ авчээ /2012.10.18/
Нийслэлийн Баянгол дүүргийн герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар сургуулийн математикийн багш Л.Мижигмаа нь сурагчдаас хандив авч байгаа тухай иргэдээс Авлигатай тэмцэх газарт гомдол ирүүлжээ.

Авлигатай тэмцэх газар уг гомдлын мөрөөр ажиллаж, багш Л.Мижигмаа нь хууль бусаар хандив цуглуулсны зэрэгцээ хөндлөнгийн хяналтгүй зарцуулж байсныг тогтоов. Авлигатай тэмцэх газраас гарсан зөрчлийг арилгуулах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох, дахин ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллахыг хүссэн албан бичгийг нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад илгээсэн байна. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хариу албан бичигт 38 дугаар сургуулийн багш Л.Мижигмаад сануулах арга хэмжээ авсан бөгөөд нийт дүүргийн хэмжээнд дахин ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллаж буйгаа мөн дурдсан байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтэд Авлигатай тэмцэх газар хяналт тавин ажиллаж буй бөгөөд бүх шатны сургууль, цэцэрлэгт суралцагчдаас хууль бус хандив цуглуулах, үндэслэлгүй төлбөр авсан талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хяналт шалгалтын ажил явуулж байна. Тиймээс цаашид сургууль, цэцэрлэгүүд хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй байхыг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна.